Дэлхий дахинд
Ерөнхий сайд асан Шинзо Абэг үдэх төрийн ёслолд 250 сая иен зарцуулна
Японы Засгийн газар Ерөнхий сайд асан Шинзо Абэг үдэх төрийн ёслолд тус улсын Засгийн газрын нөөц сангаас 250 сая иен зарцуулахаа мэдэгдлээ. Энэ санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэжээ.
Ерөнхий сайд Фүмио Кишидагийн Засгийн газар баасан гарагт санхүүжилтийг баталсан бөгөөд оршуулгын ёслол ирэх есдүгээр сарын 27-нд Токио хот дахь Ниппон Бүдокан танхимд болно.
Төрийн ёслолд албаны 6000 гаруй зочид урихаар төлөвлөсөн бөгөөд ёслолд оролцох гадаадын өндөр дээд түвшний төлөөлөгчид дунд АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис, АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама, Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон нарын нэрс байна.
Ёслолын үеэр төлөөлөгчдийн Ковид-19-өөс хамгаалах, аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарал хандуулна хэмээн мэдэгдэв. Салах ёслолын ажиллагааны үеэр террорист халдлагаас хамгаалахын тулд Ниппон Бүдоканоос дээш агаарын орон зайн 46 км-ийн радиуст нисэхийг хориглох бүс тогтооно хэмээн Япон улсын Тээврийн сайд пүрэв гарагт мэдэгдлээ. Мөн Токиогийн Ханеда болон Токио хотод ойрхон Нарита нисэх буудалд ирэх нислэгийг есдүгээр сарын 26-наас эхлэн гурван өдөр хязгаарлана хэмээв.