Эдийн засаг
Сайд Д.Сумъяабазар “Петротек 2019” олон улсын чуулга уулзалтад оролцож байна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Бүгд Найрамдах Энэтхэг улсын Шинэ Дели хотноо энэ сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй “Петротек” газрын тос байгалийн хийн олон улсын чуулга уулзалтад оролцож байна.
Чуулга уулзалтад оролцох үеэрээ сайд Д.Сумъяабазар тус улсын ерөнхий сайд Н.Модид бараалхаж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжлав. Мөн БНЭУ-ын нэг тэрбум ам. долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Газрын тос боловсруулах үйлдвэр барьж байгуулахаар шийдвэрлэснийг уламжлан төслийн хэрэгжилт, ойрын хугацаанд хийж гүйцэтгэхээр төлөвлөж буй ажлуудыг товч танилцууллаа.
УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Энэтхэг улсын Газрын тос, Байгалийн хийн сайд Дармендра Прадхан, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Вижей Такур, “Экзим Банк”-ны Ерөнхий менежер Надим нартай тус тус уулзаж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны түүхэнд шинэ хуудсыг нээсэн Газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах ажил амжилттай хэрэгжиж буй талаар ярилаа.
Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн менежментийн зөвлөхийг сонгох тендерийг хоёр улсын хооронд байгуулсан зээлийн ерөнхий хэлэлцээрийн дагуу БНЭУ-ын “Эксим” банкнаас урьдчилсан сонгон шалгаруулалт зохион байгуулж, “Инженерс Индиа Лимитэд “ компани шалгарсан бөгөөд тус компани манай улсад төлөөлөгчийн газраа нээн ажиллуулахаар болов.
Түүнчлэн “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК болон БНЭУ-ын “Инженерс Индиа Лимитэд” компанийн хооронд хамтран ажиллах тухай Санамж бичгийг үзэглэлээ.
“Петротек 2019” олон улсын хуралд газрын тос, байгалийн хийн хайгуул, олборлолт, боловсруулалт, борлуулалтын сүлжээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй олон улсын 6000 гаруй аж ахуйн нэгж байгууллага өөрсдийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулсны зэрэгцээ дэлхийн 27 улсын Засгийн газрын гишүүн, сайд нар оролцож, 20 орчим салбар хуралдаанд өөрсдийн санал бодлыг хуваалцав.
Айлчлалын Сайд Д.Сумъяабазар “Хиндустан Петролиум”, “ОНГС”, “Палуужи энд Шапунжи” зэрэг компаниуд болон Дханбад дахь Энэтхэгийн Технологийн Их Сургуулийн Уул уурхайн сургуулийн удирдлагуудтай уулзаж, Монголын оюутан суралцагчдыг Энэтхэг улсад газрын тосны гүн боловсруулалтын чиглэлээр сургаж, бэлтгэх асуудлаар хамтарч ажиллахаар санал солилцов.
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.