Дэлхий дахинд
Оросын банкууд оны эхнээс 600 гаруй салбараа хаажээ
Оросын Сбербанк өнгөрсөн тавдугаар сард өөрийн 70 салбараа хаасан бол бусад банкууд 67 салбараа хаажээ. Шинжээчдийн үзэж байгаагаар бол үүнээс үүдээд банкны 100 мянга орчим ажилтан ажлын байраа алдсан байна.
Ер нь Сбербанк гэхэд л энэ 2022 оны эхнээс зургадугаар сарын эх хүртэл 159 салбараа хаасан байхад бусад банкууд 511 салбарынхаа хаалгыг бариад байна гэж Төв банкны мэдээллээс иш татан “Коммерсант” хэвлэлд бичжээ. Зуны эх гэхэд оросын бүх банкны салбар орон даяар 25.2 мянга байсны 13.1 мянга нь Сбербанкны салбар байжээ.
Аль хязгаар, бүс нутгийн салбаруудаа хаасан талаар Сбербанк тайлбарлаагүй байна. Сбербанкны мэдээлж байгаагаар бол эдний үйлчлүүлэгч 100 сая хүний ихэнх нь мобилбанкаар үйлчлүүлдэг гэнэ. Үүний зэрэгцээ Сбербанк мобил менежер, тоон салбар, төлбөрийн үйлчилгээ үзүүлэх бичил салбар, төлбөрийн төлөөлөгч ажиллуулдаг болсон байна.
Гэхдээ банк хязгаар нутгуудад салбараа хаасан нь үйлчлүүлэгчдэд асуудал үүсгэнэ гэж хэвлэлд бичжээ. Гэсэн ч банкныхан хадгаламжийн хугацаа нь дууссан хүмүүс АТМ-ийн сүлжээг ашиглан мөнгөө авах, шилжүүлэх боломжтой гэж байна.
Банкныхан ийм дэвшил, өөдрөгөөр тайлбарлаж байгаа ч энэ салбарт ажиллаж байсан 100 мянга орчим ажилтан ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж байна гэж хараат бус шинжээч Андрей Бархота үзэж байна.