Дэлхий дахинд
Европын холбоо Оросын “суртал нэвтрүүлэгтэй” тэмцэнэ
Парис, Берлин хоёр визийн асуудлаарх Европын Холбооны Гадаад хэргийн сайд нарын уулзалтын өмнө бэлтгэсэн албан бус баримт бичигтээ Орос дахь “суртал ухуулга”-тай тэмцэх арга хэмжээг Европын холбоонд санал болгож, үүндээ нийгмийн сүлжээгээр тараасан материал, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тавьж байгаа хяналтыг даван туулах арга хэрэгсэл зэргийг тусгасан байна хэмээн Bloomberg мэдээллээ.
Европын орнуудын техникийн шинжээчдийн бэлтгэсэн санал бүхий энэ баримт бичигт ОХУ-д хараат мэдээллийн хэрэгслийн түгээж байгаа мэдээллийн “бүтээлч арга”-ыг ашиглахыг Европын холбоонд санал болгожээ. Европын холбооны зүгээс Киевийг дэмжиж, хориг арга хэмжээ авч байгаа ч Москватай нээлттэй харилцаа холбоотой байхыг улс орнуудад албан бусаар уриалж байгаа юм байна гэж тус агентлаг онцолжээ.
Франц, Герман улсуудын санал болгосноор бол оросын хэвлэл мэдээллийн хэрэгсэл, блогчид болон YouTube, Telegram, “ВКонтакте” зэрэг олон нийтийн сүлжээгээр тархаж байгаа мэдээллүүдийг санхүүжүүлэх төлөвлөгөөг тусгасан байна. Үүний зэрэгцээ “Оросын эрх баригчдаас хэвлэл мэдээлэлд тавьж байгаа хяналтын эсрэг техникийн арга хэмжээ” авах, тухайлбал интернет хяналтаас гаргах өөр бусад улс орнуудад амьдардаг орос хэлтнүүдэд зориулсан мэдээллийн контент бэлтгэх асуудал ч оржээ.
Визийн асуудлыг Европын холбооны гишүүн улсуудын Гадаад хэргийн сайд нар Прагад энэ наймдугаар сарын 30, 31-нд болж байгаа албан бус уулзалтаараа ярилцаж байгаа юм. РИА Новости агентлагийн мэдээлснээр бол Европын холбооны гишүүн орнууд оросуудад виз олгохоо хязгаарлаж байгаа ч хүмүүнлэгийн ажилтнууд, Европын холбооны улсуудад амьдарч байгаа хүмүүсийн гэр бүлийн гишүүд, сэтгүүлчид, оросын эсрэг тэрс үзэлтнүүдэд виз олгож байх юм байна.