Дэлхий дахинд
Тайванийг цэргийн аргаар эргүүлж авахад бэлэн байгаагаа Хятад мэдэгдлээ
Цэргийн ажиллагааны замаар Тайваньд хяналтаа тогтооход бэлэн байгаагаа Франц улсад суугаа БНХАУ-ын Элчин сайд Лу Шае зургадугаар сарын 23-нд Livre Noir хэвлэлд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна. “Бид Тайванийг бүхий л аргаар, үүн дотор цэргийн хүчээр авах болно” гэж хятадын дипломат мэдэгджээ. Лу Шае бас БНХАУ Тайванийн арлыг тусгаар тогтоносон газар нутаг гэж үздэггүй гэдгээ онцлон тэмдэглэсэн байна.
Америкийн цэргийн P-8A онгоц Тайванийн хоолойн дээгүүр нисч өнгөрснийг Хятад улс эсэргүүцэж байгаагаа тавдугаар сарын 25-нд илэрхийлж байсан юм. АНУ-ын энэ үйлдэл нь бүс нутгийн тогтвортой байдал, энхтайванд хортой нөлөө үзүүлж байна хэмээн Хятадын Ардын чөлөөлөх армийн Дорнод бүсийн командлагч Ши И мэдэгдсэн.
Үүний өмнө Хятадын Ардын чөлөөлөх армийн цэргийн 29 онгоц Тайванийн агаараас эсэргүүцэн хамгаалах хэрэгслийн ажиглалтын бүсэд нэвтрэн орлоо гэж мэдээлсэн. Энэ ажиллагаанд Хятадын ардын чөлөөлөх армийн сөнөөгч онгоцууд, стратегийн бөмбөгдөгч, хөлөг онгоц эсэргүүцэх онгоцууд болон агаарын бусад хөлгүүд оролцсон гэж Тайванийн батлан хамгаалах хүчин мэдээлсэн юм.
Тайванийн асуудалд АНУ хөндлөнгөөс оролцож, арлынханд цэргийн дэмжлэг үзүүлэхээ зогсоохыг БНХАУ-ын Батлан хамгаалах яамны ажилтан Тан Кефей зургадугаар сарын 10-нд уриалж байлаа.
Харин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдан “Хятадын зүгээс ямар нэг байдлаар Тайваньд довтолсон тохиолдолд” арлын хамгаалахад АНУ цэргийн хүчээр оролцоход бэлэн байна гэж тавдугаар сарын 23-нд мэдэгдсэн. Түүнийхээр бол Тайванийн “статус-кво нэг талаас өөрчлөгдөөгүй болохоор” Тайванийн хоолойн аюулгүй байдлыг дэмжихээ АНУ үргэлжлүүүлэх гэнэ. Цагаан ордны хожим нь тайлбарласнаар бол Жо Байданы энэ үг нь зэвсэг нийлүүлэх гэсэн үг гэнэ.
Тайванийн арал, Хятадын засгийн газрын харилцаа 1949 онд Чан Кайши тэргүүтэй Гоминьдан намынхан Хятадын Коммунист намтай иргэний дайн хийж Тайванийн арал руу зугтан гарснаас муудаж эхэлсэн юм. Эх газрын Хятад, Тайванийн арлын харилцаа 1980-аад оны сүүлчээс арай сэргэсэн гэж болно. Тайванийн засгийн газрыг АНУ ил цагаан дэмжиж, америкийн цэргийн хөлөг онгоцууд Тайванийн хоолойд байнга орж ирдэг юм.