Дэлхий дахинд
Японы Засгийн газар 2015 оноос хойш анх удаа эрчим хүч хэмнэхийг уриаллаа
Японы Засгийн газар энэ зун эрчим хүчийг хэмнэх ямар нэгэн тодорхой зорилго тавихгүй ч томоохон компаниудын хувьд эрчим хүчний хязгаарлалт хийхээ бас үгүйсгээгүй байна. Харин ирэх өвөл эрчим хүчний хомсдол үүсч болох магадлалтай учраас улс орон даяар ард иргэд энэ зун эрчим хүчээ аль болох хэмнэх хэрэгтэйг анхааруулж байгаагаа Токиод болсон хэвлэлийн бага хурал дээр Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Коити Хагиуда мэдээлжээ.
“Энэ зун Токио, Тохоку, Тюбу гэсэн гурван бүсэд эрчим хүчний эрэлт 3.1 хувь хүртэл буурах хандлага байна. Харин бидний үзэж байгаагаар ирэх өвөл энэ үзүүлэлт эсрэгээрээ гарна. Ийм болохоор бид улс орон даяар эрчим хүчээ хэмнэхийг уриалж байгаа юм” гэж сайд хэлжээ.
“Фукусима-1” атомын цахилгаан станцад 2011 онд осол гарсны дараа Японд эрчим хүчний дэглэм тогтоож, энэ нь 2015 он хүртэл үргэлжилсэн юм.
Японы эрчим хүчний компаниуд хэрэглэгчдээ шаардлагатай хэрэгцээгээр хангахын тулд нийт эрэлтийн гурван хувьтай тэнцэх нөөцтэй байх шаардлагатай. Ганцхан ирэх өвөл зарим компани энэ хэмжээнд хүрэхгүй байж магадгүй байна. Tokyo Electric Power компанид гэхэд л энэ үзүүлэлт хасах 0.6 хувьтай байгаа нь цахилгаан эрчим хүч тасалдаж магадгүйг харуулж байна.
Nikkei сонинд бичсэнээр бол хүйтэн өвөл болбол улс орон даяар 3.5 сая кВт эрчим хүч дутагдаж магадгүй гэжээ.