Нийгэм
“Та-Би-Та” зарчмаар соёлтой хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна

Урвуулагч хэмээх шороон “ГАХАЙ” жилийн сар шинийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллага хоёрдугаар сарын 11-ний өдрийг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэнэ.
Сар шинийн баярын үеэр олон хоног амрах тул замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийг түргэн шуурхай, аюулгүй зорчих нөхцөл, боломжийг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулалт хийж ажиллаж байна.
Тээврийн цагдаагийн албаны 530 алба хаагч, нэмэлтээр Хууль сахиулахын их сургуулийн 250 сонсогч, 32 олон нийтийн цагдаа нийслэл хотын хэмжээнд, улсын болон орон нутгийн чанартай авто замд орон нутгийн цагдаагийн байгууллагын 320 гаруй албахаагч үүрэг гүйцэтгэн ажиллана.
Алба хаагчдаас нийслэл хотын хэмжээнд нийт 240 гаруй уулзвар болон гэр хороолол, орон сууц дундах замуудыг хяналтдаа авч та бүхний амар амгалангийн манаанд ажиллана.
Ганцхан жолоочийн сахилга, хариуцлагагүй буруу үйлдлээс шалтгаалж тухайн гудамж, замын хэсэгт зохиомол ачаалал, түгжрэл үүсэхээс гадна иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учирч, зам тээврийн осол гарах шалтгаан болдог тул замын хөдөлгөөний дүрмээ баримталж, бусдад хүлээцтэй хандан Та-Би-Та зарчмаар соёлтой хөдөлгөөнд оролцохыг тус албанаас зөвлөж байна.
Түүнчлэн тус албанаас замын хөдөлгөөний нөхцөл байдал, цаг үеийн холбоотой мэдээ, мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор Авторадио FM96,3, Мэдээллийн радио 88,8, MGL102,1, Шинэ долгион 107,5, МҮОНР Хурд агентлаг, Гэр бүлийн радио 104,5, Kiss радио 100,1-тэй хамтран ажиллаж, олон нийтийн цахим сүлжээгээр мэдээлж байх юм.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.