Нийгэм
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зургаан шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх үү

Дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр, Ц.Амарсайхан, Д.Мөнхтуяа, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал нарын зургаан шүүгчид АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс энэ сарын 13-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэжээ.
Тэд гэр бүлийнхнийхээ нэр дээр бүртгүүлсэн хөрөнгийн эх үүсвэрийг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, Ч.Хосбаяр, Ц.Амарсайхан, Д.Мөнхтуяа, Э.Халиунбаяр, С.Төмөрбат, Н.Хангал нар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэж үзсэн АТГ-ынхан ийн эрүүгийн хэрэг нээжээ.
Түүнчлэн дээрх нэр бүхий шүүгч нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Нийслэлийн прокурорын газраас Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлэх хуультай юм байна. Энэ талаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тодруулахад өчигдрийн байдлаар нэр бүхий зургаан шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал тус зөвлөлд очоогүй байв. Хэрвээ Нийслэлийн прокурорын газраас дээрх саналыг илгээсэн нөхцөлд Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгч нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх талаар шийдвэр гаргана гэсэн үг.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.