Энтертайнмент
Дэлхий тэр чигтээ сайн зохиолоор цангаж байна
“Гурван найз”, “Их хотын залуус”, “Хөгжилтэй гэр бүл” хэмээх хөнгөн өнгө аястай олон ангит кинонууд үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө хэсэгтээ л уясан. Тэрхүү бүтээлүүдийг ур ухаанаа дэглэн, эмхэтгэж, оюун санаандаа тольдон нэгтгэсэн найруулагч С.Баттулгын ярилцлагыг хүргэж байна. Сүүлийн үед Монголын урлагт бодлогын гадна орхигдсон ч жамаараа хөгжиж яваа олон ангит киноны нөхцөл байдал, цаашдын чиг хандлагын талаар түүний мэдлэг туршлага, үзэл бодлоос хэлтлэн хуваалцахыг хүслээ.
Манай улс дан өөрсдийн хийгээд, гаднын улсын зохиол дээр ажиллан нэлээд хэдэн олон ангит кинотой боллоо. Таны хувьд гурван олон ангит кинон дээр ажиллаж, дэлгэцнээ гаргасан. Тэгэхээр танаас манай олон ангит киноны хөгжлийн шугам, чиг хандлагын талаар эхлээд асуумаар байна?
Аливаа бүтээл “Зохиол. Зохиол. Бас дахин зохиол” гэдэг алтан зарчимтай шүү дээ.Дэлхий тэр чигтээ сайн зохиолоор цангаж байна. Зохиолын илэрхийллээс шалтгаалж, тухайн кино бий болдог. Олон ангит кинонд ч зохиол чухал үүрэгтэй. Тэр утгаараа“Боловсрол” суваг телевизийнхэнтэй хамтраад гурван олон ангит кино хийсэн.Ингэхдээ гаднын улсын зохиолыг авч, нутагшуулах зарчмаар явсан. Зөвхөн манай улс ингэдэг юм биш. Ер нь дэлхийн кино урлагт тухайн нэг улсын киноны зохиолыг нь авч, бүтээл болгох зарчим байдаг. Үүнийг л тэр гурван сериалд ашигласан. Ингэхэд давуу болон сул талууд бий. Гэхдээ давуу тал нь их. Яагаад гэвэл уг бүтээл Солонгос, Орост гэх мэт нэг улсад дэлгэцнээ гараад, үзэгчдийн шүүлтүүрээр орсон байдаг. Сайхан, муухайгаараа дуудуулаад рейтинг нь тогтсон зохиол дээр ажиллах нь илүү амар байдаг. Сул тал нь тухайн зохиолыг нутагшуулах юм. Түүнийг Монгол хүний сэтгэхүйд зориулж, соёлд нь ойртуулахад бэрх. Гэхдээ үүнийг уран бүтээлчид “монголчлох” гэж үзэж хичээдэг. Мөн өнөөдөр манай улсад дотоодын уран бүтээлчид өөрсдөө зохиолоо бичээд олон ангит кинонууд хийж байна. Тэр дунд сайн хийгээд тааруухан бүтээлүүд алагладаг. Гэхдээ бүх нийгэмд ийм л байдаг.
Сүүлийн таван жилд уран бүтээлчид олон ангит киног хийх нь эрчимжлээ. Өнөөг хүртэл хөгжлийн тушаа нь юу байв?
Намайг дөнгөж их сургуулиа төгсөөд, энэ салбар руу хөл тавих үед оюуны өмч гэдэг зүйл ширэнгэн ойд байгаатай адил л байлаа. Дуртай суваг нь дуртай кино нэвтрүүлгээ авч орчуулдаг байсан. Оюуны хулгай гаарч, түүнийг дээдлэх, эрхэмлэх ухамсар, ойлголт байхгүй байсан үе. Орос, Америкийн хамгийн шилдэг, сонирхолтой гэсэн бүтээлийг оюуны өмчийн зөвшөөрөлгүй түүгээрээ хоол олж иддэг байв. Тэр үед кино урлагийнхан оюуны өмчийн асуудлыг ярьж, өөрчлөлтийн салхи сэвэлзүүлэхийг эрмэлзэж байсан. Гаднынхны өмчийг хууль бусаар оруулж ирэхийг хамгаалснаараа дотоодын кино үйлдвэрлэгчдийн өмч давхар хамгаалагдах, хөгжил нь дээшилнэ гэдэг байсан. Энэ бол 2000 оны эхэн үеийн нөхцөл байдал. Харин сүүлийн үед эрхзүйн орчны талаар хөндсөнөөр дотоодын уран бүтээлчид олон ангит уран сайхны кино хийх боломж бүрдсэн. Хэрэв тэгээгүй байсан бол магадгүй оюуны өмчийн хулгай гаарсаар, дотоодын уран бүтээлчдэд боломж олдохгүй байсан байх. Өнөөдөр эрх зүйн орчин дөнгөж үнэртмэгц бараг телевиз бүр олон ангит кино хийж байна. Өөрийн гэсэн олон ангит кинотой болж нийгэмд нөлөөлж, арилжаа хийж, соёлыг түгээж, телевизийн нэр хүнд боломжийг илэрхийлж болох нь гэдгийг тэд ойлгожээ. Тэр ч утгаараа миний хамтарсан “Боловсрол” суваг телевиз оюуны өмчийн эрхтэйгээр киноны зохиолуудыг худалдаж аваад хөрсөндөө буулгадаг. Зөвхөн Монголд тийм биш. Бүх улсад ийм жишиг байдаг. Гэхдээ өнөөдөр манай улсын урлагийн салбарт бодлогын зохицуулалт ус агаар шиг л хэрэгтэй байна.
Солонгос улс өнөөдөр олон ангит киногоороо нэлээд ашиг олдог. Манай улсад л гэхэд өчнөөн гарсан. Тэдний олон ангит киноны хөгжлийн зам нь манайхтай мөн адилхан гаднын зохиолыг худалдаж авч ашиглах зарчмаар эхэлсэн гэдэг. Тэгэхээр бид зөв жишгээр явж байгаа байх нь. Тийм үү?
Ер нь дэлхий нийтийн зарчим ийм. Кино хөгжсөн орнуудын жишиг гэх үү дээ. Мөн кино урлаг байгаа газар бүрт иймэрхүү зарчим үйлчилдэг. Аливаа сайн зохиолыг хөрсөндөө шингээж авсан тохиолдлууд маш олон байдаг. Үүнийг шинийг эрэлхийлэл гэж харах хэрэгтэй. Зөвхөн хөгжиж байгаа орнуудад ажиглагддаг зүйл биш.
Таны ажилласан кинонууд дээр тусгайлан авч үзье л дээ. Олон ангит кино найруулах ямар ч туршлагагүй та жишээ нь хэрхэн эхэлсэн тухайгаа ярихгүй юу?
“Амьдрал чиний төлөө” гэдэг кинонд жүжигчний хувиар ажилласан. Энэ нь олон ангит кинотой холбогдсон анхдагч түүх юм. Харин олон жилийн дараа “Боловсрол” суваг телевизийн “Гурван найз” киноны найруулагчаар ажиллах санал ирсэн. Эхний кинонд мэдэхгүй нь зовлон их байсан. Өмнө нь хэдэн уран сайхны кинонд ажилласныхаа хувьд тэрнийхээ суурин дээр л явсан даа. Өөртэйгөө хэрэлдэх, зөрчилдөх зүйл их байсан.Харин хоёр дахь олон ангит кинондоо ажиллахад өмнө олон ангит кинон дээр ажилласан туршлага минь надад зовлон болсон. Өөрөөр хэлбэл, өөрийгөө хуулах маягтай болсон. Өөрийгөө хуулахаас илүүтэйгээр хуурах ч гэх юм уу. Уран бүтээл бүр шинэ байх хэрэгтэй. Ингэхийн тулд туршлагатай байх хэрэгтэй ч түүнийгээ зөвөөр баланслахгүй бол миний өргөн сэтгэх, өөр өнцгийг харах сэтгэхүйг минь тагладаг юм билээ. “Ингэж л хийдэг” гэсэн хайрцагт орох гээд байдаг. Дараагийн олон ангит дээр бол аль болох энэ байдлаас зугтах гэж хичээсэн. Тэгээд болсон юм уу, яасан юм. Мэдэхгүй. Миний нэг ах “Хүн өөрийгөө боллоо гэж бодох агшнаас тэр хүний мөхөл ирдэг” гэж хэлж байсан. Яг л түүн шиг зүйл зарим утгаараа надад тохиолдож байсан. Тэгэхээр хүн уран бүтээлд шунамхай байх хэрэгтэй юм билээ. Тэгээд л би дандаа ахиж, илүүг хүсэж байх хэрэгтэй гэдэг зарчимтай болсон доо.
Кино дэлгэцээр гарах мөчид энэ бүхнийг анзаардаг юм уу?
Зураг авалт үргэлжилж, монтаж, дууны найруулга, чимэглэл, эвлүүлэг ороод, эфирт гаргах нь кино бүтээх нэг цөм. Энэ дунд мэдээж олон үйл явдал өрнөнө. Өөртэйгөө зөрчилдөхөөс эхлээд. Гэвч төгсгөлд нь кино эцсийн бүтээгдэхүүн болох мөчид чээж дүүрээд, өөртөө ханадаг. “Ямар ч байсан хийлээ. Дууслаа. Чадлаа” гээд шатдаг. Аа, харин тэр үед таг дүлий болно. Хэр баргийн юмыг харахгүй. Сонсохгүй шүү дээ. Харин тодорхой он цагийн дараа хийсэн киногоо харахад “Ээ дээ, хүйтэн хөлс чахарна даа”.
Таны ажилласан олон ангит кинонууд үйл явдлыг эрхэмлэдэг шүү дээ. Үүний онцлог кино хийх үйл явцын талаар сонирхмоор байна?
Тийм ээ. Төрөл нь гэх үү дээ. Энэ нь цөөхөн объекттой бөгөөд жүжигчдээрээ бөмбөгддөг жанр. Тэр утгаараа бид ярилцаад хэд хэдэн павилон зассан. Баарны, эмнэлгийн, гэрийн, ажлын хэсгийг нь харуулсан объект тохижуулаад зураг авалт хийсэн. Ингэснээр цагт шахагдахгүй давуу талтай. Мөн камерын хөдөлгөөн, жүжигчид сургуулилт хийхэд ч боломжийн байдаг. Дээрээс нь тайз барина гэдэг уран бүтээлч сэтгэлгээг дэмжсэн, гоё илэрхийлэл л дээ. Бэлэн байгаа объектод зураг авснаас тайз засах нь зураачийн уран чадварыг харуулдаг. Олон ангит кино ийм зарчмаар явахаар жүжигчдэд жаахан хэцүү байдаг. Бид объектоо хөөж зураг авдаг гэдэг шүү дээ. Жишээ нь, долоодугаар ангийн наймдугаар сценийг өнөөдөр авчихаад, наймдугаар сценийг хоёр сарын дараа шал өөр газар авахад долоодугаар сценид тоглосон тэр жүжигчний тээш хоёр сарын дараа тэнд байх хэрэгтэй. Ингэхээр залгамж чанар жаахан алдагдах гээд байдаг талтай. Гэхдээ сайн жүжигчин, сайн уран бүтээлчид үүнийгээ алдахгүй байгаа л даа.
Та жишээ нь кинонууд дээрээ хэр хугацаатай ажилласан бэ?
40 ангитай киноны зураг авалт 4-6 сарын турш үргэлжилнэ. Энэ хооронд давхар эвлүүлгийн ажил явна. Тэгээд зураг авалт дууссанаас хойш эвлүүлэг, хөгжим, өнгө, гэрлийн ажил өрнөдөг. Уран бүтээлч, найруулагчийн илэрхийлэл энэ тэр гэж ярьдаг. Гэвч зүй нь бол зохиолын мөн санааг илэрхийлэх нь чухал. Түүнээс биш найруулагч алтан санаа энэ тэр гаргана гэсэн зүйл байхгүй. Зарим чухал тохиолдолд л энэ илэрдэг. Социалист үеийнх шиг “Урлаг гэдэг бол…” гэсэн тогтсон суртлаас цэнхэр гарагаараа татгалзсан байна. Урлагийн бүх зүйл л “Гайхширалд хөтөл” гэдэг дүрмээр явж байгаа цаг шүү дээ. Гэхдээ аливаа уран бүтээл хийхэд зорилт байна. Бидний кинонд гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, хөнгөн инээд, итгэлцэл бол бий.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.