Улс төр
М.Энхболд баяртай, одоо хэн бэ

“М.Энхболд оо, баяртай. Танд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” ийн хэлээд УИХ-ынхаа даргыг бүгдээрээ нийлж байгаад огцруулчихлаа. Гэтэл орных нь хүн алга. Энэ байдлаараа УИХ-ын даргагүй л цагаан сардах бололтой. Монгол хүн амны билгээр гэдэг. Ирж яваа цагийг Монголын төр бүтэн угтчихвал зүгээрсэн, уг нь. Горилогсод х саарал ордноор хөндлөн гулд л давхилдаж яваа сураг сонсогдох юм.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр УИХ-ын дараагийн дарга Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, Н.Энхболд, Д.Лүндээжанцан, Сү.Батболд, Ж.Эрдэнэбат гэх мэтчилэн маш олон хүн нэрээ дэвшүүлж, бүгд л “Би чадна” гэцгээж байгаа юмдаг уу даа. Зарим нь “ Ахыгаа сүүлийн удаа дэмжчих, ачийг тань мартахгүй” хэмээн эрээгээ баран залуучуудаас дэмжлэг хүсэн Тусгаар тогтнолын ордонд хонох шахаж байгаа дуулдах юм. Үнэн хэрэгтээ хоёр талцаад байгаа УИХ дахь МАН-ын бүлгийн 27-гийн талаас УИХ-ын дарга хийчихээр нэр бүтэн нөхөр үзээд өгий ч алга. Явган ховоор бол Ж.Эрдэнэбат, Д.Хаянхярваа нарыг Ерөнхий сайд зөвшөөрөөгүй. Парламентад 2-3 сонгогдсон дээрээс нь эмэгтэйчүүдийн төлөөлөл яагаад байж болохгүй гэж гээд Д.Оюунхоролыг зүтгүүлж үзсэн юм байх. Бас хэсэг бүлэг нөхдүүд Мөн Ц.Мөнх-Оргилын хувьд байж болох хувилбар хэмээгээд нэрийг нь дэвшүүлж үзэж. Гэвч энэ эрхэм долдугаар сарын 1-нтэй холбогддог.
Харин 33-ын төлөөлөлд УИХ-ын дарга болох сонирхолтой хүн олон буй аж. Гэхдээ мөн л шалгуурт нийцэх нь ховор, жишээ нь Ө.Энхтүвшин гишүүн гэхэд ямар ч дэмжлэггүй. Ц.Нямдорж гишүүний хувьд Ерөнхийлөгчөөс дэмжлэг авахад хэцүү. Эх сурвалжийн өгүүлснээр, Ерөнхий сайд У.Хүрэлсүх сая нэр дурдагдсан хоёр гишүүнтэй тус тусад нь уулзаж, спикерт зүтгүүлнэ гэдгээ хэлжээ.
УИХ-ын дарга байж болох дараагийн кандитат бол Сү.Батболд гишүүн. Үүнтэй зэрэгцээд жил гаруй хугацаанд УИХ-ыг залуу хүн удирдаж болох юм гэх санал ч МАН дотроос гарч байгаа аж. “Залуу” гэдэг тодотголд ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын нэр явж буй гэх мэдээлэл зарим хэвлэлээр гарчээ. Цааш нь унших аваас түүнийг спикерт зүтгүүлж, Л.Оюун-Эрдэнэ оронд нь ЗГХЭГ-ын даргаар тавихаар найруулж буй гэх. Түүнчлэн М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулах ажиллагаанд оройлон оролцсон Ж.Батзандан гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ хоёрын нэгийг л УИХ-ын дарга болгомоор байна гэж ярьсан. Нөгөөдүүл нь ч толгой дохисон гэх юм билээ.
Ямар боловч энэ мэтээр УИХ-ын дараагийн даргын нэрс хөвөрч байна. Намрын чуулганы төгсгөлд парламент шинэ даргатай болохоор төлөвлөсөн. Тэгэхээр шинэ даргыг сонгох асуудлыг өнөө маргааш хоёрын нэгэнд хэлэлцэж шийдэхгүй бол Монгол төрийн тулгын гурван чулууны ором онгойж харлаад муухай харагдах байх.
Ингээд горилогчдын хэн нь хэн бэ гэдгийг уншигч танд сонирхуулъя.
Ц.НЯМДОРЖ
УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа спикер болох магадлал өндөр хүний нэгд энэ эрхэм зүй ёсоор багтаж байлаа. Хэрэвзээ М.Энхболд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан бол тэрбээр ногоон гэрлээр УИХ-ын дарга болох байсан. Гэвч түүнд ийм аз тохиогоогүй. Бас цаг хугацаа өнгөрөх бүрийд түүний талаар сайнаас илүү саар мэдээ хаа сайгүй тэнэх болж.
суудлыг хамгийн их мөрөөдсөн хүн бол Ц.Нямдорж. Тэрбээр эрх мэдлийн төлөө чөтгөртэй ч гар барихад бэлэн нэгэн. Нэгэн цагт хонь чонь явсан Ерөнхийлөгч Х.Баттулгад өнөөдөр хамгийн их саймширч байгаа хүн бол Ц.Нямдорж. Мөн нэгэн цагт аялдан дагаж явсан аядуу зөөлөн М.Энхболдоосоо урвасан нь шударга ёс гэхээсээ илүү сандал суудалтай нь холбоотой. 1992 оноос эхлээд ээлж дараагүй УИХ-д суугаа тэрбээр өмнө нь нэг удаа спикер хийсэн. Өдгөө дөрөв дэх удаагаа хуулийн салбарын толгойлж яваа.
Давуу тал: Насаараа хууль батлалцаж яваа туршлагатай. У.Хүрэлсүхийн засагт сайдаар томилогдохоос өмнө УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан намтар түүх арвинтай.
Сул тал: Ц.Нямдоржийн хувьд сайнаасаа муу нь илүү. Эрдэнэтэд хүү Ц.Анхбаяр нь хоёр тэрбумын шахаа хийсэн хэрэгт шударга гишүүн маань хариуцлага үл хүлээсэн төдийгүй хэвлэлээр хээв нэг “Аав нь хүүдээ тусалсан төдий” хэмээн өмгөөлж зогссон. Тэрбээр зартай “урвагч”. Н.Энхбаяр, М.Энхболдоос урвасан тэрбээр У.Хүрэлсүхээс ч урваж чадна. Хуулийн салбарыг насаараа толгойлсон атлаа Монголд хууль үйлчлэхгүй байна гэсэн гомдол, шүүмжлэл байнга хэлдэг. Өмнө УИХ-ын даргаар ажиллаж байхдаа хөнжилдөө хууль зассан хэргээр Цэцийн гаргасан дүгнэлтийн дагуу огцорч байсан. Тиймээс Ц.Нямдорж сайдад УИХ-ын даргаар сонгогдох боломж, эрх зүйн үндэс байхгүй гэсэн тайлбарыг хуульчид хэлж байна. Хамгийн сул тал нь парламентын биш Ерөнхийлөгчийн засаглалыг дэмждэг гэдгээ удаа дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг.
Ө.ЭНХТҮВШИН
Сонгуулийн дараа мөн л УИХ-ын дарга болох сонирхолтой байсан. Тиймээс М.Энхболдыг тамгаа авах үед гомдлын үг шидэлж суусан нь гурван жилийн өмнөх явдал. Харин Ж.Эрдэнэбатын засаг огцорсноор түүнийг Шадар сайд болгоход М.Энхболдын дэмжлэг их байсан гэдэг. Гэвч дараа нь М.Энхболдоосоо урваж, У.Хүрэлсүхтэй нэгдсэн.
Давуу тал: Насаараа хууль батлалцсан, туршлагатай нэгэн.
Сул тал: Фракцгүй. Нам дотроос нь М.Энхболдын тал дэмжихгүй юм бол У.Хүрэлсүхийн талаас дэмжлэг авах магадлал тун бага. Мөн Ерөнхийлөгч дэмжихгүй байгаа гэсэн мэдээлэл ч бий.
Г.ЗАНДАНШАТАР
Хэвлэлээр бичигдэж байгаа хамгийн магадлал өндөр горилогчдын нэг. ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байгаа. Саяхан Салхитын мөнгөний ордод болсон тусгай ажиллагааг удирдсан. Үүнээсээ болж багагүй шүүмжлэл хүлээсэн. Өмнө нь, Сү.Батболдын засгийн үед Гадаад харилцааны сайд байхдаа гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээсэн хууль санаачлан батлуулсан. Үүнээс болж хөрөнгө оруулалт эрс муудаж, эдийн засагт багагүй хохирол авчирсан билээ. МАН цөөнх болсны дараа АНУ-д сурч байхдаа зам тээврийн осолд өртөж, хүнд бэртэж байв.
Давуу тал: У.Хүрэлсүх өөрийн хүнээ томилуулах сонирхолтой байгаа нь лав. Ерөнхийлөгч дэмжих магадлалтай.
Сул тал: Олон нийтийн дэмжлэг муутай. Олон нийт, тэр тусмаа эдийн засгийнхан, хөрөнгө оруулагчдын дунд нэр хүнд муу. МАН-ын попчдын нэг.
Н.ЭНХБОЛД
Батлан хамгаалахын сайд. Мөн л УИХ-д “удаж” байгаа гишүүдийн нэг. Түүнийг У.Хүрэлсүхийн засагт сайд болоход М.Энхболдын талаас санал оруулж байв. Харин тэрбээр М.Энхболдыг огцруулах бичигт гарын үсэг зурсан нь УИХ-ын дарга болон нууцхан хүсэлтэй нь холбоотой гэсэн хардлага гарч байлаа. Харамсалтай нь, УИХ-ын дарга болохын даваан дээр хариуцсан салбарт нь хүний амь настай холбоотой хэрэг гарсан. Зүүнбаянгийн цэргийн ангид хугацаат цэргийн албан хаагч зодуулж амь насаа алдсан байж болзошгүй хэрэг гарсан нь түүнийг суудал дэвшүүлэх боломжгүй болгосон юм. Энэ хэрэгт ч өөрөө тайлбар өгөхдөө сэтгүүлчдэд эвгүй хандлага гаргасан нь түүний бас нэг алдаа болж буй.
Давуу тал: ЖДҮ, жаран тэрбумын асуудалд холбогдоогүй.
Сул тал: Ерөнхийлөгч дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн гэх. Мөн байлдагчийн амиа алдсан асуудал нийгмийн бухимдлыг төрүүлж байгаа энэ үед хариуцсан салбарын сайдад нь хариуцлага тооцох нь бүү хэл дэвшүүлбэл У.Хүрэлсүхийн засаг унахын эхлэл болно.
СҮ.БАТБОЛД
Эр хүний цээжинд эмээлтэй хазаартай морь багтдаг гэгчээр энэ суудлыг чив чимээгүй сонирхож яваа хүн бол Сү.Батболд. Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байгаад буусныхаа дараагаас улс төрд идэвхтэй ил гарч тоглохоо больсон. Хөшигний цаанаас улс төр хийх болсон түүнийг У.Хүрэлсүх дэмжих магадлалтай ч Ерөнхийлөгч дэмжихгүй байх талтай. Хар багаасаа тасралтгүй албан тушаалаар “шагнуулж” ирсэн. С.Баярын хөтөлж гаргасан улстөрч. Хамтарсан Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан. Намын дарга байхдаа У.Хүрэлсүхтэй хамт намын нэрнээс Х үсгийг авснаар олонх байсан намаа цөөнх болгож байсан түүхтэй.
Давуу тал: Туршлагатай, мэдлэгтэй. Аядуу зөөлөн зантай
Сул тал: Сү-гийн фракц нам дотроо нөлөөлөл багатай. Дээр нь оффшортой нэр холбогдсон. “Цэвэр” дарга хайж байгаа шаардлагад тэнцэхгүй.
Л.ЭНХ-АМГАЛАН
Улс төрийн туршлагатай парламентч. MCS-ийн хүн гэсэн тодотголтой. Гэвч, өнөөгийн парламентад жинтэй үг хэлдэг цөөн улстөрчийн нэг. Үзэл бодолдоо үнэнч. Албан бус 32-ийн бүлэгт хамаардаг. Эрх мэдлээс өөрийг ярихаа больсон намаа ажил хийхийг сануулдаг парламентын цөөн гишүүдийн нэг юм.
Хэрэвзээ, УИХ-ын даргаар сонгогдох юм бол өлхөн хийчих туршлага, мэдлэгтэй нэгэн. ЖДҮ, жаран тэрбумын асуудалд нэр холбогдоогүй.
Давуу тал: УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон. УИХ-ын дэд дарга. УИХ-д долоон жил суухдаа нэг удаа ч давхар дээл нөмөрч байгаагүй гишүүн.
Сул тал: Түүнийг Ерөнхийлөгч дэмжихгүй. Учир нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд 30 гэр бүлийн нэг хэмээж байв.
Т.АЮУРСАЙХАН
Ордын тэмцэгч тавын нэг. Н.Багабанди түүнийг хөтөлж улс төрд оруулсан, ойрынх нь хүн. Анх удаа УИХ-д сонгогдсон. Монголыг аврагчийн дүр тоглож буй МАН-ын залуу үеийнхний нэг. Сүүлийн үед Ж.Батзандан, Х.Нямбаатар, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ нартай “найзлах” болсон. Хэрэв М.Энхболд огцрохгүй бол “өлсөнө, өлсөнө” гэсээр байгаад л өлсөөгүй. ЖДҮ, жаран тэрбумтай нэр холбогдоогүй, одоогоор. Учир нь ЖДҮ-тэй нэр холбогдсон гишүүдийн тоо нэмэгдсээр 20 гараад байгаа билээ.
Давуу тал: МАН-ын залуу улстөрч. Шийдэмгий, зоригтой байх магадлалтай.
Сул тал: МАН-ын попуудын нэг. Хэлж, хийж байгаа нь АН-ын Ж.Батзандангийн өрөөсөн дугуй. Гуя, гуяа олж нөхөрлөдөг гэж үг бий. Хэт хурц зантай. Дараагийн У.Хүрэлсүх болох магадлал өндөр. Тиймээс У.Хүрэлсүх түүнд итгэж алх бариулах эрх олгох нь юу л бол.
Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө амаа олохгүй магтаж, хажуугаас нь харцаа салгаж чадахгүй суусан тэрбээр М.Энхболдоос хамгийн түрүүнд урвасан. Оюутан байхаасаа улс төрд зүтгэсэн, тэр хэрээр ч багагүй мөнгөжсөн. Н.Энхбаярт зориулсан намбар ван /Number one/ хөдөлгөөн байгуулж явсан. Гэвч төдөлгүй Н.Энхбаяраас урваж, М.Энхболдыг дагах болсон. Эндээс харахад бүдэрч яваа хүнийг бүр дээрээс дэвслэх дуртай гэмээр. МАН-ын гол попчдын нэг. УИХ-ын асан Д.Гантулга нэгэнтээ “Манай ах нарыг хүчингийн хэрэгт холбогдуулж байсан” гэх үгийг амнаасаа санамсаргүй унагачихсан нь Л.Оюун-Эрдэнэтэй холбоотой асуудлыг сөхсөн явдал байсан юм. Харвардын курсээ төгссөн, төгсөөгүй гэсэн шүүмжлэлд өртдөг. Саяхан л гэхэд жагсагчдад гэрээ сугалаагаар өгнө гээд молигодсон. ЖДҮ-гийн хэргээс болж АТГ-т хамсаатнууд нь шалгагдаж байгаа.
Давуу тал нь: Ерөнхийлөгчийн дэмжлэг их. Эцэг нэгтэй, эх өөр ах “Херо”-гийн Б.Баатар нь Ерөнхийлөгчийн урлагийн зөвлөх.
Сул тал: Их хүссэн хүн эрх мэдэл бүү өг гэсэн үг байдаг. ЖДҮчин. Залуу хүн гэхэд нэр хүнд муутай. “Цэвэр” даргын шаардлагад тэнцэхгүй. МАН-ын засаршгүй попчин. Ерөнхийлөгчийн засаглалыг дэмждэг гэдгээ нэг бус удаа илэрхийлсэн. Ийм үзэл бодолтой хүн парламентын дарга болоход хэцүү. Чононд хонио мануулсантай адил биз.
Ш.РАДНААСЭД
УИХ-д анх удаа сонгогдсон. МАН-ын залуучууд дундаа харьцангуй даруухан, боловсрол мэдлэг, туршлагатай, намынхаа ахмад болон залуу үеийн дэмжлэг авах магадлал өндөр. Ямартаа ч сүгсэлзээд, намираад байдаггүй харагддаг. Хуульч мэргэжилтэй. Хууль зүйн байнгын хороог маш сайн удирдаж, авч яваа. Парламентын сонгодог засаглалыг дэмждэг.
Давуу тал: Хүлээцтэй, залуус дундаа ноён нуруутай, асуудалд ул суурьтай ханддаг. Ах захаа мэддэг. ЖДҮ, жаран тэрбум, концесс гээд аль нэг дуулианд нэр холбогдоогүй.
Сул тал: Ерөнхийлөгчийн зүгээс дэмжих магадлал тун бага.
Ж.ЭНХБАЯР
УИХ-ын гишүүнээр гуравдахь удаагаа сонгогдсон. Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан. Харамсалтай нь, энэ парламентын хамгийн том ЖДҮчны нэг. Тэрбээр хоёр жил дараалан “Газар буудай” компаниараа дамжуулан ЖДҮХС-аас зээл авсан бөгөөд гурван хувийн зээлээ “Газар капитал” банк бусаараа дамжуулан 36 хувиар олгож мөнгө угаасан байж болзошгүй гэх асуудалд нэр холбогдоод байгаа. Батлан хамгаалахын сайд байхдаа олон чоно буудаж алсан дуулианд мөн нэр холбогдож байсан.
Давуу тал: Ерөнхий сайд дэмжих магадлал өндөр.
Сул тал: Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн боломжийг хулгайлж, олон зуун сая төгрөгийн зээл авсан түүнийг УИХ-ын дарга болоход сөрөг хүчин болоод намынхан нь эсэргүүцэх нь лав. Учир нь ЖДҮ-тэй хариуцлага тооцохыг иргэд У.Хүрэлсүхээс одоо ч нэхсээр, шударга ёс шаардсаар байгаа үед парламентын хамгийн том ЖДҮчин парламентын дарга болсон нөхцөлд У.Хүрэлсүхийн засгийн тоолуур гүйж эхэлнэ гэсэн үг.
Ч.Чулуун

Улс төр
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.
Гавьяат эдийн засагч цолоор:
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын ахмад ажилтан Цэвээний Гэлэгжамц,
Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цолоор:
- ХХААХҮЯ-ны ахмад ажилтан Дамдиндоржийн Батмөнх,
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:
- “Улаанбаатар хивс” ХК-ийн ТУЗ-ийн дарга Цоодолын Зоригт,
Гавьяат механикжуулагч цолоор:
- Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Хүдэр Хурниад” ХХК-ийн зөвлөх механикжуулагч Юмжилийн Жигмэддорж,
Гавьяат мал зүйч цолоор:
- “Монголын махны холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Нанцагийн Батсуурь,
Гавьяат агрономич цолоор:
- “Элит үр” ХХК-ийн агрономич Сүрэнжавын Нямжав,
Малын гавьяат эмч цолоор:
- “Биокомбинат” компанийн Үйлдвэрлэл, технологийн албаны дарга Баянгийн Дуламсүрэн,
Худалдааны гавьяат ажилтан цолоор:
- “Ви интернэйшнл” ХХК-ийн ерөнхий захирал Дэнсмаагийн Батболд,
Сүхбаатарын одонгоор:
- Сэлэнгэ аймгийн Хөдөө аж ахуйн газрын дарга асан, “Түмэн бут” ХХК-ийн үүсгэн байгуулагч, Гавьяат механикжуулагч Хандмаагийн Даваахүү,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
- “Говь” ХК-ийн ахмад ажилтан Түвдэнгийн Санжмятав,
- Дорноговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын ахмад ажилтан, агрономич Лхамжавын Гантулга,
- ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Даваасүрэнгийн Довчинсүрэн,
- ХХААХҮЯ-ны Салбарын хяналтын газрын дарга Баясгалангийн Батшагай,
- Жижиг, дунд үйлдвэрийн газрын хэлтсийн дарга Алтангэрэлийн Гэрэлзаяа,
- ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн багш Лхамын Даваа,
- ХХААХҮЯ-ны ахлах шинжээч Хөхөөгийн Алтангэрэл,
Алтан гадас одонгоор:
- “Хөдөө аж ахуйн корпорац” компанийн ахлах мэргэжилтэн Ядамцоогийн Отгонбаатар,
- “Доолт жавхлант” ХХК-ийн захирал Багадаваагийн Доржсүрэн,
- ХХААХҮЯ-ны шинжээч Чойжоогийн Долгорсүрэн,
- “Хөдөө аж ахуйн корпорац” компанийн Булган салбарын захирал Бодьгэрэлийн Ариунбаатар,
- ХХААХҮЯ-ны ахлах мэргэжилтэн Нямготовын Цэгмэд,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
- “Хөдөө аж ахуйн бирж” компанийн ахлах мэргэжилтэн Соёл-Эрдэнийн Алимаа,
- “Хөдөө аж ахуйн корпорац” компанийн Дархан салбарын захирал Тлеуханы Айгуль,
- Дорноговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал аж ахуйн хэлтсийн дарга Наваансамдангийн Наранбаяр,
- ХХААХҮЯ-ны мэргэжилтэн Шагдарын Цэнд-Аюуш,
- Жижиг, дунд үйлдвэрийн газрын Хоршоог хөгжүүлэх сангийн мэргэжилтэн Цэрэндоржийн Батгэрэл нарыг шагналаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.
Улс төр
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 04 дүгээр сарын 17-ны үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан юм. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг Үндсэн хуулийн холбогдох хэсэг заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны гуравдугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авсан тухай тэрбээр дурдаад, тус хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт “Монгол Улсын Их Хурлын гишүүн сонгуульд нэр дэвшихээр бол хийсэн ажлын тайлангаа энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болох бөгөөд үүнийг сонгуулийн сурталчилгааны материалд тооцохгүй.” гэж, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө Улсын Их Хурлын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой хийсэн уулзалт болон энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “… тэгш байдал, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг … албан тушаал …-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. …”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “… Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. …” гэснийг тус тус зөрчсөн байна.” гэж Үндсэн хуулийн цэц дүгнэснийг сануулав.
Улсын Их Хурал дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Төрийн байгуулалтын байнгын хорооноос Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулсныг тэрбээр ахалж ажилласан байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар, О.Номинчимэг, Г.Уянгахишиг, Ө.Шижир нар орсон бөгөөд хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсгийг хүчингүй болгох, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсгийг нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор уулзалт зохион байгуулах нь аливаа этгээдэд нээлттэй байхаар өөрчлөх хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан ээлжит сонгуулийн жил эхэлснээр хойш санал авах өдрийг дуустал, нөхөн болон ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилгоор эд зүйл тараахыг хориглосон зохицуулалтад ажлын хэвлэмэл тайлан хамаарахаар байна гэж үзэж 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсгийг хүчингүй болгохоор төсөлд тусгасан байна. Харин хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан эд зүйл тараах гэдэгт хийсэн ажлын цахим тайлан хамаарахгүй гэж ажлын хэсэг үзжээ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар 41.9 дэх хэсгийг хүчингүй болгохоос өөр хувилбар ярилцсан эсэх, төсөлд аливаа этгээд гэсэн өөрчлөлт оруулж байгаа нь өмнөх зохицуулалтаас өргөжүүлж сонгуулийн жил эхэлснээс нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэх хүртэл зохион байгуулсан уулзалтыг агуулга, хэлбэрийн хувьд хянаж чадахгүй байх эрсдэл үүсэх, эсэх талаар асуулт асууж, хариулт авсан байна. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа ажлын хэсгээс боловсруулсан төсөлд аливаа этгээд хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор уулзалт хийх зохицуулалтыг нээлттэй байхаар тусгасан нь зүйтэй талаар санал хэлжээ. Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Ж.Алдаржавхлан, Ж.Баярмаа, С.Зулпхар, Ц.Мөнхбат, А.Ганбаатар, Ж.Золжаргал асуулт асуув. Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа Улсын Их Хурлын гишүүний сонгогч, иргэдтэйгээ уулзсан уулзалтыг сонгуулийн үйл ажиллагаанд хамааруулахгүй гэсэн анхны үзэл баримтлалаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд тусгагдсан. Гэтэл аливаа этгээд гэж томьёолон нээлттэй болгосноор сонгуулийн сурталчилгааны 18 хоногийг үгүйсгэж байна гэж үзэж байгаагаа илэрхийлээд, хуулийн төсөлд туссан аливаа этгээд, уулзалт зэрэг нь юун тухай өгүүлж буйг тодруулан асуув. Түүний асуултад Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир хариулахдаа Үндсэн хуулийн цэц Улсын Их Хурлын гишүүдэд давуу байдал бий болгосон байна гэж үзсэн тул уг боломжийг хэн бүхэнд нээлттэй болгох нь зүйтэй гэж үзсэн гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан гишүүдийг эргэх холбоотой байхыг сонгогчид шаарддаг гэдгийг онцлоод, хэн бүхэнд хийсэн ажлаа тайлагнахад нээлттэй болчихвол сурталчилгааны 18 хоногийг байхгүй болгох хэрэгтэй гэв. Тэрбээр орон нутгийн сонгуулийн зохицуулалттай ижилсүүлж чандлах шаардлагатай гэсэнд Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир хуулийн төслийг Үндсэн хуулийн цэцийн гуравдугаар дүгнэлтийн хүрээнд боловсруулсан гэсэн тайлбар өглөө.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа сонгуулийн жил Улсын Их Хурлын гишүүд тайлан тавих нь үнэндээ ичгэвтэр зүйл байдаг гээд, аливаа этгээдэд уулзалт хийх эрх олгож байгаа нь дэвшил болж буйг сайшаасан бол Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар гишүүний бүрэн эрх Үндсэн хуульд заасны дагуу төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж, дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болдгийг сануулж, хэрэв сонгуулийн жил эхэлснээс хойш иргэд, сонгогчдодоо тайлангаа тавьж чадахгүй бол энэ бүрэн эрхийн хугацаа гурван жил, зургаан сар болчихно гэж тооцож байгаагаа онцлов. Хуулийн төсөлд дурдсан “аливаа этгээд”-д Улсын Их Хурлын гишүүд орно гэдгийг ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир тодотгоод, хийсэн ажлаа тайлагнаж болохоос бус би нэр дэвшинэ, намайг сонгоорой гэж өөрийгөө сурталчилж болохгүй гэсэн тайлбар өглөө. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхбат хэвлэмэл материалуудыг эд зүйл гэж үзэн сонгогчдод тараахыг хориглож байгаа нь зөв гэж үзэж байгаагаа илэрхийлээд, сонгуулийн жил эхлэхээс өмнө тайлангаа хэвлүүлж, тарааж болох, эсэхийг тодруулан асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн А.Ганбаатар сонгууль бол иргэдийн сонгох, сонгогдох эрхээ эдлэх тэгш боломж байх учиртайг дурдаад, “аливаа этгээд”-д Улсын Их Хурлын гишүүн орвол тэдэнд заавал давуу байдал үүсэх учир энэ заалтыг бүхэлд нь хүчингүй болгох ёстой гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж, сонгуулийн сурталчилгааны явцад хориглох зүйлс болон тэдгээрийн хугацааны талаар асууж хариулт авав.
Хэлэлцэж буй асуудлаар асуулт, хариулт явагдсаны дараа Улсын Их Хурлын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн гишүүн О.Номинчимэг ардчилал, парламентат ёсоо бэхжүүлэхийн тулд шударга, ил тод, нээлттэй сонгуулийг явуулах нь хамгийн чухал гээд үүний тулд сонгуулийн хууль тогтоомжийг шинэчлэх шаардлагатайн дотор ялангуяа зардлыг бууруулах чиглэлээр дорвитой өөрчлөлт хийх хэрэгтэй гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Д.Жаргалсайхан хэвлэмэл материал тараах нь шударга сонгуульд харш зүйл гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийлж, иргэдийн сонгогдох эрхэд эд мөнгөний босго, зардлын дарамт ихээхэн тээг болдгийг ярьж, эрх мэдэлтэй, албан тушаалтай хүмүүс бэлэг тарааж, тууз хайчилж сонгогчдыг татах ажлыг байнга хийдэг тул зөвхөн сонгуулийн жил гэлгүй бусад жилүүдэд ч эд зүйл тараахыг хориглох нь зүйтэй гэв. Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир ч мөн сонгуулийн тухай хууль тогтоомжийг бүхэлд нь шинэчлэн сайжруулах шаардлагатай гэсэн байр суурьтай байгаагаа онцолж, ялангуяа намын санхүүжилт, хандив тусламж, тэдгээрийн зарцуулалтыг ил тод, нээлттэй болгох ёстойг өнгөрсөн 2-3 сонгуулийн үеийн мөнгөний урсгалын жишээ баримтуудаар нотлон өгүүлсэн юм.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүд үг хэлж дууссан учир санал хураалтыг чуулганы маргаашийн хуралдаанаар явуулахаар тогтлоо.
Дараа нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ. Хуулийн төслийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийн мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан юм. Тэрбээр тус хуулийн төслийн ажлын хэсгийг мөнхүү ахалж ажиллажээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2025 оны хоёрдугаар дүгнэлтийг мөнхүү Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн учир Хууль зүйн байнгын хороо хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллуулсан байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Б.Заяабал, М.Нарантуяа-Нара, Л.Соронзонболд нар ажиллаж, хуулийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэг болон 47.7 дахь хэсгийг хөндөж, шүүгчийн тэтгэвэрт гарах насны дээд хязгаарыг Төрийн албаны тухай хуульд заасан насны хязгаартай нийцүүлэх хүрээнд “60” гэснийг “65” болгох, тэтгэвэр тогтоохтой холбоотой бусад харилцааг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу зохицуулахаар тусгасныг Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, П.Сайнзориг, Х.Тэмүүжин нар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт “…шүүгчээр 30, түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоно” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэснийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн тул Цэцийн дүгнэлтийн хүрээ, хязгаарт багтаан хуулийн төслийг боловсруулах нь зүйтэй талаар асуулт асууж, хариулт авч, байр сууриа илэрхийлжээ. Тэдний саналыг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх зүйтэй гэж үзсэн тул дээрх заалтыг хасаж, хуулийн төсөл боловсруулсан тухайгаа Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир танилцууллаа.
Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг мөнхүү хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.
Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин үг хэлэв. Тэрбээр Шүүхийн тухай хуулийн дээрх заалт шүүгчийн тэтгэвэрт гарах насны дээд хязгаар хүртэл буюу 60 нас хүрэх хүртэл томилох зарчмыг алдагдуулсан гэж Үндсэн хуулийн цэц дүгнэснийг тайлбарлаж, хуулийн төслийг энэ хүрээнд боловсруулсныг дурдав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Л.Сронзонболд ажлын хэсэг насны хязгаарыг “65” гэж төсөлд тусгаад байсныг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн хүрээнд хамаарахгүй гэж Байнгын хороо үзэж хассаныг тайлбарлан, аливаа иргэдийн тэтгэвэрт гарах нас, цалин тэтгэврийн асуудлыг ийм байдлаар шийдээд байх нь зохимжгүйг Улсын Их Хурал цаашид анхаарах шаардлагатай гэж үзэж байгаагаа тэмдэглэлээ.
Харин Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа дээр дурдсан заалтыг хассанаар цаана нь үлдэж буй зохицуулалт хуулийн өмнө хүн бүр тэгш байх зарчмыг зөрчсөн байна гээд, шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаар 60 нас байх ба 55 насанд хүрсэн, эс бол шүүгчээр нийт 25 жил ажилласан шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно гэсэн нь Нийгмийн даатгалын тухай хуулиар тогтоосон тэтгэврийн наснаас таван жилийн өмнө тэтгэвэрт гарах боломжийг шүүгчдэд олгож байгааг тайлбарлалаа. Шүүгчийн тухай хуулийн 40.1-д энэ заалт мөн адил байгаа нь хуулийн зөрчил үүсгэж байна гэж тэрбээр анхааруулаад, тэдэнд давуу байдал үүсгэсэн энэхүү хуулийн зөрчлийг арилгах үүднээс Байнгын хороон дээр унасан ажлын хэсгийн саналыг дэмжиж шийдвэрлэх нь зүйтэй гэв. Түүний асуултад Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир хариулахдаа, ерөнхий хууль болон салбарын хуулиуд хоорондоо зөрчилдөх явдал маш их байна. Иймд энэ удаа асуудлыг гагцхүү Цэцийн дүгнэлтийн хүрээнд шийдвэрлээд, цааш цаашдаа хууль хоорондын зөрчлүүдийг арилгах асуудлыг иж бүрнээр авч үзэх ёстой гэж үзсэн гэсэн юм. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ш.Бямбасүрэн шүүхийн хараат бус байдлыг хангах, шүүхийг шинэчлэхийн аль нь илүү чухал вэ гэдэг дээр ажлын хэсэг ямар байр суурьтай байгааг асууж, хариулт авав.
Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан үг хэлэх Улсын Их Хурлын гишүүн байгаагүй тул санал хураалтыг мөнхүү чуулганы маргаашийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар явуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Улс төр
Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа 2025 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Монголын хөрөнгийн биржээр дамжин амжилттай зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн арилжаагаар Өрийн удирдлагын тухай хуулийн 12.1.3-т заасан “Засгийн газрын дотоод үнэт цаасны зах зээлийг дэмжих” зориулалтын дагуу 6 сарын хугацаатай, 5 тэрбум төгрөгийн үнэт цаас, 2 жилийн хугацаатай, 5 тэрбум төгрөгийн үнэт цаасыг тус тус Монголын хөрөнгийн биржийн Засгийн газрын үнэт цаасны анхдагч арилжааны системээр дамжуулан арилжааллаа.
Өнөөдрийн арилжаанд хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогчид болох банк, даатгал, үнэт цаасны компаниудаас гадна гадаад, дотоодын иргэд оролцсон бөгөөд зарласан нийт дүнгээс 4.4 дахин их буюу 43.7 тэрбум төгрөгийн санал ирж, 6 сарын хугацаатай үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 9.466 хувь, 2 жилийн хугацаатай жигнэсэн дундаж хүү 10.477 хувьтай арилжаалагдлаа.
Цаашид дотоод үнэт цаасны зах зээлийн хөгжлийг дэмжих, хөрөнгийн зах зээлд төгрөгийн бондын өгөөжийн муруйг тогтоох зорилгоор Засгийн газрын дотоод үнэт цаасны хуваарийн дагуу 2025 оны 2 дугаар улиралд 2 долоо хоног тутамд богино болон дунд хугацаатай тус бүр 5 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах ба нийт 60 тэрбум төгрөгийн үнэт цаасыг арилжаална.
Засгийн газраас энэ төрлийн үнэт цаасыг тогтмол бага хэмжээгээр арилжаална. Засгийн газрын үнэт цаасанд хөрөнгө оруулах нь хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн эрсдэлгүй, хөрвөх чадвар өндөртэй санхүүгийн хэрэгсэл бөгөөд үнэт цаасны хүүгийн орлого нь орлогын албан татвараас чөлөөлөгддөг бөгөөд аж ахуйн нэгжүүдийн хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу гүйцэтгэлийн болон урьдчилгаа төлбөрийн баталгааг Засгийн газрын дотоод үнэт цаасаар гаргах боломжтой зэрэг олон талын ач холбогдолтой. Засгийн газрын дотоод үнэт цаасны 2025.04.16-ны анхдагч зах зээлийн арилжааны үр дүнг ЭНДЭЭС үзнэ үү.
Эх сурвалж: Монгол Улсын Сангийн яам