Эдийн засаг
“Ард кредит ББСБ” ХК-ийн нэмж гаргаж буй үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн арилжааны танхимд өнөөдөр /2024-02-15/ “Ард кредит ББСБ” ХК-иас олон нийтэд санал болгон нэмж гаргаж буй үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо.
Ёслолын ажиллагаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаяр, Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн, “Ард санхүүгийн нэгдэл”-ийг үүсгэн байгуулагч Ч.Ганхуяг “Ард кредит ББСБ” ХК-ийн ТУЗ-ийн дарга Ч.Ганзориг, Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн болон албаны бусад төлөөлөл оролцлоо.
Ёслолын ажиллагааг нээж “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаяр хэлсэн үгэндээ: “Ард кредит ББСБ” ХК нь 2011 онд байгуулагдсан МУ-ын банк санхүүгийн салбарт олон шинэлэг төсөл хөтөлбөр, бүтээгдэхүүн үйлчилгээг шинээр нэвтрүүлж, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлуудыг технологийн хөрөнгө оруулалт, менежменттэй ажиллагаагаараа амжилттай даван туулж ирсэн МХБ-ийн ТОП-20 индекс, 1-р ангилалд амжилттай багтсан нээлттэй хувьцаат компаниудын нэг” гэдгийг онцлоод “Ард кредит ББСБ” ХК-ийн олон нийтэд нээлттэй хүрээнд нэмж гаргаж буй нэг бүр нь 106 төгрөгийн үнэ бүхий нийт 84,000,000 ширхэг энгийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг өнөөдрөөс эхлэн 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 10:00-16:00 цагийн хооронд хүлээн авах болно. “Ард кредит ББСБ” ХК-ийн хамт олонд баяр хүргэж, арилжааны үйл ажиллагаанд нь амжилт хүсье” гэв.
Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн: “Санхүүгийн зохицуулах хорооноос хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх, үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагч, зах зээлд оролцогчдын оролцоог нэмэгдүүлэх, цаашлаад хөрөнгийн зах зээлийн эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэх чиглэлээр бодлого зохицуулалтын ажлуудыг эрчимтэй хэрэгжүүлж байна. Эдгээрээс нэн чухал нь мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчдыг дотоодын зах зээлд нэвтрүүлэх явдал бөгөөд үүнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай суурь хүчин зүйл нь зах зээл дээрх чанартай бүтээгдэхүүнүүд, засаглал сайтай компаниудыг нэмэгдүүлэх ажил юм. Тэр ч утгаараа санхүүгийн салбар тэр дундаа банк бус санхүүгийн байгууллагын түүчээлэгч томоохон компаниудын нэг “Ард Кредит ББСБ” ХК нь нийт хувьцааныхаа 30 хүртэл хувьтай тэнцэх хувьцааг нэмж гарган олон нийтэд санал болгож, нийт 8.9 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн танай хамт олонд баяр хүргэж, анхдагч зах зээлийн арилжааны үйл ажиллагаанд амжилт хүсье” гэв.
“Ард кредит ББСБ” ХК-ийн ТУЗ-ийн дарга Ч.Ганзориг: Миний хувьд 2019 онд Гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа анхны IPO гарган, 5.3 тэрбум төгрөгийг хөрөнгийн зах зээлээс татан төвлөрүүлж байсан. Тэр үеэс өнөөг хүртэл бид анх IPO хийхдээ олон нийтэд танилцуулж байсан бүх төлөвлөгөөгөө давуулан биелүүлснээ өнөөдөр та бүхэнд итгэл төгс илэрхийлж байна. Бид нээлттэй компанийн зөв засаглалыг хэрэгжүүлснээр 2023 оны байдлаар компанийн зах зээлийн үнэлгээ 30 тэрбум төгрөгт хүрсэн, 13,700 хувьцаа эзэмшигчтэй, нийт хөрөнгийн хэмжээ 71.5 тэрбум төгрөг, зээлийн багц 50 тэрбум төгрөг, цэвэр ашиг 2.7 тэрбум төгрөгийн үзүүлэлттэй болсон байна. СЗХ-ноос 5, Монгол банкнаас 3 тусгай зөвшөөрөл авч зохицуулагч байгууллагуудын хяналт дор үйл ажиллагаагаа амжилттай өргөжүүлэн тэлж байна. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд нийт 5 удаа, 5 тэрбум гаруй төгрөгийн ногдол ашиг олгосон. Өнөөдөр бид дахин 8.9 тэрбум төгрөгийн нэмэлт хувьцаа гаргаснаар компанийн засаглалаа илүү сайжруулж, жижиг хувьцаа эзэмшигчдийн тоо, оролцоо нэмэгдэх боломж бүрдэнэ. Татан төвлөрүүлсэн хөрөнгөөр зээлийн үйл ажиллагаа, тэр дундаа цахим зээлийг санхүүжүүлэхээр төлөвлөж байна. Мөн өөрийн хөрөнгө нэмэгдсэнээр компанийн актив нэмэгдэх боломжтой болно. Хойшид хувьцаа эзэмшигчдийн үнэ цэнийг улам нэмэгдүүлэх чиглэлд зорьж ажиллана. Өнгөрсөн хугацаанд бидэнд итгэж хөрөнгө оруулсан хувьцаа эзэмшигчдэдээ баярлалаа. Хамтын үнэ цэнээ өсөн нэмэгдүүлэх бидний урсгалд нэгдэхийг хөрөнгө оруулагчдадаа уриалж байна” хэмээн хэлсэн юм.
Ийнхүү Монголын хөрөнгийн биржийн 7,154 дахь удаагийн арилжааг нээж “Ард кредит ББСБ” ХК-ийн ТУЗ-ийн дарга Ч.Ганзориг, “Ард кредит ББСБ” ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн нар цан цохилоо.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Эдийн засаг
1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг шилжүүлж эхэллээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийн үлдэгдэл болох 93499 төгрөгийг өнөөдрөөс олгож эхэллээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн оны цэвэр ашгаас 1072 хувьцаатай иргэн бүрд 350 мянган төгрөгийн ногдол ашгийг гурав хуваан олгохоор шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн дагуу өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 1072 хувьцаатай иргэнд 121,500 төгрөг тараасан. Үүний дараа цагаан сарын баярын өмнө 100,006 төгрөгийн ногдол ашиг олгосон билээ.
Иргэн та Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцаатай бол татварын дараах дүнгээр 93.5 мянга орчим төгрөг авна. Хэрэв та 750 ширхэг хувьцаатай бол 75 мянган төгрөгөөс татвар суутгаад 69 мянган төгрөг авах юм байна.
Эдийн засаг
Экспортын орлого 237 сая доллар болж өмнөх долоо хоногоос 9 хувиар өсөв

Экспортыг эрчимжүүлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэх ажлын хэсгийн IV хурал боллоо. Сангийн яамны Санхүү төсвийн судалгааны газрын дарга Г.Золбоо Монгол Улсын экспорт, импорт, гадаад валютын өнөөгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа.
Тэрээр, Монгол Улсын экспортын орлого өмнөх 7 хоногтой харьцуулахад 237 сая ам.доллараар буюу 9 хувиар өссөн. Үүнд: зэсийн баяжмалын экспорт 26 хувиар, төмрийн хүдрийн экспорт 4 хувиар өссөн нь нөлөөлсөн бол гадаад валютын нөөц өнөөдрийн байдлаар 5.0 тэрбум ам.доллар буюу өнгөрсөн 7 хоногийн түвшинд хэвээр хадгалагдаж байна гэв.
Мөн “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт, Засгийн газраас төрийн өмчийн уул уурхай компаниудад өгсөн чиглэлийн дагуу хэрхэн ажиллаж байгаа талаар танилцуулсан юм.
Тухайлбал, экспортоо 442.5 сая ам.доллароор нэмэгдүүлж, 137.2 ам.долларын өртөг бүхий зарим томоохон хөрөнгө оруулалтаа хойшлуулах байдлаар 580 сая ам.доллар бүрдүүлэхэд анхаарч байна.
Түүнээс гадна төслийн хөрөнгө оруулалт татах чиглэлд 220 сая ам.доллар, “Ногоон зээл” урьдчилгаа төлбөрийн санхүүжилт татах хүрээнд 200 сая ам.доллар зэрэг нийтдээ валютын нөөцийг 1 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна хэмээн танилцуулав.
Хуралдаанаар агууламж багатай нүүрс, төмрийн хүдрийг биржээр арилжаалах боломжийг судлах, орон нутгийн чанартай автозамаар тээвэр хийх нөхцөлийг бүрдүүлэх зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Ажлын хэсгийн хурлыг Сангийн сайд Б. Жавхлан даргалж, Сангийн яамын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат, “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С. Наранцогт, ГЕГ-ын дарга Р. Отгонжаргал, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х. Мөнхжаргал болон бусад албаны хүмүүс оролцлоо
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК 32.0 мянган тонн коксжих нүүрс арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 5 багц буюу 32.0 мянган тонн коксжих нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа.
Арилжаанд 5 оролцогч оролцож 94.3 ам.долларт хэлцэл хийгдлээ. Биржийн арилжаа эхэлснээс хойш нийт 128 удаагийн арилжаагаар 2.88 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 25.5 сая тонн нүүрс борлуулсан үзүүлэлттэй байна.
Компани зах зээл уналттай энэ үед борлуулалтын оновчтой бодлого хэрэгжүүлэн, нүүрсний борлуулалтыг тасралтгүй, хэвийн явуулахыг зорж байна. 2025 он гарснаас хойш Монголын Хөрөнгийн Биржийн нээлттэй цахим арилжаагаар амжилттай хийгдсэн хэлцлийн дийлэнх хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хэлцэл бүрдүүлсэн үзүүлэлттэй байна.
-
Дэлхий дахинд18 цаг өмнө
The U.S. tariff tantrum: A self-defeating trade war
-
Эдийн засаг22 цаг өмнө
1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг шилжүүлж эхэллээ
-
Нийгэм23 цаг өмнө
Архангай, Хэнтий аймагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
-
Нийгэм24 цаг өмнө
Монгол хэл бичгийн шалгалт энэ сарын 18-19-нд болно
-
Улс төр23 цаг өмнө
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар иргэдийн өргөдлийг ажлын хэсэгт шилжүүллээ
-
Улс төр24 цаг өмнө
ОУПХ-ны 150 дугаар Ассамблейд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа илтгэл танилцууллаа
-
Улс төр24 цаг өмнө
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцлээ
-
Нийгэм23 цаг өмнө
Хөнгөн төмөр замын тээвэр төслийг Толгойт-Хүннү хот чиглэлд хэрэгжүүлнэ