Дэлхий дахинд
Прагад ачаалал хэтэрснээс Украины дүрвэгсдийг хүлээн авах төвөө хаалаа
Украины дүрвэгсэд олноороо ирж байгаа болохоор тэднийг хүлээн авах байр хүрэлцээгүй болж цаашид дүрвэгч хүлээн авах боломжгүй боллоо гэж Чехийн нийслэл Прага хотын дарга Зденек Гржиб өнгөрөгч мягмар гарагт мэдээллээ. “Дүрвэгч хүлээн авах төв лхагва гаргаас эхлэн ажлаа зогсоож байна. Засгийн газар дүрвэгсдийн урсгалыг зохицуулан бусад хот, хязгааруудад илгээх байх гэж бид найдаж байна” гэж Гржиб ярьжээ.
Чехийн Дотоод хэргийн яамны мэдээлснээр бол оросын түрэмгийлэл эхэлсэн хоёрдугаар сарын 24-нөөс хойш тус улсад 370 орчим мянган дүрвэгч украинаас ирсний 53.6 мянган хүнийг Прага хот хүлээн авчээ. Чехийн 11 хязгаар тус бүр 10-21 мянган хүн хүлээн авсан бол Пльзень, Өмнөд-Морав мужууд 27-36 мянган дүрвэгч хүлээн авчээ.
Гржибийн хэлснээр бол засгийн газар урьдчилан анхааруулаагүйгээс Прагад хүлээн авах байр хүрэлцээгүй болж цаашид дүрвэгсдийг нэмж хүлээн авах боломжгүй болж байгаа гэнэ. Гржиб үүний өмнө дүрвэгсдийг хот хязгаар мужуудад ижил тоогоор хуваарилан илгээх хэрэгтэй гэж хэлж байсан юм.
Нийслэл Прага, хязгааруудад Украинаас ирж байгаа дүрвэгсэд нэг жилийн хугацаатай амьдарч, нийгэм, эмнэлгийн тусламж авч хүүхдээ сургууль суралцуулах эрхтэй болж байгаа юм. Өнөөдрийн байдлаар дүрвэгсдээс ажил олж хийж байгаа хүн 70 мянга болоод байна гэж Чехийн Хөдөлмөрийн яам мэдээлжээ.