Дэлхий дахинд
Катынь дахь цогцолбороос Польшийн далбааг авсныг Польш улс эсэргүүцэв
Катынь дахь польшийн офицеруудын оршуулгын газар дахь дурсгалын цогцолбор дээрээс польшийн далбааг авснаа оросын эрх баригчид тайлбарлах ёстой гэж Польшийн консул шаардсан хэмээн Гадаад хэргийн дэд сайд Марчин Пшидач мэдээлсэн байна.
“Польшийн консул Катынь дахь оршуулгын газар дээр очиж цогцолбор дээрээс польшийн далбаан авсныг баталсан” гэж Польшийн Гадаад хэргийн дэд сайд “Польское радио 24” радиод ярилцлага өгөх үеэрээ хэлжээ. Түүнийхээр бол консул Оросын эрх баригчдад хандаж “энэ үйлдлээ тайлбарлах”-ыг шаардсан гэнэ.
ОХУ-ын Смоленск мужийн Катынь дахь дурсгалын цогцолбор дээр байсан Польшийн далбааг зургадугаар сарын 24-ны баасан гарагт буулгасан юм байна. ОХУ-ын Орчин үеийн музейн захирал, Оросын оюуны өвийг хамгаалах, соёл түүхийн хөгжлийн асуудлаарх олон нийтийн танхимын комиссын гишүүн Ирина Великанова үүнийгээ Польшийн талаас ОХУ-ын талаар дайсагнасан бодлого явуулж байгаагаас үүдэн далбааг нь буулгасан гэж тайлбарлажээ.
“Варшав ч зөвлөлтийн дайччын хөшөөг буулгаж, Украины шинэ нацистуудын дэглэмийг дэмжиж, Украины зэвсэгт хүчинд зэвсэг нийлүүлж “оросын дипломатуудад бүдүүлэг хандан, оросын осёл, нийт оросуудыг үл хүндэтгэж байна” гэж Великанова байр сууриа тайлбарлажээ.
Орчин үеийн оросын түүхийн музейн захирлын хэлснээр бол ОХУ, Польш хоёр улс 1994 онд Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурж “Катынь”, “Медное” дахь дурсгалын цогцолборт төрийн далбаа мандуулж байхаар шийдвэрлэсэн байна. Ийм болохоор польшийн төрийн далбааг буулгах хуульзүйн үндэслэл байхгүй гэнэ.
Улстөрийн хэлмэгдэлд өртөж цаазлуулсан польшийн офицеруудын дурсгалын цогцолбор Катыны ойд байдаг юм. Энд Зөвлөлт холбоот улс Германтай эвсэн Польшийг хуваан эзэлснийхээ дараа Дотоод хэргийн ардын комиссарын газар польшийн цэргийн олзлогдогч 4.4 мянган офицерыг нэг бүрчлэн буудан хороосон бол сталины хэлмэгдлийн золиос болсон 6.5 мянган хүний цогцосыг оршуулсан юм.
Оросууд 1940 оны тавдугаар сард польшийн нийт 21 857 офицерыг буудан хөнөөсний 4,4 мянгынх нь цогцос л Катынын ойд байдаг юм