Дэлхий дахинд
Украины армийн хохирлыг АНУ үнэллээ
Оросын түрэмгийлэлд өртөөд байгаа украины арми өдөр тутам 100 гаруй хүнээ алуулж, 100-300 хүн нь шархдаж байна гэж Киевт цэргийн тусламж үзүүлэх хамтын бүлгийн гурав дахь хуралдааны дүнгийн талаар ярихдаа АНУ-ын Зэвсэгт хүчний Штабын дарга нарын хорооны тэргүүн Марк Милли мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжуулсан байна.
“Украин хоногт 100 гаруй хүнээ алдаж, 100-300 хүн нь шархдаж байгаа тухай мэдээллийг бид хэвлэл мэдээллийн хэрэгслээс харж байна. Энэ бол бидний тооцоолсон үнэлгээтэй ойролцоо байгааг онцлон тэмдэглэе” гэж Милли хэлээд Пентагоны гаргаж байгаа баримтыг задруулахыг хүсэхгүй байна гэжээ.
Марк Милли бас байлдааны ажиллагааны явцад амь үрэгдсэн хүмүүсийн тоог гаргах “ямагт хэцүү” байдаг, гаргасан тоо баримт нь яг бодитой биш байдаг гэжээ. “Амь үрэгдсэн хүний тоог гаргахад сар, заримдаа бүтэн жил шаардлагатай байдаг” гэжээ.
Оросын цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш Украины ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Алексей Арестович энэ зургадугаар сарын 11-нд анх удаагаа Украины зэвсэгт хүчний хохирлын тоог ил тод мэдээлсэн юм. Түүнийхээр бол зэвсэгт мөргөлдөөний эхээр хоногт дунджаар 100 хүн амиа алдаж байсан гэнэ. Оросын түрэмгийлэл эхэлснээс хойш украины зэвсэгт хүчин ойролцоогоор 10 мянган цэргээ алуулаад байгаа гэж тэр хэлсэн байна.