Энтертайнмент
Дуучин Т.Дэлгэрмөрөн хайртдаа ШҮЛЭГ зориулав
“Солонгон ааштын увидас” гэх өвөрмөц нэртэй хоолны нэвтрүүлгийн хөтлөгчийг дуучин Т.Дэлгэрмөрөнгийн найз бүсгүй Х.Ананда гэдгээр нь олон нийт андахгүй.
Хэдэн цаг ч болж байсан найз залуудаа өөрийн гараар ямар ч төрлийн хоолыг маш амттай хийж өгдөг гэх Ананда загвар зохион бүтээгч мэргэжилтэй ч хоол хийх дуртай гэнэ. Тиймээс хобби, хоол хийх ур чадвараа ашиглан хоолны нэвтрүүлэг бэлтгэхээр зорьсон гэдэг.
Гэгээн хайрын баярын өдөр тохиож байгаа энэ өдрүүдэд Т.Дэлгэрмөрөн бусад хосуудаас түрүүлэн хайртдаа мэндчилгээ дэвшүүлэхийг хүсчээ. Түүний хайртай бүсгүйдээ зориулсан шүлгийг сонирхуулъя.
Би чамдаа ийм их хайртай
Бүгд хайраа илчилж амжаагүй байхад
Бүүр эрт түрүүлээд илэрхийлмээр байна
Булиглах зүрхнийхээ чандын чандаас
Бүтэн болсон амьдралынхаа тольноос
Бүгдийн нүдэнд торж тодорч тонгойж
Бүлээн нулимсандаа хахаж багтарч гунихад
Бурхан өрөвдөө байлгүй хөөрхий намайг
Буян бодож илгээгээ байлгүй чамайг минь
Бүүвэй аялуулж төрсөн үр бүлтэгнэх хэцүү
Буцлаж байсан амьдрал царцах бүр аймаар
Бүхнээ зориулчихаад юу ч үгүй хоцорход
Босгож ирээд гараа сунгасан даа чи минь
Би талархаж байгаа зөвхөн чамдаа
Бид баярлаж байгаа энэ хүн чанарт чинь
Бүгдээрээ хайрлаж байгаа шүү чамайг
Бүрэлдэж эвэлсэн дээ хэлтгий заяа минь
Бие минь тогтож сэтгэл ханасан энэ насаар
Би чамд хайр гэж юу байдгийг мэдрүүлнээ
Бүсгүй минь чи тэр агуу чандын нууцыг
Бүхний төлөө зориулаарай бас хайрлаарай
Би чамдаа тийм их хайртай
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.