Дэлхий дахинд
Оростой хийх хэлэлцээрт Украины байр суурь сул байгааг Арахамия хүлээн зөвшөөрлөө
Орос-Украины энхийн хэлэлцээрт Киевийн төлөөлөгчдийг тэргүүлж байгаа Давид Арахамия Вашингтонд айлчлал хийж байх үеэрээ энэ хэлэлцээрт Украины байр суурь сулраад байгааг хүлээн зөвшөөрч “бараг үндсэндээ царцаад байна” гээд талууд долоо хоногт нэг хоёр удаа л онлайнаар уулзаж байгаа гэжээ.
“Хэлэлцээрт манай байр суурь үнэхээр хангалттай суларсан. Тийм болохоор бид ч ийм байдлаар хэлэлцээрийн ширээнд суухыг хүсэхгүй байна. Бидний хувьд ямар нэг аргаар нөхцөл байдлыг эргүүлэх хэрэгтэй байна” гэж Арахамиягийн хэлснийг америкийн Axios сайт иш татсан байна.
Тэр бас хоёр улсын хоорондох энхийн хэлэлцээр бараг царцаад байгаа ч ОХУ, Украины төлөөлөгчид “долоо хоногт нэгээс хоёр удаа утсаар холбогдож ярьж байгаа” гэжээ.
Мөн Москвад ч, Киевт ч “одоо шууд хэлэлцээр хийх боломж байхгүй” гэж Арахамия хэлсэн байна.
ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн тэргүүн Николай Патрушев АНУ, Британи болон НАТО-гийн бусад орнууд Киевийг зэвсгээр хангаж нацистуудыг дэмжиж байгаа нь орос-украины яриа хэлэлцээрийг зогсооход хүргээд байна гэж үүний өмнө хэлж байсан юм. ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков ч бас энхийн хэлэлцээрийг тасалдуулсан бүхий л хариуцлагыг Киев болоод тэдний “өрнөдийн зааварлагч” нар хүлээх ёстой гэж мэдэгдэж байна.