Эдийн засаг
Австралийн үерээс Монголд олдох боломжийг дахиад л “Винсвэй” залгих уу?

Вашингтонд болсон Хятад, Америкийн эдийн засгийн иж бүрэн зөвшилцлийг үргэлжлүүлэхээр АНУ-ын Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Бээжинд ирж буй. Энэ хэлцлийн Монгол дахь нөлөөлөл нь худалдааны дайны нөлөөгөөр Хятадын эдийн засгийн өсөлт саарч, түүхий эдийн ханш буурах нь манай улсын уул уурхайн бүтээгдэхүүний экспортод сөргөөр нөлөөлөх магадлалтай. УИХ-ын дарга Г.Занданшатар ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа буюу 2019 оны нэгдүгээр сарын 29-нд МҮОНТ-д өгсөн ярилцлагынхаа үеэр урьдчилсан гүйцэтгэлээр дотоодын эдийн засаг 2018 онд 7.1 хувиар өссөн гэж мэдэгдсэн юм. Сүүлийн таван жил дэх хамгийн өндөр үзүүлэлт болох энэ тоо Үндэсний статистикийн хороогоор баталгаажих учиртай бөгөөд энэ өсөлт нь түүхий эдийн үнэ өндөр байж нүүрсний экспорт өссөнтэй холбоотой.
Дараагийн нөлөөлөл нь дэлхийн нүүрсний олборлолтын дөрөв дэх том эх үүсвэр болсон Австралийн Куинсланд мужид болж буй үерийн гамшиг Монголын нүүрсний экспортын хэмжээ болон “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсний үнийг өсгөж мэдэх нөхцөл байдал үүсээд байна.
Энэ оны нэгдүгээр сарын 31-ээс түгшүүр зарлаж төмөр зам живж, ашигт малтмалын бүтээгдэхүүн үерт урссан, одоогоор иргэдийг нүүлгэн шилжүүлэх, далан барих ажлууд үргэлжилж буй бөгөөд өнгөрсөн баасан гаригт тус улсын Ерөнхий сайд мэдэгдэл хийхдээ 300 сая гаруй ам.долларын хохирол амсаад байгаагаа, хохирлын хэмжээ цаашид ч нэмэгдэхээр байна гэсэн юм. Мөн үерийн аюулд уул уурхайн салбар нэрвэгдсэнийг дурдаад уул уурхайн олон компаниуд ажилтнуудтайгаа гэрээгээ цуцалж эхэлснийг ч нуугаагүй.
Монгол Улс нүүрсний салбараас өнгөрсөн онд 900 орчим тэрбум төгрөгийн орлого олсон, 2019 онд экспортын төлөвлөгөөгөө 42 сая тонн нүүрсээр төлөвлөж багагүй шүүмжлэл хүртээд байгаа билээ.
Австралийн үерийн мэдээ эмгэнэлтэй хэдий ч БНХАУ-ын нүүрсний нийлүүлэгч болох талаасаа Монгол Улсад дахиад л боломж бэлэглэчих шиг боллоо. Гэхдээ Хятадын тал коксжих нүүрсний импортын хэмжээгээ бууруулж буйг бодолцохгүй байх аргагүй. Хэдийгээр Хятадын тал Австралийн үерийг урьдчилан тооцоолж нөөцлөөгүй ч Монголоос экспортлох нүүрсний үнээ 70 ам.доллараас нэмэгдүүлнэ гэх найдвар тун бага.
Австралийн үерийг тооцохгүйгээр эдийн засгийн нөхцөл байдлаа харахад уул уурхайн бүтээгдэхүүн, ялангуяа нүүрс, алт, зэсийн ханшаас онцгой хамааралтай төдийгүй ханш буурвал төсвийн орлогын гүйцэтгэл сүйрэлд орж бүхэлдээ хямрах нь дамжиггүй тийм л үр дүн харагдаж, хандивлагчид эрсдэлд бэлэн байхыг сануулсаар байна. Хятадын тал энэ өдрүүдэд “Нэг бүс нэг зам” төслийн дагуух орнуудаар зорчдог олон улсын төмөр замын ачаа тээврийн галт тэрэгний маршрутаар нэвтрэх чадвараа сайжруулж долоо хоногт ганцхан удаа ирж очдог байсан бол долоо хоногт есөн удаа очиж найман удаа буцаж ирдэг болгосноо “Шинэ үеийн торгоны замын алтан галт тэрэг” хэмээн зарласан.
Одоогоос найман жил орчмын өмнө Австралийн нүүрсний хамгийн том 29 уурхай оршдог Куинсланд, Шинэ өмнөд Уэльс, Виктори муж үерт нэрвэгдэж Монгол Улс нүүрсний нийт импортын 40 хувийг нийлүүлж, экспортын хэмжээгээ 21 сая тоннд хүргэж байв. Тэгэхэд эрчим хүчний нүүрсний зах зээлийн үнэ 140 ам.доллараас давж коксжих нүүрсний үнэ 330 ам.долларт хүрч байсан. 2016 онд мөн л Австралид болсон үерийн улмаас Хятадад нийлүүлэгдэх байсан 10 сая тонн нүүрс гамшигт өртөж 90 ам.доллар байсан нүүрс 200 гаруй ам.долларт хүрсэн. Тэр үед Хятадын Засгийн газар дотоодын өдөр тутмын нүүрс олборлолтын хэмжээг 500 мянган тонноор нэмэгдүүл гэсэн шийдвэр гаргаж байсан нь Австралийн уурхайг гамшгаас аварсны дараа нүүрсний үнэ ханш хэвийн байдалд орно гэдэгт итгэлтэй байсных.
Тухайн үед нүүрсний худалдааны салбарт дагнаж ажилладаг Winsway компани 2016 оны эхний хагас жилийн тайландаа Монголоос нүүрсийг тонн тутмыг дунджаар 296 юаниар аваад Хятад руу борлуулахдаа дээр нь 199 юань нэмж 495 юаниар худалдсанаар ашгийн хэмжээ ихээхэн нэмэгдсэн тухайгаа тэмдэглэжээ.
Өмнөх оны эхний хагаст Винсвэй /Winsway/ компани Монголоос авсан нүүрсээ цааш борлуулахдаа тонн тутамд 65 юань нэмж байжээ. Winsway (нэрээ E-Commodities Holdings болгож өөрчилсөн) нь тайлант хугацаанд Монголоос нийтдээ 2.17 сая тонн нүүрс тээвэрлэн авч (үүний 90 хувь нь Тавантолгойн нүүрс), үүний 1.78 сая тонныг эцсийн хэрэглэгчдэд борлуулсан байна. Өнгөрсөн оны мөн үед тус компани Монголоос ердөө 0.33 сая тонн нүүрс авч байжээ. Ийнхүү 2015 оны эхний хагаст 1.78 тэрбум хонконг долларын алдагдал хүлээсэн “Винсвэй” 2016 оны эхний хагас 4.7 тэрбум хонконг долларын орлоготой, хоёр тэрбум хонконг долларын ашигтай ажилласнаа зарласан байдаг. Харин энэ удаад Австралийн үер Монголын нүүрсний экспортод ямар боломж бэлэглэх бол. Түүнээс хэдэн хувийг нь “Винсвэй” залгих бол.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.