Дэлхий дахинд
ОХУ-ын Благовещенск хотыг Хятадын Хэйхэ хоттой холбосон гүүр өчигдөр /2022.06.10/ нээлтээ хийлээ
Орос, Хятад хоёр Бээжингийн өвлийн олимпийн наадмын үеэр хязгааргүй түншлэлээ зарласан. Энэ үед хоёр орны худалдааг улам ойртуулна гэж мэдэгдэж байв. Тэгвэл энэ амлалтын биелэл болж, ОХУ-ын Благовещенск хотыг Хятадын Хэйхэ хоттой холбосон гүүр өчигдөр /2022.06.10/ нээлтээ хийлээ.
Уг гүүр нь Амар мөрний дээгүүр үргэлжилж, хоёр улсыг холбожээ. Гүүрний урт нь ердөө нэг км бөгөөд 342 сая ам.долларын өртөгөөр бүтсэн гэж Риа агентлаг мэдээлэв.
“Өнөөгийн хоёр хуваагдсан ертөнцөд Орос, Хятад хоёрыг холбосон энэ гүүр онцгой бэлгэдлийн утга агуулж байна” гэж Кремлийн Алс Дорнод дахь төлөөлөгч Юрий Трутнев хэлжээ. Түүнчлэн уг гүүр нь хоёр талын худалдааны жилийн эргэлтийг нэг сая гаруй тонн хүргэхэд туслана гэдгийг онцоллоо.
Гүүрний бүтээн байгуулалтын ажил 2016 оноос эхэлж, 2020 оны тавдугаар сард дууссан. Гэвч хил дамнасан Covid-19-ийн хязгаарлалтын улмаас нээлтээ хойшлуулаад байжээ.
“BTS-MOST” нэртэй компани гүүрийг барьсан. Тус компаниас мэдээлснээр, энэ гүүрээр ачаа тээвэрлэх нь Хятадын бараа бүтээгдэхүүн Оросын баруун хэсэгт хүрэх замыг 1500 км богиносгож байгаа аж. Гүүрээр дамжин өнгөрөх тээврийн хэрэгсэл 150 ам.долларын төлбөр төлнө. Энэхүү замын хураамж нь барилгын ажлын зардлыг нөхнө гэж үзэж байна.
Орос улс 2024 он гэхэд Хятадтай хийх худалдаагаа 200 тэрбум ам.долларт хүргэнэ гэж зорьжээ. Хятад бол Оросын байгалийн баялаг, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний томоохон худалдан авагч юм.