Дэлхий дахинд
ЗХУ-ын анхны бас сүүлчийн ерөнхийлөгч Михаил Горбачев нас нөгчлөө
“Зөвлөлт Холбоот Улс, улс орныхоо улс төрийн тэмцлийн золиос болсон. Улс орон шинжлэх ухаан, технологийн шаардлагад дасан зохицож чадахгүй, бүтцийн шинэчлэл хийж амжихгүй байгааг бид харсан, энэ л энэ улс орон задрах гол шалтгаан болсон. Хоёрдахь шалтгаан нь хүмүүс эрх чөлөөгүй, аз жаргалгүй байсан явдал” Михаил Горбачев
Өөрчлөн байгуулалтын эцэг гэгддэг, Зөвлөлт холбоот улсын анхны бөгөөд сүүлийн ерөнхийлөгч Михаил Горбачев 92 насандаа нас нөгчлөө гэж Клиникийн төв эмнэлэг мэдээлжээ. Мэдээлэлд “Михаил Горбачев удаан хугацаагаар хүндээр өвчилсний улмаас өнөөдөр орой нас барлаа” гэжээ.
Горбачев 1931 оны гуравдугаар сард төрсөн. Москвагийн их сургууийн хуульзүйн салбарыг төгсөөд Ставрополийн хязгаарт прокурор хийж байгаад намын ажилд шилжжээ.
1985 онд ЗХУКН-ын Төв хорооны ээлжит бус бүгд хурлаар Горбачевыг Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгосон бол 1988 онд ЗХУ-ын Дээд зөвлөлийн Тэргүүлэгчдийн даргаар томилсон байна. Ийн тэрээр зөвлөлтийн нам төрийн дээд хүн болсон байна.
Өөрчлөн байгуулалт, “Шинэ сэтгэлгээ”
Нам төрийн өндөр албанд гарч ирмэгцээ тэрээр хожим нь өөрчлөн байгуулалт хэмээн нэрлэгдсэн шинэчлэлийн хөтөлбөрөө зарласан юм. Зөвлөлт холбоот улсад ил тод байдлыг анх зарлан, улмаар 1990 онд төрийн хяналтыг үгүй болголоо. Үүнийг нь гадаад орнуудад “Шинэ сэтгэлгээ” гэж нэрийдсэн юм.
Өнөөгийнхөн энэ шинэчлэл нь Зөвлөлт холбоот улсыг тараах үндэс болсон гэж үзэх нь бий. Ер нь бол 1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхээр өөрчлөн байгуулалтын үрээр угаасаа хямраад байсан зөвлөлт холбоот улсад нийгмийн амьдралын бүхий л хүрээнд хямрал гүнзгийрсэн юм.
Харин Горбачевын нэг гавьяа бол гадаад бодлогодоо цөмийн зэвсэглэлийг хураах ажлыг эхлүүлж, Афганистанаас цэргээ гаргаж эхэлсэн явдал. Горбачев бас хоёр ертөнцийг зааглах “төмөр хөшиг” болсон Берлиний ханыг буулгаж, хоёр Германыг нэгтгэхэд гол үүрэг гүйцэтгэсэн юм.
Горбачев сүүлчийн ерөнхий нарийн бичгийн дарга, ЗХУ-ын анхны ерөнхийлөгч
ЗХУ-ын Ардын депутатуудын их хурал 1990 оны ээлжит бус гуравдугаар их хурлаараа Михаил Горбачевыг Зөвлөлт холбоот улсын анхны болоод сүүлчийн ерөнхийлөгчөөр сонгосон юм. Энэ 1990 он бол Зөвлөлт оронд аугаа их ЗХУ-ыг нэгдмэл том гүрний нь хувьд авч үлдэх эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга болж Бүгд найрамдах улсуудын Дээд зөвлөлүүд ЗХУ-ын бүрэлдхүүнээс гарч тусгаар тогтнон бие даахаа ар араасаа зарлан тунхаглаж байсан үе л дээ.
Горбачев ийм хүнд үед холбооны бүгд найрамдах арваад улсын тэргүүнтэй ЗХУ-ыг хэвээр авч үлдэх Холбооны шинэ гэрээний төсөл бэлтгэх хэлэлцээрт гарын үсэг зурахаар 1991 оны наймдугаар сарын 20-ныг товлоод байтал 19-нд Горбачевын ойрын нөхөд, үүн дотор хүчний байгууллагын сайд нар нь Онцгой байдлын улсын хороо байгуулснаа зарласан. Тэд Крым амарч байсан Горбачевыг улс орондоо онц байдал зарлах, Төрийн эрхийг дэд ерөнхийлөгч Янаевт шилжүүлэхийг шаардсан юм.
Төрийн эргэлт хийх гэсэн энэ оролдлого бүтэлгүйтсэний дараа Горбачев ерөнхийлөгчийн албандаа эргэн ирсэн ч тэртэй тэргүй түүний байр суурь ганхаад суларчихсан байлаа. Ингээд гурав хоногийн дараа Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргын бүрэн эрхээсээ татгалзаж, Зөвлөлт холбоот улсын Коммунист намаас гарч байгаагаа зарласан байна.
Улмаар 1991 оны арванхоёрдугаар сарын 8-нд Белорусь, Орос, Украин улсын удирдагч нар Беловижийн ойд “Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл байгуулах тухай хэлэлцээр”-т гарын үсэг зурснаар Зөвлөлүүдийн бүгд найрамдах улсуудын холбоо буюу Зөвлөлт социалист бүгд найрамдах улс “олон улсын эрхзүй болон геополитикийн хувьд оршин тогтнохоо больсныг” зарласан байна. Михаил Горбачев арванхоёрдугаар сарын 25-нд ЗХУ-ын ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа зогсоож байгаагаа мэдэгдсэн юм.
Чөлөөнд гарсныхаа дараа тэрээр лекц уншиж, олон улсын хэвлэлүүдэд ярилцлага өгч, Нийгэм эдийн засаг, улс төр судлалын олон улсын сан үндэслэн байгуулаад ажиллаж байсан юм.
“Би түүний 1985-1986 онуудад өөрчлөн байгуулалтын эхэн үе дэх үйл ажиллагааг өндрөөр үнэлдэг юм. Тэр дотоод болон гадаад улс төрийн бодлогодоо ардчиллын төлөө асар ихийг хийсэн. Магадгүй Горбачев байгаагүй бол хэн нэг нь үүнийг хийх байсан байж мэднэ. Гэлээ ч гэсэн түүний түүний хийсэн ажил үүрэг роль тодорхой байна” гэж ОХУ-ын анхны ерөнхийлөгч Борис Ельцин хэлсэн байдаг.