Дэлхий дахинд
Украины Элчин сайд Бандерыг “Эрх чөлөөний төлөө тэмцэгч” гэв
Украинаас ХБНГУ-д суугаа Элчин сайд Андрей Мельник нацизмыг алдаршуулахыг хуулиар хориглодог германы сэтгүүлчид ярилцлага өгөхдөө дэлхийн хоёрдугаар дайны үед дээрэмчин гэж нэрлэгдэж байсан үндэсний үзэлтэн Степан Бандерыг “эрх чөлөөний төлөө тэмцэгч” гэж нэрлэсэн байна. “Би түүний шарил дээр очсон. Яагаад гэвэл украины маш олон хүн түүнийг эрх чөлөөний төлөө тэмцэгч гэж нэрлэдэг. Эрх чөлөөний төлөө тэмцэгч бол ямар ч хуульд захирагддаггүй. Робин Гудыг бид мэднэ, тэр бас л хуулийн дагуу ажиллаж байгаагүй” гэж Мельник германы блогч, сэтгүүлч Тило Юнгад лхагва гарагт ярьсныг YouTube-ээр шууд дамжуулсан байна.
Мельникийнхээр бол Бандер нь гитлерийн Германтай ямар ч холбоогүй байсан, харин дэлхийн хоёрдугаар дайны үед украины үндэсний үзэлтнүүд польшийн энгийн иргэдийг Волын, Галицид бөөнөөр нь устгасан хэргийг польшууд улстөржүүлэн “маш их аллага, зэрлэг явдал” гарсан гэдэг гэнэ.
Степан Бандер нь “Украины үндэсний үзэлтнүүдийн байгууллагын” тэргүүн, энэ байгууллагын тулаанч жигүүр “Украины босогчдын арми”-ийг 1942 онд үндэслэгч бөгөөд Украины тусгаар тогтнолын төлөө тэмцэгч юм. Энэ арми Баруун украинд байрлан зөвлөлтийн улаан армийн эсрэг байлдаж, германчуудтай хамтарч байсан юм.