Дэлхий дахинд
Цөмийн зэвсгээсээ салбал Умард Солонгосыг хөгжил цэцэглэлт хүлээж байгааг Трамп дахин санууллаа
Умард Солонгосын удирдагчтай хоёр дахь удаагаа нүүр тулан уулзахаар Вьетнамын нийслэлд ирээд байгаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр өглөө твиттер хуудсандаа нэгэн мэдэгдлийг бичжээ.
Хоёр удирдагчийн уулзалт хэлэлцээр өнөөдөр орой эхлэх юм. Трамп өөрийн байрлаж байгаа Ханой хотын JW Marriott зочид буудлаас бичихдээ “Вьетнам улс өнөөдөр дэлхий дээр хурдтай хөгжиж байгаа цөөхөн орнуудын нэг болоод байна. Хэрвээ цөмийн зэвсгээсээ салбал Умард Солонгос ч адилхан маш хурдан хөгжих боломжтой. Миний найз Ким Жон Унд түүхэнд байгаагүй их боломж, чадавхи байна. Бид удахгүй энэ талаар мэдэх болно. Маш сонирхолтой!” гэжээ.
Трамп, Ким нар өнөөдөр орой Улаанбаатарын цагаар 19:30 цагт Ханой хотын Sofitel Legend Metropole зочид буудалд уулзахаар төлөвлөсөн байна.
Тэд цөөн минутын ганцаарчилсан уулзалтын дараа бараа бологчдын хамт оройн зоог барих юм.
Мөн уулзалт хэлэлцээр маргааш бүтэн өдөр үргэлжлэх ажээ.
Дональд Трамп өнөөдөр өглөө уулзалтыг зохион байгуулагч орон Вьетнамын ерөнхийлөгчтэй уулзсан байна.
Энэ удаагийн уулзалт хэлэлцээрээр Умард Солонгосын цөмийн зэвсгийг бүрэн хурааж чадахгүй нь бараг тодорхой байгаа. Харин 1950-1953 онд болсон Солонгосын дайныг албан ёсоор төгсгөл болгож, энхийн хэлэлцээр байгуулж магадгүй байна.
Эх сурвалж: South China Morning Post