Улс төр
Д.Жигжиднямаатай холбоотой баримт-2

Өмнө нь манай сайт “УБТЗ-ийн Д.Жигжиднямаатай холбоотой баримт-1” нийтлэлийг хүргэсэн ингээд үргэлжлэлийг хүргэж байна.
-770 мянган ам.доллар зувчуулсан байж болзошгүй гэгдэх Д.Жигжиднямаа та 111.4 тэрбум төгрөгийг яаснаа “Шилэн данс”-ндаа тайлагна!-
Төр, түмний хөрөнгийг захиран зарцуулах эрхийг албан тушаалын хүрээнд гартаа атгасан нөхдүүдийг бүхий л зардал мөнгөө ШИЛЭН байдлаар тайлагнаж, мэдүүлж байх үүргийг Шилэн дансны тухай хуульд заасан билээ. Экс Ерөнхийлөгчийн санаачлан, батлуулсан энэ хууль бүрэн дүүрэн хэрэгжиж чадвал, төрөөс төрдөг, үндэслэлгүйгээр хөрөнгөждөг тэрбумтнуудын даварсан үйлдлийг хазаарлах боломжтой юм. Гагцхүү хуулийг хэрэгжүүлэх ёстой нөхдүүд хэлбэр төдий маягаар хуулийг хэрэгжүүлсэн нэр зүүж байгаа нь бодит үнэн юм. Зүй нь үйл ажиллагаагаараа хэчнээн төгрөг олов? Хэд хэчнээн төгрөгийг юу юунд зарцуулав? Зарцуулсны цаана хэдий хэмжээний мөнгө үлдэв? гэдгийг нарийн тооцсон тайланг байгууллагынхаа албан сайтны “Шилэн данс” гэх хэсэгт тов тодорхой байршуулах учиртай. Гэтэл манай төр засгийн байгууллагууд тэгж ил тод тайлагнадаггүй. Тухайлбал,” Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн албан сайт руу орж “Шилэн данс”-ны тайланг нь харахад ойлгомжгүй байгаа юм. Тиймээс чухам яагаад бүрэн дүүрэн тайлан байхгүй байна вэ гэдгийг тус байгууллагын дарга Д.Жигжиднямаагаас асуух ёстой болж байна.
Уг нь ”Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн өмнөх дарга Л.Пүрэвбаатар тус байгууллагын удирдлагаар очихдоо хасах данстай хүлээж аваад, 111.4 тэрбум төгрөг дансандаа үлдээж өгсөн байдаг. Д.Жигжиднямаа гэж хүнд ажлаа хүлээлгэж өгөхдөө байгууллагынхаа дансанд 111.4 тэрбум төгрөг үлдээж өгсөн баримтыг уншигч та харж байна. Харин Д.Жигжиднямаа гэж хүн байгууллагыг удирдсан өнгөрсөн жил гаруйн хугацаанд тэрхүү 111.4 тэрбум төгрөгийг хэрхэн яаж зарцуулснаа, одоо дансанд нь хэчнээн төгрөг байгаа эсэхийг тайлагнахгүй байгаа юм.
Тиймээс Д.Жигжиднямаа даргаас 111.4 тэрбум төгрөг хаачсан бэ? Байгаа бол тэрийгээ тодорхой тайлагнаач гэж шаардаж байна.
Мөн салбарын яамны дэд сайд Б.Цогтгэрэл гэж хүнд ч энэ шаардлагыг тавих нь зүйтэй болов уу. Учир нь тэрээр “Шилэн Цогоо” гэх нэртэй болтлоо л шилэн дансны ач холбогдлын талаар сурталдаж явсан. Бүр “Шилэн ном” хүртэл гаргаж явсан нэгэн. Тэгвэл өдгөө түүний хариуцаж буй салбарынх нь хамгийн том байгууллага “УБТЗ”ХНН гэж байгууллага чинь “Шилэн данс”-ны хуулийн хэрэгжилтийг хангалтгүй гүйцэтгэж байна шүү дээ. Дэд сайд Б.Цогтгэрэл та өөрийгөө од болгосон “Шилэн данс”-ны асуудалд нэг насаараа үнэнч хандаж, эрхлэж буй салбарынхаа компанийг “Шилэн данс”-аа ил болгоход анхаарна уу? Анхаарч чадахгүй бол чухам ямар үндэслэлээр вэ гэдгээ илэрхийлнэ үү.
Эрхэм дэд сайд Б.Цогтгэрэл болон “УБТЗ” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа нарт сануулахад, тус байгууллагын өмнөх дарга Л.Пүрэвбаатар “Шилэн дансны хуулийг хэрэгжүүлэх зорилгоор 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдөр дараах ТУШААЛ-ыг гаргаж байсан байдаг. Тушаалыг албан ёсны баримт хэлбэрээр хавсарган хүргэе.
Мөн Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын хэмжээнд “Шилэн данс”-ны мэдээлэл хөтлөх журам батласан байдаг.
Журмыг бүрэн эхээр нь хүргэхийн зэрэгцээ анхаарал татсан зарим зүйлсийг нь ишлэе.
УБТЗ нь Шилэн дансны мэдээлэлдээ:
-Бараа, ажил үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан
-Өрийн бичиг, санхүүгийн бусад хэрэгслийн талаарх мэдээлэл
-Түншлэл концессын талаарх мэдээлэл
-Баталгаа болон өр авлага үүсгэх аливаа бусад шийдвэр
-Их хэмжээний хэлцэлд тооцогдохуйц баталгаа, батлан даалтын талаарх мэдээлэл оруулна гэж заажээ.
Мөн мэдээллийг тогтмол шинэчилж, өөрчлөлт орсон тухай бүр өмнөх мэдээллийг цахим хуудасны архивт хадгалан, архивын мэдээллийн санд нэвтрэх, татаж авах, хэвлэх боломжийг хангасан байна гэж заажээ.
Тэгвэл бодит байдал дээр “УБТЗ” өнөөдрийн байдлаар өмнөх дарга Л.Пүрэвбаатарын гаргасан тушаал хийгээд холбогдох журмыг үл тоосон, үйлдлийг гаргаж байна. Энд Монгол Улсад дагаж мөрдөх ёстойгоор батласан Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг ярьж буй болохоос аль нэг даргын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй тухай асуудал ярьж байгаа хэрэг биш юм. Хуулийг Л.Пүрэвбаатар дагаж мөрддөг. Харин Д.Жигжиднямаа нь зөрчдөг байж болохгүй л дээ. Тиймээс хууль биелүүл гэсэн зүй ёсны шаардлагыг Д.Жигжиднямаад тавих нь зөв юм.
“УБТЗ-“ын дарга Д.Жигжиднямааг төрийн мөнгийг зүй бусаар зарцуулж байж болзошгүй гэх мэдээлэл эх сурвалжуудаас АТГ болон АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлд ирсэн байдаг. Тус Олон нийтийн зөвлөлийн гишүүн Э.Бямбацэрэн хэлэхдээ ” УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа 2017 оны II сард зам засварын машин худалдаж авсан байна. Ингэхдээ гуравдагч орон буюу Английн компаниар зуучлагч хийлгэн, машиныг хоёр дахин өндөр өртгөөр худалдан авсан байж болзошгүй байна. Тухайн машин нь 60 сая рублийн үнэтэй гэдгийг үйлдвэрлэгч компани мэдэгдсэн. Энэ үнэ тухайн үеийн ханшаар бол сая доллар хүрэхгүй. Гэтэл Английн компаниар дамжуулан 1 сая 770 мянган ам.доллараар энэ машиныг худалдан авчээ. Орос-Монголын хамтарсан УБТЗ-д Оросын үйлдвэрээс машин авахад зуучлагч шаардлагагүй. Өөрсдөө гэрээ хийгээд авах боломжтой энэ нөхцөлөөс Д.Жигжиднямаа 770 мянган ам.доллар буюу тэрбум гаруй төгрөгийг зувчуулсан байж болзошгүй хэмээн АТГ-т шалгуулахаар хандсан” гэж байв. Тэгэхээр Д.Жигжиднямаа гэж хүн төмөр замын хөрөнгөнөөс шамшигдуулж буй эсэхийг хуулийнхан нягтлах ёстой. Мөн УБТЗ-аас “Шилэн данс”-ны хуулийн хэрэгжилтийг шаардах ёстой. Хэрэв хууль, журмын дагуу бүрэн дүүрэн ил тод тайлагнадаг байсан бол тэрбум тэрбумаар мөнгө идсэн байж болзошгүй гэх ийм асуудал босч ирэх байсан уу? гэдэг асуулт зүй ёсоор тавигдаж байна.

Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярыг “Хүүхэд-Хайр-Ирээдүй” сэдвийн хүрээнд орон даяар тэмдэглэж байна. Хүндэтгэлийн чуулга уулзалт Төрийн ордонд болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 жилийн ойн баярын мэндийг Засгийн газар, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн нэрийн өмнөөс дэвшүүллээ.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улстай бүх талаар хамт байсан НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, ДЭМБ, Японы Хүүхдийг ивээх сан, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн зөн, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын холбоо, Гүүд Нейборс, Монголын Улаан загалмайн нийгэмлэг болон олон улсын хүмүүнлэгийн бусад байгууллагууд, Элчин сайдын яамдад онцгойлон талархал илэрхийлээд Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байгааг онцлов.
1925 оны тавдугаар сарын 8 буюу 100 жилийн тэртээх энэ өдөр их зохиолч Дашдоржийн Нацагдорж 19 настайдаа “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо”-г санаачилсан нь Монголын хүүхдийн төлөө байгууллага, хөдөлгөөний эхлэл болсон. Тиймээс Хүүхдийн байгууллага, хүүхдийн хөдөлгөөн бол шинэ Монгол Улсын соёл, гэгээрлийн үндэсний сэргэн мандалтын нэгэн давалгаа болсон.
Монгол Улс эх орны дайны хүнд бэрх он жилүүд буюу 1940-өөд оноос анхны хүүхдийн зусланг байгуулж, 1951 онд Хүүхэд залуучуудын театр, 1957 онд Залуу байгальчдын төв станц, 1958 онд Монголын пионер сурагчдын ордон, 1969 онд Хүүхэд залуучуудын парк, 1975 онд Залуу техникчдийн ордон, 1978 онд Олон улсын “Найрамдал” төв зэрэг хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжсэн томоохон бүтээн байгуулалтуудыг хийсний зэрэгцээ өсвөр үеийнхний хүмүүжил, төлөвшлийг “Бүх нийтийн үйлс” болгож, хойч үедээ анхаарал хандуулж байсан түүхтэй.
1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхэн үед өрнөсөн нийгмийн шилжилтийн нөлөөгөөр хүүхдийн байгууллага, хөдөлгөөний үйл ажиллагаа доголдсон ч төрөөс тавих анхаарал сулраагүй. Монгол Улс 1990 онд Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцид нэгдэн орж, хүүхдийн эрхийг төрөөс хангах, хамгаалах үүрэг хүлээж, хүүхдийн төлөө үйл ажиллагааны үндэсний механизмыг бүрдүүлсэн. Улмаар 1995 онд Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулж, 1996 онд анх удаа Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуультай болж, хүүхдийн үндсэн эрхийг хангах эрх зүйн орчныг бүрдүүлсэн зэргийг Ерөнхий сайд цохон тэмдэглэв.
Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж, шаардлагатай байгаа 200 сургууль, цэцэрлэг, дотуур байрны асуудлыг 2026 оны төсөв болон төр хувийн хэвшлийн түншлэлээр бүрэн шийдвэрлэхээр болсон.
Өнөөдөр бид хамтдаа хүүхэд хамгаалал, хүүхдийн хөгжлийн цогц ажлын төлөвлөгөөг олон улсын байгууллагуудтай хамтарч боловсруулах, хүүхдийн төлөө хөрөнгө оруулалтыг төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагаагаар нэмэгдүүлэх, хүүхдийн төлөө байгууллагуудын хамтын ажиллагаа, ойлголцол, харилцан итгэлцлийн тогтолцоог сайжруулах, хүүхдийн оролцооны байгууллагыг чадавхжуулах, хүүхдийн сангийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох, хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордон, хүүхдийн спортын цогцолбор, хүүхдийн урлагийн ордон, дөрвөн улирлын хүүхдийн зуслан, хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийг бүсчлэн байгуулах зэрэг олон асуудлыг эрэмбэлнэ.
Аль ч улс орны ирээдүй бол хүүхэд. Монголын ирээдүй болсон хүүхдийн төлөө зориулж буй сэтгэл зүрх, цаг хугацаа, хүчин зүтгэл, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол бол хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм. Тиймээс хүүхдийн хамгаалал, хөгжлийн хөрөнгө оруулалтын харилцааг оролцооны аргаар шийдвэрлэж, хүүхдийн төлөө байгууллагуудын их засвар, хүний нөөцийн асуудлыг цогц байдлаар шийдвэрлэх төлөвлөгөөг бас өнөөдөр хэлэлцэх шаардлагатай байгааг Ерөнхий сайд онцлов.
Хүүхэд бүр цэцэрлэгтэй, хүүхэд бүр сургуультай, хүүхэд бүр зуслантай, хүүхэд бүр хөгжлийн ордонтой байх ёстой. Үүний төлөө Засгийн газар, салбарын яам онцгойлон анхаарч ажиллаж байгааг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан энэ үеэр хэлсэн үгэндээ тодотголоо.
2025 онд Монголын хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жил төдийгүй НҮБ-ийн Хүүхдийн эрхийн конвенцид нэгдэн орсны 35 жил, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулсны 30 жил давхар тохиож байна.
Улс төр
Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Аугаа их Эх орны дайны ялалтын түүхт 80 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийв.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд болон ОХУ-ын ард түмэнд Аугаа их Эх орны дайны ялалтын түүхэн 80 жилийн ойн баярыг мэндийг Монголын төр засаг, ард түмний нэрийн өмнөөс өргөн дэвшүүллээ.
Монгол Улс, монголын ард түмэн дайны эхний өдрүүдээс эхлэн “Бүхнийг ялалтын төлөө”, “Бүхнийг фронтод” хэмээх урианы дор Зөвлөлтийн Улаан армид бүх талын буцалтгүй тусламжийг хүргүүлэхийн төлөө хичээн зүтгэж байсан нь Монгол, Оросын найрамдалт харилцааны түүхэн дэх хамгийн чухал үйл явдлуудын нэг байсныг түүхийн хуудаснууд харуулж буйг онцолж, Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн ёслолын жагсаалд оролцож буйг тэмдэглэв.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх түүний урилгыг хүлээн авч Москва хотноо хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, Аугаа их Эх орны дайны хүнд жилүүдэд Монгол Улс, монголын ард түмэн Зөвлөлт Холбоот Улсад тусламж дэмжлэг үзүүлж байсныг ОХУ-ын төр засаг болон ард түмэн үргэлж өндрөөр үнэлж, чухал ач холбогдол өгч байдгийг тэмдэглэв.
Түүнчлэн, уулзалтын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар Монгол, Оросын уламжлалт найрсаг харилцаа болон худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, эрчим хүч, тээвэр логистик, аялал жуулчлал, байгаль орчин болон хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны өргөн асуудлаар санал солилцов.
Мөн Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааг цаашид ч иж бүрэн стратегийн түншлэлийн зарчмаар тууштай урагшлуулан хөгжүүлэхийн төлөө байгаагаа Төрийн тэргүүн нар онцлон тэмдэглэв.