Нийгэм
Чулуут сумын ойн барилдаанд улсын заан Д.Анар түрүүллээ
Нийгэм
Монгол Улсад анх удаа спортын ачааллын дараах сэргэлт, нөхөн сэргээх эмчилгээ хийж эхэллээ
Спортын төв ордны өргөтгөлд Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн Ачааллын дараах нөхөн сэргээх эмчилгээний хэсгийн нээлт боллоо.
Арга хэмжээнд Монгол Улсын сайд, ОНБТСҮХ-ны дарга Б.Бат-Эрдэнэ, Ажлын албаны дарга Э.Тэмүүжин, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн дарга Б.Эрдэнэваанчиг, “Парис-2024” олимп, паралимпын наадамд оролцох баг тамирчдыг дэмжих багийн ахлагч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш Ч.Насантогтох, Нийслэлийн ерөнхий боловсролын спортын төв сургуулийн захирал Ч.Зоригтбаатар тэргүүтэй хүмүүс оролцлоо.
Энэ барилгад засвар үйлчилгээ, орчин үеийн дэвшилтэд тоног төхөөрөмж худалдан авах зэрэгт улсын төсвийн нийт 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилт зарцуулсан байна.
Монгол Улсад анх удаа үүд хаалгаа нээж буй энэ төвд 10 төрлийн 20 гаруй тоног төхөөрөмж бий.
Онцолбол, “Targeted radiofrequncy” төхөөрөмж нь тамирчдын булчин амраах, эд эсийг сэргээх, хаван бууруулах, өвчин намдаах зэрэг үйлчилгээ үзүүлдэг бол Mergen аппарат нь хүний биеийн хэсгийг цочроох зорилгоор долгионы тусламжтайгаар өвдөлт намдаах зорилгоор ашигладаг юм. Монголын баг тамирчдын одоо үзүүлж буй амжилтыг нэмэгдүүлэхэд дээрх төхөөрөмжүүд жинтэй нөлөө үзүүлнэ гэж салбарын мэргэжилтнүүд дүгнэж байна.
Энэ үеэр Б.Бат-Эрдэнэ сайд “Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийн талаар төрийн дэвшүүлсэн томоохон бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд бид шинжлэх ухаанд суурилах ёстой. Тиймээс Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийг бид онцгойлон анхаарч, ажил авснаас хойших хугцааанд 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн байна” гэж тодотголоо.
Харин Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн дарга Б.Эрдэнэваанчиг “Спортын шинжлэх ухаан өндөр хөгжсөн улс орнуудтай өрсөлдөхүйц хэмжээний тоног төхөөрөмжөөр хангагдсанаар тамирчдын ажиллах чадвар нэмэгдэж, бэртэл гэмтлээс урьдчилан сэргийлэх, бэлтгэлээс бэлтгэлийн хооронд дахь сэргэлтийг хурдасгах зэрэг давуу тал гарна” хэмээн тэмдэглэлээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Нийгэм
1085 автобус утасгүй интернэттэй болно
Нийслэлээс баримталж буй бодлого шийдвэр, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээ, мэдээллийг олон нийтэд ил тод, шуурхай, тогтмол түгээх, мөн нийтийн тээврийн хэрэгслээр тав тухтай, зорчих боломжийг нэмэгдүүлэх зорилгоор нийтийн тээврийн хэрэгслийг утасгүй интернэтээр тоноглоно. Энэ хүрээнд автобусанд суурилуулсан самбар, дэлгэц болон дотор, гадна орон зайг зар сурталчилгааны зориулалтаар түрээслэх түрээслэгчийг шалгаруулах нээлттэй сонгон шалгаруулалтыг нийслэлийн Өмчийн харилцааны газраас өнгөрсөн сарын 8-аас 26-ны өдрийн хооронд зохион байгууллаа. Сонгон шалгаруулалтад “Лариско медиа групп” ХХК шалгарсан юм. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу уг компанитай “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ”-г байгууллаа.
Түрээсийн гэрээг байгуулснаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснуудыг тусгай төхөөрөмжөөр тоноглох бөгөөд ингэснээр нийтийн тээврээр үйлчлүүлж буй иргэд өндөр хурдны интернэтэд үнэгүй холбогдох боломжтой боллоо. Мөн 06:00-22:00 цагийн хооронд 14 цагийн турш мэдээ, мэдээлэл, соён гэгээрүүлэх, соёлыг түгээх агуулга бүхий контентыг цаг алдалгүй бэлтгэн, зорчигчдын хэрэгцээнд нийцсэн тэнцвэртэй, бодит мэдээ мэдээллийг хүргэнэ.
“Лариско медиа групп” ХХК нь хувийн хэвшлийн, үндэсний медиа технологийн компани бөгөөд CNBC Mongolia брэндийн онцгой эрхийг эзэмшигч юм. Хамтын ажиллагааны хугацаанд “Лариско медиа групп” ХХК нийт 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх бөгөөд CNBC-гийн олон улсын баг Лондон, Токио, Сингапур зэрэг дэлхийн томоохон хотуудын транзит медиа салбарт мөрдөгдөж буй жишиг стандартуудыг Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлнэ
Нийгэм
“Улаанбаатар марафон 2024” өдөрлөгийн сайн дурын ажилчдыг сургалтад хамрууллаа
НЗДТГ-аас 2014 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй “Улаанбаатар марафон 2024” өдөрлөг болоход 9 хоног үлдлээ. Марафон гүйлтийн үеэр сайн дурын ажилтнуудыг дайчлан ажиллуулдаг олон улсын жишгийг мөрддөг билээ. Өнгөрсөн жил “Улаанбаатар марафон”-д сайн дурын ажилтнаар 800 орчим залуус бүртгүүлж байсан бол энэ жил 900 гаруй залуус бүртгүүлжээ. Тэднээс 500-г нь шалгаруулан марафоны үеэр ажиллуулах юм. Энэ жил зохион байгуулагчдын зүгээс “Улаанбаатар марафон 2024”-т оролцох сайн дурын ажилтнуудад зориулсан эхний сургалтыг тавдугаар сарын 15,16-ны өдрүүдэд АШУҮИС-ийн төв байранд зохион байгуулж байна.
“Улаанбаатар марафон”-д оролцогчид нь янз бүрийн насны, тусгай хэрэгцээт иргэд гүйдэг учир нэг дор олон хүнийг гүйхэд бие биедээ саад болохгүй, хүндэтгэлтэй хандахад нь сайн дурын ажилтнуудын үүрэг оролцоо, зохицуулалт хамгийн чухал. Мөн сайн дурын ажилтнууд нь марафоны үндсэн зохион байгуулалт болон гүйлтийн уралдааны тухай ерөнхий мэдлэгтэй байхыг шаарддаг. Сайн дурын ажилтнууд гүйж буй хүмүүст урам хайрлах үг хэлж, шаардлагатай тусламжийг цаг алдалгүй хүргэх зорилготой ажилладаг. Тиймээс тэдний үг ярианаас гадна биеэ авч явж буй байдал, хувцаслалт хүртэл үлгэр жишээ байх хэрэгтэй. Сайн дурын ажилд оролцсоноор залуусын хувьд өөрийгөө нээх, бусадтай харилцах, багаар ажиллах чадвараа сайжруулах гээд олон давуу талтай.
“Улаанбаатар марафон” өдөрлөгт оролцсон сайн дурын ажилтнуудад Нийслэлийн Засаг Даргын гарын үсэгтэй “VOLUNTEER CERTIFICATE” олгодог тул залуус уг батламжаа гадаад улсад суралцах хүсэлт, танилцуулгадаа ашиглах боломжтой байдгаараа мөн давуу талтай.
“Улаанбаатар марафон”-ыг хамтран зохион байгуулагч “Hipay” компаниас марафонд оролцогчдын бүртгэлийг цахимжуулан нэгдсэн системд холбож, RFID технологийн шийдлийг ашиглан гүйгчдийн гараа, бариаг бүртгэх болон барианд орсон зургийг нь тухайн хүний бүртгэлтэй хаяг руу илгээх, гүйгчдийн гүйлтийн үеийн үзүүлэлтийг хэмжих автоматжуулсан технологийг нэвтрүүлсэн билээ. Уг технологийн шийдлийн талаар “Hipay” компанийн сайн дурын ажилтан хариуцсан ажилтан Ч.Дашсүрэн мэдээлэл өглөө. Харин гүйгчдийн сэтгэл зүйн онцлог ялгаа, багаараа хэрхэн ажиллах тухай танилцуулга сургалтыг АШУҮИС-ийн багш, “Ахиллис Монгол” олон улсын байгууллагын үүсгэн байгуулагч О.Саранчулуун өгсөн юм.
-
Нийгэм15 цаг өмнө
НҮБ-ын эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх дэд хорооны гишүүдтэй уулзлаа
-
Улс төр11 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
-
Нийгэм10 цаг өмнө
Монгол Улсад анх удаа спортын ачааллын дараах сэргэлт, нөхөн сэргээх эмчилгээ хийж эхэллээ
-
Нийгэм14 цаг өмнө
М.Анхцэцэг “Парис 2024” олимпын эрхийн болзол хангаад байна
-
Улс төр13 цаг өмнө
УИХ-ын дарга Г.Занданшатар төрийн албан хаагчдыг парламентын “D-petition” цахим системийг сурталчилж ажиллахыг хүслээ
-
Нийгэм12 цаг өмнө
“Улаанбаатар марафон 2024” өдөрлөгийн сайн дурын ажилчдыг сургалтад хамрууллаа
-
Нийгэм11 цаг өмнө
1085 автобус утасгүй интернэттэй болно
-
Улс төр16 цаг өмнө
ЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив