Эдийн засаг
Монголбанк Бодлогын хүүг нэг нэгжээр бууруулж, 12 хувь болголоо

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2024 оны гуравдугаар сарын 14, 15-ны өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад орчны эрсдэлийг харгалзан үзээд,
1) Бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж, 12 хувьд хүргэх,
2) Малчны эргэн төлөлт нь доголдсон зээлд бүтцийн өөрчлөлт хийж, хугацааг сунгах боломжийг банкуудад олгох шийдвэрийг тус тус гаргалаа.
Жилийн инфляц 2024 оны 2 дугаар сард улсын хэмжээнд 7.0 хувь, Улаанбаатар хотод 7.2 хувьд хүрч буурлаа. Монголбанкнаас авч хэрэгжүүлсэн мөнгөний бодлого, худалдааны түнш орнуудын буурч буй инфляц, чангарч буй төгрөгийн гадаад валюттай харьцах ханш зэрэг нь нийт инфляцын бууралтад гол нөлөө үзүүлэв. Цаашид инфляц алгуур буурч, төв банкны зорилтын дээд интервалын орчимд байх төлөвтэй байна. Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний инфляц өндөр байгаагийн зэрэгцээ цалин, тэтгэвэр өсөх, бэлэн мөнгө тараах, зудын нөхцөл хүндрэх зэрэг дотоод шалтгаанаар инфляц эргээд өсөх эрсдэл бий.
Эдийн засгийн өсөлт 2023 онд 7.0 хувьд хүрч өсөхөд нүүрсний экспорт нэмэгдэж, уул уурхай, түүнээс хамааралтай салбаруудын идэвхжил нэмэгдсэн нь голлон нөлөөллөө.
Гэвч өвлийн саруудад үүсээд буй цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хөдөө аж ахуйн салбар энэ онд үргэлжлэн агших төлөвтэй байна. Энэ нь нийт эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлнө.
АНУ, ОХУ-ын эдийн засгийн өсөлт сайжирч, дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөлөл өмнөхөөс нэмэгдсэн хэдий ч манай улсын худалдааны гол түнш БНХАУ-ын өсөлтийн төлөв удааширч, нүүрс, төмрийн хүдэр зэрэг эрдэс түүхий эдийн үнэ буурч болзошгүй байна.
Инфляц буурч, зорилтын интервалд тогтворжихоор байгаа тул санхүүжилтийн нөхцөлийг сулруулж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих зорилгоор Монголбанкны Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулахаар шийдвэрлэлээ. Түүнчлэн орон нутагт өвөлжилт, хаваржилт хүндэрсний улмаас малчдын зээлийн эргэн төлөлт доголдож, төлбөрийн чадварын хүндрэлд орох эрсдэл үүсэж болзошгүй байна. Иймд санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах, мал аж ахуйн салбарын хүндрэлийг бууруулах зорилгоор эргэн төлөлт нь доголдсон малчны зээлд бүтцийн өөрчлөлт хийж, хугацааг сунгахтай холбоотой шийдвэр гаргалаа.
Цаашид гадаад, дотоод эдийн засгийн орчинд инфляцын төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч бодлогын дараагийн алхмуудыг авч хэрэгжүүлнэ.
Мөнгөний бодлогын хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна гэж Мөнгөний бодлогын зөвлөлөөс мэдээллээ.

Эдийн засаг
1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг шилжүүлж эхэллээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийн үлдэгдэл болох 93499 төгрөгийг өнөөдрөөс олгож эхэллээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн оны цэвэр ашгаас 1072 хувьцаатай иргэн бүрд 350 мянган төгрөгийн ногдол ашгийг гурав хуваан олгохоор шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн дагуу өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 1072 хувьцаатай иргэнд 121,500 төгрөг тараасан. Үүний дараа цагаан сарын баярын өмнө 100,006 төгрөгийн ногдол ашиг олгосон билээ.
Иргэн та Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцаатай бол татварын дараах дүнгээр 93.5 мянга орчим төгрөг авна. Хэрэв та 750 ширхэг хувьцаатай бол 75 мянган төгрөгөөс татвар суутгаад 69 мянган төгрөг авах юм байна.
Эдийн засаг
Экспортын орлого 237 сая доллар болж өмнөх долоо хоногоос 9 хувиар өсөв

Экспортыг эрчимжүүлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэх ажлын хэсгийн IV хурал боллоо. Сангийн яамны Санхүү төсвийн судалгааны газрын дарга Г.Золбоо Монгол Улсын экспорт, импорт, гадаад валютын өнөөгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа.
Тэрээр, Монгол Улсын экспортын орлого өмнөх 7 хоногтой харьцуулахад 237 сая ам.доллараар буюу 9 хувиар өссөн. Үүнд: зэсийн баяжмалын экспорт 26 хувиар, төмрийн хүдрийн экспорт 4 хувиар өссөн нь нөлөөлсөн бол гадаад валютын нөөц өнөөдрийн байдлаар 5.0 тэрбум ам.доллар буюу өнгөрсөн 7 хоногийн түвшинд хэвээр хадгалагдаж байна гэв.
Мөн “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт, Засгийн газраас төрийн өмчийн уул уурхай компаниудад өгсөн чиглэлийн дагуу хэрхэн ажиллаж байгаа талаар танилцуулсан юм.
Тухайлбал, экспортоо 442.5 сая ам.доллароор нэмэгдүүлж, 137.2 ам.долларын өртөг бүхий зарим томоохон хөрөнгө оруулалтаа хойшлуулах байдлаар 580 сая ам.доллар бүрдүүлэхэд анхаарч байна.
Түүнээс гадна төслийн хөрөнгө оруулалт татах чиглэлд 220 сая ам.доллар, “Ногоон зээл” урьдчилгаа төлбөрийн санхүүжилт татах хүрээнд 200 сая ам.доллар зэрэг нийтдээ валютын нөөцийг 1 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна хэмээн танилцуулав.
Хуралдаанаар агууламж багатай нүүрс, төмрийн хүдрийг биржээр арилжаалах боломжийг судлах, орон нутгийн чанартай автозамаар тээвэр хийх нөхцөлийг бүрдүүлэх зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Ажлын хэсгийн хурлыг Сангийн сайд Б. Жавхлан даргалж, Сангийн яамын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат, “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С. Наранцогт, ГЕГ-ын дарга Р. Отгонжаргал, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х. Мөнхжаргал болон бусад албаны хүмүүс оролцлоо
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК 32.0 мянган тонн коксжих нүүрс арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 5 багц буюу 32.0 мянган тонн коксжих нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа.
Арилжаанд 5 оролцогч оролцож 94.3 ам.долларт хэлцэл хийгдлээ. Биржийн арилжаа эхэлснээс хойш нийт 128 удаагийн арилжаагаар 2.88 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 25.5 сая тонн нүүрс борлуулсан үзүүлэлттэй байна.
Компани зах зээл уналттай энэ үед борлуулалтын оновчтой бодлого хэрэгжүүлэн, нүүрсний борлуулалтыг тасралтгүй, хэвийн явуулахыг зорж байна. 2025 он гарснаас хойш Монголын Хөрөнгийн Биржийн нээлттэй цахим арилжаагаар амжилттай хийгдсэн хэлцлийн дийлэнх хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хэлцэл бүрдүүлсэн үзүүлэлттэй байна.
-
Дэлхий дахинд18 цаг өмнө
The U.S. tariff tantrum: A self-defeating trade war
-
Эдийн засаг22 цаг өмнө
1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг шилжүүлж эхэллээ
-
Нийгэм23 цаг өмнө
Архангай, Хэнтий аймагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
-
Нийгэм24 цаг өмнө
Монгол хэл бичгийн шалгалт энэ сарын 18-19-нд болно
-
Улс төр24 цаг өмнө
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцлээ
-
Нийгэм23 цаг өмнө
Хөнгөн төмөр замын тээвэр төслийг Толгойт-Хүннү хот чиглэлд хэрэгжүүлнэ
-
Улс төр22 цаг өмнө
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар иргэдийн өргөдлийг ажлын хэсэгт шилжүүллээ
-
Нийгэм22 цаг өмнө
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ