Эдийн засаг
М.Энхсайхан:Орлогоо ирээдүй үетэйгээ хуваалцья гэвэл хамаагүй эрүүл байхсан

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Оюун-Эрдэнэ Норвегийн сангийн талаар хөндсөн нь олон нийтийн дунд бас нэгэн хэлэлцүүлгийг дэгдээгээд байгаа. Сангуудын талаар Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхан ийнхүү байр сууриа илэрхийлсэн байна.
Дэлхийн улс орнууд хойчийн ирээдүйгээ бодоод хөрөнгө мөнгө хадгалах гэж оролдож байсан нь Баялгийн сан нэртэй эдийн засгийн том үзэгдэл болж ялангуяа 2000-аад оны үед их л хүч авч байсан байдаг.
Энэ үзэгдэл Монголыг бас тойроогүй. Нэн ялангуяа суперциклийн үед уул уурхайн түүхий эдийн үнэ өндөр байх үед тун моодонд орсон яриа болж байсан.
Бусад орнуудаас хоцроод яахав гэсэн бололтой Норвегийн сан руу олон ч хүмүүс очиж туршлага судалж байж. Манайх шиг зэс ихтэй Чили орноос суралцья хэмээн тэднийхээс эрдэмтэн мэргэдийг залж өөрсдөө ч зөндөө очсон. Гэвч Монголд Баялгийн сан жинхэнэ утгаараа байгуулагдаж чадаагүй. Харин Монгол яаж бүтэлгүйтснийг хичээл болгон Оксфордод ярьж байхыг энэ муу дэлдэнгээрээ сонссон нь саяхан даа. Яагаад бүтэлгүйтсэн тухай, юу хийх ёстой талаар зарим санааг хэлбэл энэ асуудлыг дахин сөхөж буй хүмүүст хэрэг болох буйзаа.
Уул уурхайн түүхий эд дахин нөхөгдөхгүй байгалийн нөөц учир түүнийг олборлож, ашигласнаас олсон орлогыг зөвхөн энэ үеийнхэн идэж ууж, хэрэглэх биш мөн ирээдүй болсон хойч үедээ нэг хэсгийг нь үлдээх гэдэг үндсэн зарчмаас энэхүү сан байгуулах санаа үүсэлтэй юм.
Манайхны зарим нь байгалийн нөөцөө онгон хэлбэрээр нь хойч үедээ үлдээх шахуу юм ярьдаг. Энэ нь оюуны залхуурал, өөрсдөө энэ үеийнхэн хоцрогдолтойгоо байя гэсэнтэй агаар нэгэн сонсогдох юм. Үүний оронд байгалийн нөөцийг зохистой ашиглая, олсон орлогоо ирээдүй үетэйгээ Сан байгуулж хуваалцья гэвэл хамаагүй эрүүл байхсан.
Хойчоо боддоггүй өнөөдрөөр амьдрагсад уул уурхайгаас олсон орлогыг бушуухан зарцуулахыг хүсдэг. Хүний л араншин юм шиг байгаа юм. Монголчуудад энэ хандлага маш хүчтэй.
Уул уурхайгаас олсон хэдэн мөнгөө нэгэн улс төрч “иргэн бүрт нэг нэг сая төгрөг болгоно тараана” гэсэн. Өрсөлдөгч тал нь “1,5 сая төгрөг өгнө” гэв. Шинээр гэр бүл бологсдод 500К тараана гэлээ. Гэх мэтээр Уул уурхайгаас олж буй орлогоо тарааж цацаж эхлэв. “Гэнэтийн ашгийн татвар” гэж хойч үетэйгээ хуваалцах хөрөнгийг төсвөөр дамжуулан “идлээ”.
Хамгийн гол нь энэ мөнгийг авч байснаа ихэнх нь мартчихсан өнөөдөр уул уурхайг харааж суугаа байх.
Монголд тохиолдсон явдал бусад оронд мөн л гарч болох байж. Тэд арай л ухаалаг хандсан байдаг. Яаж? Хамгийн түрүүнд санг хэрхэн нэрлэх вэ гэдгээс эхэлсэн байдаг. Баялгийн санг Баялгийн гэж нэрийдвээс хүмүүс сангийн хөрөнгө мөнгийг хадгалах биш зарцуулахыг улс төрчдөөс илүүтэй шаарддаг байна. Тийм шаардлагын эсрэг зогссон хэнбугайч дараачийн сонгуульд унах тавилантай юм.
Улс орнууд Нөөц сан, Тогтворжуулах сан гээд янз бүрийн нэр томьёо гаргасан байдаг. Норвеги өөрийн сангаа Тэтгэврийн сан гэж нэрлэв. Тэтгэвэртэй ямар ч холбоогүй л дээ. Гэхдээ Тэтгэврийн сан гэсэн нэршил олон хүмүүсийг олсон мөнгөө зарцуулах бус, хадгалах ёстой гэдэгт итгүүлсэн байна.
Монголд иймэрхүү сан байгуулах яриа гарч байх үед миний бие “Зовох цагийн сан” гэсэн нэр томьёо санал болгож байв. Ярьж ярьж, туршлага судалж судалж олонхи нь 2009 онд “Хүний хөгжлийн сан” гэгчийг байгуулсан. Ингэж үрлэгийн үүд нээгдэж, Хүнээ хөгжүүлэх хэрэгтэй гээд уул уурхайгаас олсон мөнгөө цацаж эхэлсэн. Мөнгө нь дуусахаар Төрийн өмчит компанийн нэрээр зээл авч баахан өрөнд орсон байдаг.
Тэр их цацсан мөнгөө улс төрчдийн хармаанд орсон гэж хавтгай хардагсад нь дийлэнх болчихоод Монгол өөрийгөө өнөөдөр зовоож байх шиг.
Үйлийн үр юмуу даа гэж бодогдох.
Нөхцөл байдлаа ухаарах аядаж 2016 онд “Ирээдүйн өв сангийн тухай” хууль гаргаснаар “Хүний хөгжлийн сан” гэдэг үрлэгийн үүд хаалга хаагдсан. Хамгийн гол нь супкерцикл дуусч сул мөнгө орж ирэхээ болисон явдал манай улс төрчдийг ухаарал руу түлхээд байгаа. Яг ухаарсан уу гэдэг тун эргэлзээтэй. Түүний нотолгоо нь ЖДҮ болон бусад сангууд.
“Ирээдүйн өв сан” гэдэг нэршил “Хүний хөгжлийн сан” гэдэгтэй харьцуулбал сэтгэлгээний хувьд нэг алхам урагш болсон байх. Гэвч хууль нь байж л байдаг хөрөнгө мөнгө нь байхгүй л байна.
Хоног хоногоор дундарч байдаг байгалийн нөөцөөс олсон орлогоос ирээдүй үедээ өнөөдөр Монголчууд юу ч үлдээхгүй байна л гэсэн үг.
Үйлийн үр гэж байдаг л юм билээ.
Мэндсайханы Энхсайхан. 2019.02.17

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.
-
Нийгэм6 цаг өмнө
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ
-
Нийгэм9 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм7 цаг өмнө
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна
-
Нийгэм8 цаг өмнө
АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав
-
Нийгэм7 цаг өмнө
Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа
-
Нийгэм7 цаг өмнө
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ
-
Улс төр8 цаг өмнө
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв
-
Улс төр6 цаг өмнө
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа