Нийгэм
Л.Эрдэнэчулуун: Монгол Улс ШХАБ-д элсэхгүйгээр хөгжих тухай ярих ч хэрэггүй
Гадаад хэргийн сайд асан Л.Эрдэнэчулуун гуайтай ярилцлаа. Бидний яриа нийгмийн анхаарлын төвд байгаа ШХАБ болон гадаад бодлоготой холбоотой асуудлын хүрээнд өрнөв.
-Нийгмийн анхаарлын төвд байгаа Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-аас ярилцлагаа эхэлье. Энэ байгууллага байгуулагдаж байсан түүх, шалтгааныг эргэн саная. Тухайн цаг үед та Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаадын бодлогын зөвлөх байсан байх аа?
-Тийм ээ. Анх 1996 онд “Шанхайн тав” нэртэй бүлгэм байгуулагдаж байсан.Түүнд Орос, Хятад, Казахстан, Киргизстан Тажикстан зэрэг орон нэгдэж байсан. Тухайн үед энэ таван улс цэргийн салбарт итгэлцлээ бэхжүүлэх, хил орчмын бүс нутагт цэргийн хүчийг хорогдуулах, цэрэг хүчний маргаантай асуудлаа зохицуулах зорилготой байсан. Дараа нь 2001 онд Узбекистан улс нэгдэн, тэр үеэс “Шанхайн тав” биш, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага гэсэн нэртэй болсон. Өнөөдөр энэ байгууллага дүрэм, журам, хөтөлбөр гээд олон баримт бичиг батлаад явж байна. Үйл ажиллагаа нь ямар чиглэлээр явах нь тодорхой болсон. Манайхны зарим нь ШХАБ бол улс төр, цэргийн эсвэл, бараг л НАТО, хуучин Варшавын гэрээний байгууллага болох төлөвтэй гэж ярьж байна. Гэтэл байдал тийм биш. Энэ байгууллага дүрэмдээ цэрэг, улс төрийн эвсэл болохгүй гэж тов тодорхой тусгасан байгаа шүү дээ. Хэрвээ эсвэл бол Монгол Улс ШХАБ-ын гишүүн болж болохгүй нь тодорхой шүү дээ. Учир нь манай гадаад бодлогын үзэл баримтлалд Монгол Улс эвсэлд нэгдээгүй орон гэж биччихсэн байгаа. Манайх эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний гишүүн. Тиймээс эвсэлд нэгдэх ёсгүй. Цагаан дээр хараар бичсэн хууль, дүрмийг бүх гишүүн орон дагах ёстой.
-Манай улс ШХАБ-д 2004 онд ажиглагчаар элссэнээс хойш 15 жил болжээ. Өнөөдөр харин ажиглагчийн статусаа ахиулж, ШХАБ-ын бүрэн эрхт гишүүнээр шинээр элсэх үү, эс элсэх үү гэдэг хэлэлцүүлэг өрнөж байна. Та мэргэжлийн хүний хувьд энэ асуудалд хэрхэн хандаж байна вэ?
-Миний хувьд өнгөрсөн жилээс энэ сэдэв яригдах үед хэвлэл мэдээллээр нэг бус удаа өөрийн байр сууриа илэрхийлж ирсэн. Ер нь Монгол Улс ШХАБ-д элсэх хэрэгтэй. ШХАБ гэдэг олон улсын байгууллагад элсэхгүйгээр Монгол Улс цаашаа хөгжих тухай ярих ч хэрэггүй. Миний бие Гадаад хэргийн сайд байхдаа Монгол Улсыг энэ байгууллагад ажиглагчаар элсүүлж байлаа. Зүгээр байж байгаад ийм шийдвэр гаргадаггүй юм. Олон талаас нь судалж, гол орнуудтай яриа хэлэлцээ хийсний үндсэн дээр ийм шийдвэр гаргасан. Манай улсыг анхаасаа бүрэн эрхт гишүүнээр элсүүлэх сонирхолтой байсан. Бидний хувьд энэ байгууллага шинэ байсан учраас хөгжлийн замыг тэр болгон бүрэн харах боломжгүй байсан. Тиймээс эхлээд ажиглагч больё, дараа нь гишүүнээр элсэх үү, үгүй юү гэдгээ шийдэхээр болсон. Үүнээс хойш 15 жил өнгөрчээ. Энэ хугацаанд олон улсын энэ байгууллагад элсэх үү, үгүй юү гэдэг санал дүгнэлтээ гаргах бүрэн бололцоотой байсан гэж бодож байна. Энэ хугацаанд манайх бүх л дээд хэмжээний уулзалтууд нь орсон санагдаж байна. Дээд хэмжээний уулзалтуудад оролцсон манай төр засгийн тэргүүнүүд энэ байгууллагын зорилго чиглэлийн талаар тодорхой мэдээлэлтэй болсон байж таараа шүү дээ.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.