Энтертайнмент
10 настай охин шаркуудаас 25 сая төгрөгийн санхүүжилт авлаа
Монгол телевизийн “Шарк танк” нэвтрүүлгийн гурав дахь цуврал үзэгчдийн хүртээл болоод багагүй хугацаа өнгөрчээ. Тэгвэл тус нэвтрүүлгийн шинэ дугаарт 10 настай Б.Индра охин шаркуудаас 25 сая төгрөгийн санхүүжилт босгосон сонирхолтой дугаар үзэгчдийн хүртээл боллоо. Нэвтрүүлгийн эхэнд охин “Бүжинд тохиолдсон хөгжилтэй явдлууд” бяцхан номоо танилцуулж шаркуудаас 5.7 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хүссэн юм. Харин шаркууд хөдөлмөрч охины авьяас, зүтгэлийг үнэлж бүгд таван сая төгрөг хөрөнгө оруулахаар боллоо.
Нэвтрүүлгийн төгсгөлд Б.Индра охин “Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ аль болох дотно байж, тэдний хүсэл мөрөөдлийг дэмжиж, хамтран ажилладаг байх хэрэгтэй. Намайг ойлгож дэмждэг ээждээ баярлалаа” гэсэн юм.
Б.Индра нэгдүгээр сургуулийн 5Г ангид сурдаг бөгөөд гурван жилийн өмнөөс өөрөө бяцхан ном бичиж, ээжээрээ зураг зуруулан худалдаанд гаргаж, үеийнхэнээ манлайлан, бүтээлээ туурвиж эхэлжээ. Мөн “Бүжинд тохиолдсон хөгжилтэй явдлууд” номын 2, 3 дугаар цуврал худалдаанд гарсан аж.
Сонирхуулахад, Шинэ цувралын шүүгчээр “Хас” Банкны ерөнхий захирал Г.Амартүвшин, “MCS” группийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин, “Петровис” группийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл, “МАК” группийн ерөнхийлөгч Н.Цэлмүүн, “Гацуурт” ХХК-ийн ерөнхий захирал Л.Чинбат нар ажиллаж байгаа юм.
Э.АРИУН
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.