Эдийн засаг
1072 хувьцааны үнэ цэнэ ногдол ашиг төдийхнөөр хэмжигдэх үү

“Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцаатай холбоотой мэдээлэл нийгэмд хамгийн их хүлээлт үүсгээд байна. 2.5 сая иргэний тус бүрчлэн эзэмшиж байгаа 1072 хувьцааг амь оруулах чиглэлийг Засгийн газраас өгсний дагуу ногдол ашиг тараах ажил тооцоо, судалгааны шатанд яваа юм. Олон нийтийн дунд ч “1072 хувьцааны ногдол ашгаа авмаар байна”, “Хувьцаагаа нээлттэй болгочихвол зармаар байна” гэсэн хандлага давамгайлж байна. “Эрдэнэс Тавантолгой- 1072 хувьцаа” мэдээллийн төвөөс хийсэн судалгаагаар нийт иргэдийн 70 гаруй хувь нь дээрх сонирхлыг илэрхийлж байгаа аж. Тэгвэл бид 1072 хувьцааг бэлэн мөнгө гэж харахаас илүүтэйгээр хөрөнгийн зах зээлд тоглох ямар боломжууд болгон хувиргаж чадах вэ.
Ажилчдынхаа цалинг ч тавьж чадахгүй хэмжээнд уналтад ороод байсан “Эрдэнэс Тавантолгой” компани сүүлийн хоёр гуравхан жилд зөв менежентээр ажиллаж өнгөрсөн онд 40 сая дахь тонн нүүрсээ олборлож, цэвэр ашгийн хэмжээгээр “Эрдэнэт” үйлдвэртэй зэрэгцэн ирж санхүүгийн чадамж нь огцом дээшилж тогтворжсон гэдгээ зарласан. Одоо бүтээн байгуулалтын ажилдаа ханцуй шамлан зүтгэж төмөр зам, авто зам, баяжуулах үйлдвэр зэрэг дэд бүтцээ шийдвэрлэж чадвал эдийн засгийн үр ашиг нь одоогийнхоос 2-3 дахин нэмэгдэх тооцооллыг танилцуулж байна. Хувьцааныхаа 30 хүртэлх хувийг олон улсын зах зээлд гаргахаар зорьж буй тэд Монголын хөрөнгийн зах зээлийн 70 хувийг дангаар эзэлж, энэ салбарын хөгжлийг тодорхойлох болоод байгаа. Өнөөдрийн нөхцөл байдлыг харахад хувьцааны үнэлгээ өндөр тогтох боломж бий гэж харж байгаа талаар компанийн удирдлагууд хэлж байсан. Тиймээс энэ компанийн хувьцаа эзэмшигч иргэн бүрт ногдол ашиг төдийхөн биш илүү том боломж нээлттэй байгааг олж харахыг уриалж байгаа юм.
“Монголчууд анх хөрөнгийн зах зээлд гарч байсан нь 1992 онд улсын үйлдвэрийн 485 компанийг хувьчилж иргэдэд, цэнхэр, ягаан тасалбар тарааж байлаа. 1.1 сая иргэнд олгосон боловч тухайн үед хангалттай мэдээлэл өгөөгүйгээс хувьцаа гэдгийн үнэ цэнэ, боломжийг ойлголтгүй, хөрөнгө оруулалтын эрхийн бичиг гэдгийг мэдэлгүй өнгөрсөн байдаг. Иргэд мэдлэггүйгээс зах зээлийн шуурганд дампуурсан компаниудад хөрөнгө оруулсан, эсвэл жаазлаад авдар дээрээ тавьчихсан тохиолдол нийтлэг байв. Учир нь тэдэнд энэхүү эрхийн бичиг ийм учиртай юм шүү гэж хэн ч зааж өгөөгүй. Монголчуудын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх анхны боломж нь тэр байлаа. Харин одоо хоёр дахь том боломж гарч ирж байна. Учир нь Эрдэнэс Тавантолгойн хувьцаанаас 2.5 сая хүн тус бүр 1072 хувьцааг эзэмшиж байна. Тиймээс бид хөрөнгийн зах зээл болон хувьцааны үнэ цэнийг ойлгуулахад гол анхаарал хандуулж байна ” гэж “Эрдэнэс Тавантолгой -1072 хувьцаа” мэдээллийн төвийн менежер Э.Баатарцогт ярилаа. Тэд 21 аймаг, нийслэлийн дүүргүүдэд сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулж байгаа юм билээ. “Хувьцаа нээлттэй болонгуут зармаар байна, ногдол ашиг гэж хэдэн төгрөг авах вэ” гэж асуудаг иргэд сургалтын дараа бодол, хандлага нь эрс өөрчлөгдөж байгааг ч тэрээр хэлэв. Зөвхөн иргэдийн эзэмшиж байгаа хувьцааны талаар мэдээлэл өгөх зорилготой мэдээллийн төвийг өнгөрсөн оны тавдугаар сард байгуулсан. Тухайн үед 600 мянган хүн хувьцааны дансаа нээлгэсэн байсан бол өнөөдөр 1.1 саяд хүрчээ. 1072 хувьцаа амь орж, хөдлөхөд юун түрүүнд хувьцааны данс нээлгэсэн байх ёстойг сануулж байгаа.
Компанийн 14.7 хувийг эзэмшиж байгаа иргэдэд ногдох ногдол ашгийг бүх хүнд хуваагаад үзэхэд баяжуулах хэмжээний их мөнгө ногдохгүй гэдэг нь урьдчилсан таамгуудаас тодорхой харагдаж байгаа. Тиймээс ногдол ашиг авна гэж хүлээхээс илүүтэй хувьцаагаа хадгалдаг, өсгөдөг, өвлүүлдэг, яваандаа банкны барьцаа, сургалтын төлбөр, орон сууцны урьдчилгаанд тавьж болох үнэт зүйл болох боломжтой асар том хөрөнгө оруулалт гэдгийг ойлгох, хөрөнгийн зах зээлийн жинхэнэ тоглогч болоход одооноос суралцах хэрэгтэй ажээ. 10 жилийн хугацаанд 200, 400, 500 дахин үнэлгээ нь өссөн “Сүү”, “Говь”, “АПУ” зэрэг топ индексэд байнга тэргүүлж явдаг үндэсний компаниудын жишээ бидэнд бий.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.2.18 № 32 (5999)
Б.ТӨГС

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.