Нийгэм
Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
Айл, өрхүүдэд ашиглагдаж байгаа пийшин, зуухны гэмтэл, хэт галлагаа, ил задгай асгасан цогтой үнс нурам, хараа хяналтгүй орхисон бага насны хүүхэд, иргэдийн болгоомжгүй үйл ажиллагаа, зориулалтын бус цахилгааны утасны ашиглалт, цахилгаан хэлхээний хэт ачаалал зэрэг хувь хүний санамсар болгоомжгүй байдлаас шалтгаалан ахуйн гал түймэр гарсаар байна.
Улсын хэмжээнд он гарсаар нийт 828 удаагийн ахуйн гал түймэр гарч, түймрийн улмаас 13 хүн нас баржээ. Үүний 9 нь том хүн, 4 нь хүүхэд байгаа юм.
Иймд иргэн та өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж:
- Аж ахуй, нэгж байгууллагууд барилга байгууламжийн галын аюулгүй байдал, гал унтраах автома т тоног төхөөрөмж, дохиолол, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийн бэлэн байдлыг хангаж, хяналтын камер, харуул хамгаалалтыг сайжруулах, яаралтай үед холбогдох утасны дугаар жагсаалтыг тодотгох,
- Шашины байгууллага, сүм хийдүүд хурал ном айлтгах арц, хүж асаах, зул барихдаа гал түймрийн аюулгүй байдлыг хангах,
Пийшин, зуухны янданг дээврийн гадаргуугаас 50 см-ээс багагүй өндөртэйгээр гаргах, дээвэр таазнаас яндан хүртэл 50 см-ээс багагүй зайтай байх, пийшин зуух нь хананаас 1,25 см-ээс багагүй зайтай байх бөгөөд галлагааны амны өмнө 70х50 см-ийн металл хуудас, төмөр байрлуулах,
- Иргэд цахилгааны хэт ачаалал / халуун тогоо, плитка, ус буцалгагч гэх мэт / үүсгэх, шингэрүүлсэн шатдаг хий, пийшин зуухны аюулгүй байдлыг хангаж, ил задгай үнс нурам асгахгүй байх, тагтай төмөр зориулалтын саванд хийх, бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр орхихгүй байх,
- Гал унтраах тусгай зориулалтын автомашин хүрэлцэн очих зам, гарц, барилга байгууламжийн авралтын зам, гарцыг чөлөөтэй байлгах,
- Хөлдсөн, хөрсөн автомашиныг ил галаар гэсгээхгүй байх, галласан гэрийг эзэнгүй орхихгүй байх, цахилгаан тень, халаагуур бусад цахилгаан хэрэгслийг ашиглахдаа цахилгаан ашиглалтын дүрэм журмыг мөрдөх, аюулгүй ажиллагааны заавар, зааварчилгаа авах, мэргэжлийн цахилгаанчаар холбуулж, холбогдох байгууллагуудаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.