Дэлхий дахинд
Талибууд эмнэлэгт халдаж эмчийг зоджээ
Афганистаны засгийн эрхийг аваад байгаа талибан хөдөлгөөнийхөн Панжшер мужид эрүүл мэндийн төвд халдан орж эмч нарыг нь зодсон хэрэг гарлаа хэмээн “8 Собх” сонинд бичжээ. Эх сурвалжийн хэлснээр бол энэ хэрэг Панжшер мужийн Шотул гацаанд зургадугаар сарын 6-нд болсон байна.
Талибууд зөвхөн эмч ажилтнуудыг зодоод зогссонгүй бүхий л эм бэлдмэлийг асгаж устгаад, эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг нь эвдэлж сүйтгэсэн гэж хэвлэлийн эх сурвалж хэлжээ.
Эрх баригч талибууд яагаад ийм үйлдэл гаргасан нь тодорхойгүй байна. Үүний өмнө талибууд мөн энэ Панжшер мужид вакцинжуулах төвийн ажилтныг зодож, дархлаажуулах ажлыг зогсоохыг шаардаж байсан юм.
Мөн Саманган мужийн Дарайе-Суфе-Полйон сууринд талибууд 30 настай эмэгтэйг хүүхдүүдийнх нь нүдэн дээр буудан хөнөөсөн хэрэг гарсан талаар хэвлэлүүд мэдээлж байна. “8 Собх” хэвлэлийн эх сурвалжийн хэлснээр бол Шариф гэдэг энэ эмэгтэйн нөхөр нь Иранд байдаг учраас эмэгтэйг өөр эртэй холбоотой хэмээн буруутгаж ийн цээрлүүлсэн гэнэ. Одоо түүний 11 настай хүү, есөн настай охин үлджээ. Шарифын төрөл төрөгсөд энэ буруутгалыг няцааж байгаа юм байна.