Дэлхий дахинд
Оросууд украины 50 генерал офицерыг устгалаа
Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулж байгаа оросын тэнгисийн цэргийн флот энэ сарын 19-ний өдөр “Калибр” пуужингаар оновчтой цохилт өгч украины армийн 50 гаруй генерал, офицерыг устгалаа гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам ням гарагт мэдээллээ. Пуужингийн цохилтыг Днепропетровск мужийн Широкая Дача суурингийн район дахь украины зэвсэгт хүчний удирдлагын төв рүү хийсэн байна.
Энэ удирдлагын төвд украины армийн “Александрия” бүлэглэлийн удирдлагууд оператив-стратегийн зөвлөгөөн хийж байсан гэж оросын яам мэдээлсэн байна.
Мөн оросын дайчид “Калибр” пуужингийн цохилтоор Николаев хотын трансформаторын заводын нутаг дэвсгэрт байсан украины зэвсэгт хүчний М777 их буу 10, өрнөдийн орнуудаас украинд нийлүүлсэн хуягт машин 20 орчмыг устгасан гэж Оросын Батлан хамгаалах яамны мэдээлэлд дурджээ.
Харьковын танк засварын газар луу хийсэн “Искандер” пуужингийн цохилтоор шуурган галын тийрэлтэт “Ураган” системийн хоёр суурийг жагсаалаас гаргасан байна. Харин оросын оператив тактикийн болон армийн нисэх хүчин энэ өдөр украины армийн зэвсэг, галт хэрэгслийн дөрвөн агуулах, агаараас эсэргүүцэн хамгаалах “Бук-М1” комплексийг жагсаалаас гаргажээ.
Нинсэх хүчин бас энэ нэг хоногт украины армийн амьд хүч, техник ачсан төмөр замын цувааг бөмбөгдөж зэвсэгт хүчний 100 хүн, 30 танк, хуягт машиныг устгалаа гэж Батлан хамгаалах яам мэдээлжээ.
Оросын цэрэг Украинд цөмрөн орж тусгай ажиллагаа явуулж эхэлснээс хойшхи дөрвөн сарын хугацаанд украины армийн 207 нисэх онгоц, 132 нисдэг тэрэг, 1249 нисгэгчгүй аппарат, зенит пуужингийн 344 комплекс, 3683 танк, хуягт машин, шуурган галын тийрэлтэт систем, хээрийн их буу, миномёт 2043, цэргийн тусгай машин 3715-ыг устгаад байна гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдээлсэн байна.
Северодонецкийн чиглэлд болж байгаа ширүүн тулалдааны явцад хот орчмын Метелкино сууринг эзэлж хяналтдаа авлаа гэж Цэргийн тусгай ажиллагаанд ороцож байгаа Чеченийн ерөнхийлөгч Рамзан Кадыров мэдээлээд энд украины армийн зургаан салбар хориглож байсан гэжээ.
Украины Северодонецк хотод химийн “Азот” үйлдвэрт хориглож байгаа украины зэвсэгт хүчний дайчдыг оросын болон Донецкийн ардын бүгд найрамдах улсын цэргүүд бүслээд хэлэлцээр хийхэд бэлтгэж байгаа ч украины тал бууж өгөхгүй эсэргүүцсээр байна гэж мэдээлж байна.
Украины цэргүүд ням гарагт мөн л Донецкийн бүгд найрамдах улсын суурингуудыг буудаж Кировын райн дахь Ясиновын кокс химийн заводыг дайрсаар байгаа юм байна.