Нийгэм
Лаборатори нэгдүгээр сургуулийн багш нарт хариуцлага тооцов
Хөрөнгө, орлогын мэдүүлгээ дутуу мэдүүлсэн нийтийн албан тушаалтанд Авлигын эсрэг хуулийн дагуу хариуцлага тооцлоо. Тодруулбал, Нийслэлийн ЕБ-ын лаборатори Нэгдүгээр сургуулийн сургалтын менежер Д.Даваасүрэн, Ц.Цэрэнхүү, Н.Манлай нарын 2016, 2017 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэгт шалгалт хийхэд дараах зөрчил тогтоогдсон юм.
Сургалтын менежер Д.Даваасүрэн нь
-Мэдүүлгийн “Орлого” хэсэгт гэр бүлийн гишүүний цалин, бусад 2 иргэний хамт өмчилж байсан Сүхбаатар дүүрэг дэх сууцны өөрт оногдох хувийг худалдан борлуулсны орлогыг мэдүүлээгүй.
-Өөрийн болон гэр бүлийн гишүүдийн харилцах данс, картын дансны үлдэгдлийг “Хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах данс болон төлбөрийн данс, картын үлдэгдэл” хэсэгт дутуу мэдүүлсэн.
Сургалтын менежер Ц.Цэрэнхүү нь
-Мэдүүлгийн “Орон сууц, барилга байгууламж” хэсэгт өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг дэх 57 дугаар байрны зоорийн давхрын автомашины зогсоол, Хан-Уул дүүрэг дэх 25 дугаар байрны зоорийн давхрын автомашины зогсоол, гэр бүлийн гишүүний бусад 3 иргэний хамт өмчилдөг Сонгинохайрхан дүүрэг дэх орон сууцыг мэдүүлээгүй.
-Гэр бүлийн гишүүний өмчлөлийн Лексус 470 маркийн автомашиныг “Тээврийн хэрэгсэл” хэсэгт мэдүүлээгүй.
-Өөрийн болон гэр бүлийн гишүүдийн банк дахь дансны үлдэгдлийг “Хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс, картын үлдэгдэл” хэсэгт дутуу мэдүүлсэн.
Сургалтын менежер Н.Манлай нь
-Гэр бүлийн гишүүний өмчлөлийн Баянзүрх дүүрэг дэх 48д байрны зоорийн давхрын автомашины зогсоолыг “Орон сууц, барилга байгууламж” хэсэгт мэдүүлээгүй нь Авлигын эсрэг хуулийн10.2-т /.Мэдүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй/ заасныг тус тус зөрчсөн байна.
Хууль, тогтоомжид заасан үүргээ биелүүлээгүй, зөрчил гаргасан Д.Даваасүрэн, Ц.Цэрэнхүү нарыг Авлигын эсрэг хуулийн 13.8.4-т/ нэг жилийн цалинтай тэнцэх буюу түүнээс их хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй, худал мэдүүлсэн, эсхүл хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, гаргахаас татгалзсан бол албан тушаалаас нь огцруулах буюу ажлаас халах/ заасны дагуу тус тус албан тушаалаас нь чөлөөлсөн.
Н.Манлайд мөн хуулийн 13.8.3-т /зургаан сараас дээш нэг жил хүртэлх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн бол албан тушаал бууруулах, эсхүл албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах/ заасны дагуу сарын цалингийн 30 хувийг гурван сарын хугацаатай бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Эх сурвалж: АТГ
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.