Бусад
МАХН-ын дарга Н.Энхбаярын сонгуульд нэр дэвших эрх нээлттэй

УИХ-ын сонгуулийн Хэнтий аймаг дахь 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн талаар СЕХ-ноос мэдээлэл хийлээ.
СЕХ-ны Нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан “Одоо мөрдөгдөж байгаа сонгуулийн тухай хуулинд нөхөн сонгууль зургадугаар сарын сүүлийн ням гариг, аравдугаар сарын эхний ням гаригт болно гэж хуулинд заасан байдаг. Энэ хуулийн заалтыг үндэслэж, УИХ-аас нөхөн сонгуулийг товлон зарласан байгаа. СЕХ-ны зүгээс дээд шүүхэд бүртгэлтэй 31 намаас нь 27 намд нь зөвлөж маягаар албан бичгээ хүргүүлсэн. Төрийн албан хаагч, Төрийн өмчийн компанийн захирал, дэд захирал, Төрийн өмчийн оролцоотой компанийн эрх бүхий албан тушаалтнууд сонгуульд нэр дэвшихдээ УИХ-аас сонгууль зарлан товлосноос тав хоногийн дотор албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгөх ёстой. Тэгэхээр нэр дэвших сонирхолтой эрхмүүд энэ сарын 15-ны дотор үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгнө гэсэн үг.
Мөн сонгуулиас 120 хоногийн өмнө нэр дэвшигчийн болон сонгуульд оролцож байгаа намын сонгуулийн зардлын дээд хэмжээг аудитын газраас тогтоож өгөх ёстой. Тодруулбал, гуравдугаар сарын 1-нээс өмнө тогтооно” гэлээ.
Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Сонгууль явуулахад хэчнээн төгрөг зарцуулах вэ?
-Сонгууль явуулах зардлыг УИХ-ын чуулганы хоёрдугаар сарын 2-ны хуралдаанаар баталсан. 287,6 сая төгрөг зарцуулна. Үүнээс 246,1 сая төгрөг нь СЕХ-ны нэр дээр, 32 сая гаруй төгрөг нь Улсын бүртгэл, 8 сая гаруй төгрөг нь цагдаагийн байгууллагад зарцуулагдана. 21 хэсэгт санал хураалт явагдана. 21 хэсэгт 500 орчим хүн ажиллах тооцоолол байна.
-Сонгуулийн ирцийг бүрдүүлэхэд СЕХ хэрхэн яаж анхаарах вэ?
-Сонгогчдын тоо 17450 байна. 2016 онд 16519 сонгогчтой байсан. 900-гаад сонгогчид нэмэгдсэн. Ирц дээр санаа зовох нь гайгүй болов уу. Учир нь 2016 онд энэ тойргийн сонгуулийн ирц 80 хувьтай байсан. 80 хувь гэдэг бол өндөрдөө орно. Нөхөн сонгуулийн ирц бол 50+1. Гэхдээ ирц дээр бид анхаарч ажиллана.
-Шилжилт хөдөлгөөнийг хэзээнээс эхэлж хааж эхлэх вэ?
-УИХ-ын тогтоол албан ёсоор тэр газартаа хүргэгдээгүй байна. Тогтоол энэ долоо хоногт хүргэгдэх байх. Тогтоол хүргэгдсэнээр Улсын бүртгэлийн газраас шилжилт хөдөлгөөнийг хаана.
-МАХН-ын дарга Н.Энхбаярыг нэр дэвших эрх нээлттэй юу?
-Нээлттэй.
-Сонгуулийн дүнг шууд дамжуулах уу?
-Шууд дамжуулахаар төлөвлөж байна.
Б.Анир

Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.
2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.
- Галын аюулгүй байдал 40%
- Эрүүл ахуйн 34%
- Байгаль орчин 57%
- Гэмт хэрэг, хэв журам 75%,
- Барилга байгууламж 22.3%
НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.