Дэлхий дахинд
Украинд “оросыг үзэн ядах” үзэл өсөн нэмэгдэж байна
Украинд оросыг үзэн ядах үзэл өсөн нэмэгдэж, Одесс хотод Пушкины гудамжны нэрийг өөрчлөх гэсэн санал санаачилга гарч байгаа талаар тус хотын захирагч Геннадий Труханов мэдэгдлээ гэж New York Times сонинд бичсэн байна.
“Одесс бол Украины олон соёлын нийслэл хот. Одоо харин оросыг бүхэлд нь үзэн ядах явдал өсөн нэмэгдэж байгаад сэтгэл түгшиж байна” гэж Труханов хэлжээ.
Одоо хотын иргэд Пушкины гудамжны нэрийг өөрчлөхөөр санал санаачилга гаргах болсныг хотын дарга өөрөө бол дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Өнгөрсөн долоо хоногийн эхээр Одесс хотын захиргаа Оростой холбоотой гудамж талбайн нэрийг өөрчлөхөөр төлөвлөж байгаагаа зарласан. Үүнд Новомосковскийн, Бородины, Курскийн, Воронежийн, Чапаевын гудамжнуудын нэрийг өөрчлөх юм байна.
Эдгээр нэрийг солих шинэ нэрийн дотор Мариуполийн баатрууд, Их Британийн талбай зэрэг орж байгаа гэнэ. Ер нь Украинд оростой холбоотой нэрсийг өөрчлөх тухай хууль бүр 2015 оны тавдугаар сараас хүчин төгөлдөр болсон юм. Гэхдээ орос нэрийг өөрчлөх энэ удаагийн давалгаа нь энэ хуультай холбоогүй. Ердөө л Москва цэргийн тусгай ажиллагаа нэрийн дор Украины нутагт цэргээ оруулан хот тосгодыг бөмбөгдөж, их буу, пуужингаар буудаж байгаатай холбоотой.
Украины парламент Дээд Рада украины олон нийтийн газар, хэвлэлүүдээр орос хөгжим явуулахыг хориглох тухай санал хураалаа гэж парламентын гишүүн Ярослав Железняк мэдээлжээ. Мөн Орос, Белоруссын ном, хэвлэлийн бүтээгдхүүнийг оруулж ирэх, түгээхийг хориглохоор санал хураасан байна. Улмаар ОХУ-тай шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагаагаа зогсоох, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн хэлэлцээрээс гарах тухай асуудал ч яригдаж байгаа юм байна.
Оросын түрэмгийллийн улмаас украины зургаан сая орчим энгийн иргэн европын улс орнуудад дүрвэн гарсан бол байлдааны ажиллагаа, оросын цэргийн буудлага галаас зайлан найман сая орчим хүн улс орон дотроо нүүдэллэн аюулгүй газар шилжээд байгаа юм.
Харин ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров киевийн эрх баригчид олон жилийн туршид оросын эсрэг дайсагнасан бодлого баримталж оросын гэсэн бүхнийг үгүй хийх гэж байна гэж буруутгаад бидний хувьд Украинтай нөхөрсөг харилцаатай байж, орос хэл, оросын соёлыг гадуурхахгүй байгаасай гэж хүсч байна хэмээн мэдэгджээ.