Улс төр
БОХХААБХ: Байнгын хорооны тогтоолын төслүүдийг батлав
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2024 оны 04 дүгээр сарын 15-ны хуралдаан 15 цаг 28 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ж.Батжаргалын танилцуулсан хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй.
Хуралдаан “Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн. Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжлээ. Иймд уг Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал ахалж, Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, Г.Тэмүүлэн, О.Цогтгэрэл, Ц.Цэрэнпунцаг нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар боллоо.
Дараа нь “Газар тариалангийн салбарын талаар авах арга хэмжээний тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн юм.
Байнгын хорооны дарга Ж.Батжаргал “Газар тариалангийн салбарын өнөөгийн байдал-тогтвортой хөгжлийн гарц, шийдэл” сэдэвт онол, үйлдвэрлэлийн бага хурлыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны зохион байгуулсныг дурдаад уг бага хуралд оролцогчид зөвлөмж баталсан. Уг зөвлөмжид үндэслэж тус Байнгын хорооноос Засгийн газарт чиглэл өгөхөөр тогтоолын төсөл боловсруулсныг дурдлаа.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан стратегийн болон технологийн улаан буудайн нөөц бүрдүүлэлт болон хаврын тариалалтаас өмнө улаан буудайн үнийг зарлах үйл ажиллагааны явц байдалд салбарын яамнаас арга хэмжээ авч буй эсэхийг илүүтэй лавласан.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун хариултдаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал, үндэсний хөдөлгөөн”-ийг хэрэгжүүлэх Улсын Их Хурлын 36 дугаар тогтоолд жил бүр 100 хүртэлх мянган тонны улаан бууйдайн нөөц бүрдүүлнэ гэж тусгасан. Гурван жилийн хугацаанд 100 тэрбум төгрөгийн санхүүжилтээр тодорхой хэмжээний нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулаад байгааг дурдахын зэрэгцээ, одоогоор 30 орчим мянган тонн хүнсний улаан буудайн нөөцтэй байна. Үүнээс гадна үрийн нөөцийн асуудалд импортоор 5700 тонн үр худалдаж авч байгаа. Өнгөрсөн жилийн намрын ургацаас 2400 тонн үрийг тариаланчдаас худалдаж авсан гэв.
Мөн тэрбээр, “Засгийн газрын хуралдаанаар төсвийн хөрөнгөөр худалдаж авсан улаан буудайн үнийг 30 хүртэлх хувиар хөнгөлөх асуудлыг тогтоолын төсөлд тусган батлуулсан. Улмаар энэ хүрээнд үрийг хөнгөлж олгохоор болсон. Түүнчлэн өмнө нь наймдугаар сард ургацынхаа балансыг тогтоосны дараа өртөгт тулгуурласан үнэ гаргадаг. Энэ жилийн хувьд жишиг үнийг эрт зарлаж, тариаланчдыг тариалалтаа хэвийн явуулах нөхцөлийг нь бүрдүүлэхээр ажиллаж байна” гэсэн тайлбарыг өгсөн.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням тогтоолын төсөлд Засгийн газраас стратегийн нөөцөд худалдан авах хүнсний улаанбуудайн үнийг зарлах хугацааг тодорхой болгох, төслийн 5 дахь заалтад тариалангийн салбарт учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулах зорилгоор даатгалын оновчтой тогтолцоог сонгон нэвтрүүлэх, “Тариалангийн даатгалын тухай” хууль, “Гамшгийн тухай” хуульд холбогдох өөрчлөлт оруулах гэдэгт ногоочдыг нэмж оруулах санал гаргав.
Харин Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан төрийн зүгээс стратегийн хүнсээ нөөцөлдөг, эрсдэлээ хаах асуудалд анхаарч ажиллах шаардлагатайг дурдаад хүнсний ногооны урамшууллаас гадна борлуулалтын талбайн асуудлыг тогтоолын төсөлд тодорхой тусгах нь зүйтэй гэсэн саналтай байв. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, тариалангийн талбайн хөрсний үржил шимийг хамгаалах, сайжруулах, үр тулгамдсан асуудал болсныг дурдаад төслийн 2 дахь заалтад үрийн аж ахуйн асуудал орхигдсоныг анхааруулсан. Төсөлд улаан буудайн дотоодын хэрэгцээгээ хангаад технологийн болон стратегийн нөөцөө хадгалсны дараа үлдсэн хэсгээ экспортлох асуудлыг тодорхой тусгах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлсэн.
Ингээд гишүүдээс гаргасан саналыг тогтоолд нэмж тусган, “Газар тариалангийн салбарын талаар авах арга хэмжээний тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг баталья гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжив.
Уг тогтоолын төсөлд Мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлтээр нийт тариалангийн талбайн хөрсний үржил шимийн 60 гаруй хувь нь доройтсоны улмаас хөрсний үржил шимийг сайжруулах зорилгоор цулгуй уриншийн эзлэх хувийг үе шаттайгаар бууруулах, ногоон бордуурт уринш, эрдэст, органик бордооны хэрэглээг нэмэгдүүлэх, тэжээлийн болон бусад таримлын оновчтой сэлгээг бий болгох, тариалангийн талбайг хашаажуулах, ойн зурвас байгуулах; Монгол Улсын байгаль цаг уур, бүс нутгийн онцлогт тохирсон таримал ургамлын үр үйлдвэрлэх бүтэц, тогтолцоог бий болгоход чиглэгдсэн анхдагч үрийн аж ахуйг хөгжүүлэх, сорт сорилтын төвүүдийг бүсчилэн байгуулах, хянан баталгаажсан баталгаат үрээр тариалалтыг хийх нөхцөлийг бий болгох, технологийн болон стратегийн нөөц бүрдүүлэх; Шинжлэх ухааны байгууллагуудыг түшиглэн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон шинэ таримлын үр үйлдвэрлэлийн системийг хөгжүүлэх, үр сортыг турших, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, улмаар экспортлох боломжийг бүрдүүлэх чиглэлд зохион байгуулалтын арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт даалгахаар тусасан байв.
Мөн таримлын сэлгээ, нэр төрөлд тохирсон техникийн сонголтыг хийж, механикжуулалтын түвшинг үе шаттайгаар богино хугацаанд хийх нөхцөлийг бүрдүүлэх, тариалангийн салбарт учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулах зорилгоор даатгалын оновчтой тогтолцоог сонгон нэвтрүүлэх, “Тариалангийн даатгалын тухай” хууль, “Гамшгийн тухай” хуульд холбогдох өөрчлөлт оруулж эрх зүйн орчныг сайжруулах; Тариалангийн үйлдвэрлэлээс гарч байгаа бүтээгдэхүүний борлуултыг дэмжих, стандартын шаардлагад нийцсэн түүхий эд, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд нийлүүлэхэд хөндлөнгийн хараат бус лаборатороор баталгаажуулах тогтолцоог бүрдүүлэх; Газар тариалангийн салбарын хүний нөөцийн асуудлыг төр, хувийн хэвшлийн түвшинд тасралтгүй бэлтгэх, залгамж халааг бий болгох, давтан сургах, мэргэшүүлэх, цалин хангамжийг үе шаттай нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, мэргэжлийн яам болон тариаланчид, эрдэмтдийн оролцоотой ажлын хэсэг байгуулан улаанбуудайн өртгийн тооцоог гаргаж, улмаар стратегийн нөөцөд худалдан авах хүнсний улаанбуудайн үнийг тогтоон хаврын тариалалтаас өмнө зарлах зэрэг арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт даалгахаар тус тус тусгасан байлаа.
Хуралдааны төгсгөлд Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлтэй танилцлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Улс төр
Шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилт, хүний нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй Шинжлэх ухааны ажилтны II их хурал Төрийн ордонд эхэллээ.
“Шинжлэх ухаанчаар сэргэн хөгжье” уриатай энэ их хурлаар анхдугаар их хурлаас гаргасан шийдвэрийн хэрэгжилт, шинжлэх ухаан, технологийн салбарын өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэн дүгнэж, цаашдын бодлого, зорилт, стратегиа боловсруулан тодорхойлох юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх их хурлын нээлтэд оролцон, эрдэмтэн, судлаачид, эрдэм шинжилгээний ажилтнуудад амжилт хүсэн ерөөлөө.
Анхдугаар их хурлын “Хандлагаа өөрчилье” уриа тодорхой хэмжээнд биеллээ олж, улс орон шинжлэх ухаанд тулгуурлан хөгжих учиртайг төр, засгаас эхлээд бүх нийтээр ойлгон, шинжлэх ухаанд хандах хандлагад томоохон өөрчлөлт гарч байгааг тэмдэглэлээ.
Цаашид хүний нөөцийн цогц бодлого хэрэгжүүлж, эрдэмтэн, судлаачид, эрдэм шинжилгээний ажилтнуудын ажиллах орчин нөхцөл, нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэх шаардлагатайг хэллээ.
Төсвийн санхүүжилтийг нь нэмэх, санхүүжилтийн шинэ эх үүсвэр бий болгох, Шинжлэх ухаан, технологийн санг дэлхийн жишигт нийцүүлэн хөгжүүлэх, шинжлэх ухааны салбарт Үндэсний баялгийн сангаас хөрөнгө төвлөрүүлэх зэрэг цогц арга хэмжээ авах нь зүйтэй гэлээ.
Гадаад бодлогын салшгүй нэг хэсэг нь боловсрол, шинжлэх ухаан, технологи, инновацын харилцаа, хамтын ажиллагаа юм.
Шинжлэх ухаан, технологийн гадаад бодлогыг амжилттай хэрэгжүүлэхэд хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд идэвх зүтгэл, санал, санаачилгатай ажиллах ёстойг тэмдэглэлээ.
Мөн олон улсын хамтын ажиллагаа, хамтарсан төсөл, судалгааг эрчимтэй хөгжүүлж, олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хилийн чанадад байгаа эрдэмтэн, судлаачдаа сургалт, судалгааны ажилд зайнаас татан оролцуулах нь чухал байгааг хэллээ.
Эрдэмтэн, судлаачид нийгмээ соён гэгээрүүлэх, шинжлэх ухааны мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах чиглэлээр олон нийтийг хамарсан, өргөн цар хүрээтэй нөлөөллийн ажил хийж байхыг уриаллаа.
Таван жилийн өмнө зохион байгуулсан анхдугаар их хурлаар шинжлэх ухааны салбарынхан тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, гарц, гаргалгааг хэлэлцэн, УИХ, Засгийн газар, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, бизнесийн байгууллагууд болон мэргэжлийн холбоодод хандан зөвлөмж гаргасан юм.
Тус их хурлаас гаргасан зөвлөмж, түүнийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас гаргасан 379 дүгээр тогтоол амжилттай хэрэгжиж байна.
УИХ өнөөдөр Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа. Үүний дүнд Урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдсан шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх олон зорилтыг үр дүнтэй хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчин бүрдлээ.
Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолборын бүтээн байгуулалт ид өрнөж, лабораторийн зориулалт бүхий гурван гол объектыг энэ онд ашиглалтад оруулна.
Нэгдсэн цогцолборыг түшиглэн салбар дундын судалгааны томоохон төвүүд байгуулж, судалгаа-үйлдвэрлэл-инновацын нэгдэл бүхий дэд бүтэц болгон өргөжүүлэн хөгжүүлэх юм.
Улс төр
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр (2024.05.16) Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Үндэсний баялгийн сангийн тухай хуульд “Хуримтлалын сан” газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар дэмжлэг үзүүлэхээр заасныг хэрэгжүүлэх зорилгоор Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг боловсруулан, өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, ийнхүү Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байна гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулав.
Тэрбээр, уг хууль нь төрөөс иргэдийг орон сууцжуулах зорилгоор орон сууц хөгжүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх, орон сууцны сан байгуулах, хөрөнгө бүрдүүлэх, удирдах, зарцуулах, гүйцэтгэлд хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулна.
Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл зургаан бүлэг, 21 зүйлтэй, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуультай харшлах зүйлгүй. Хууль батлагдсанаар орон сууцжуулах үйл ажиллагааг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах, санхүүжилтийн эх үүсвэрийг зах зээлийн зарчимд нийцүүлэн тогтвортой нэмэгдүүлж, хүртээмжийг дээшлүүлэх, бага, дунд орлоготой зорилтот бүлгийг түрээсийн, түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцаар хангах эрх зүйн орчин бүрдүүлэх юм. Мөн иргэдийн өрхийн орлого, амьжиргааны түвшнийг дээшлүүлэх, хөдөө, орон нутагт шилжин суурьшихад нь орон сууцны дэмжлэг үзүүлэх эрх зүйн боломж бүрдэнэ гэж үзэж байна гэлээ.
Нийслэл Улаанбаатар хотын 50.1 хувь нь гэр хорооллын бүсэд амьдарч байна
Хүн амын орон сууцны тооллогын 2022 оны дүнгээс харахад манай улсын 941,547 өрхийн 32.1 хувь нь буюу 302,237 нь инженерийн дэд бүтэцтэй орон сууцанд амьдардаг бол 29.7 хувь буюу 279,639 өрх инженерийн дэд бүтцийн бүрэн хангамжгүй байшин хороололд, 38.2 хувь буюу 359,671 нь гэр сууцанд амьдарч байна.
Нийслэл Улаанбаатар хотын 50.1 хувь буюу 216,989 өрх нь гэр хорооллын бүсэд инженерийн дэд бүтцийн хангамжгүй байшин болон гэр сууцанд амьдарч байна. Энэ нөхцөл байдал нь Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлын 75 орчим хувийн бүрдүүлээд байна. Иймд Улаанбаатар хотын иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдруулж, үр бүтээмжтэй ажиллаж, сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэхэд нэн тэргүүний авч хэрэгжүүлэх арга хэмжээг эдгээр иргэдийн орон сууцжуулах, өрхийн орлого, амьжиргааны түвшнийг дээшлүүлэх, хөдөө, орон нутагт шилжин суурьшихад нь орон сууцны дэмжлэг үзүүлэхэд анхаарал хандуулах шаардлагатай байна. Мөн орон сууц, түүний дэд бүтэц, газар хөгжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх санхүүгийн тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх, түүнийг хариуцах бүтцийг тодорхой болгож, тэдгээрийн эрх зүйн байдал, чиг үүргийг тодорхой болгох шаардлага үүсэж байна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 29.1 мянган айлын орон сууц олон нийтийн нээлттэй зар дээр борлуулагдаж байгаагаас 66.0 хувь буюу 19.2 мянга нь шинээр ашиглалтад орсон, 34.0 хувь буюу 9.9 мянга нь хуучин орон сууц байна. мөн 2024-2025 онд нэмэлтээр 37.3 мянга айлын орон сууц шинээр ашиглалтад орохоор барилга угсралтын ажлаа эхлүүлсэн байгаа нь манай улсын орон сууцны зах зээл дээр 2024-2025 онд нийт 66.4 мянга айлын орон сууцны нийлүүлэлт үүсэхээр байна.
Иймд орон сууцтай болох хүсэлтэй бага, дунд орлоготой иргэдэд зах зээл дээр байршиж буй дээрх 66.4 мянган айлын орон сууцны нийлүүлэлтийг ойртуулах бодлогыг төрөөс хэрэгжүүлэх, улмаар хувийн хэвшлийн өмчийн барилга ашиглалтыг сайжруулах, хөрөнгийн үр ашгийг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.
Шинээр ашиглалтад орох дээрх 37.3 мянган айлын орон сууцны 81.5 хувь буюу 30.4 мянга нь Улаанбаатар хотод төлөвлөгдсөн байгаа нь хөдөө, орон нутгийн өрсөлдөх чадамж тааруу, эдийн засгийн багтаамж бага, хатуу болон зөөлөн дэд бүтцийн хөгжил сул байгааг харуулахын зэрэгцээ шинээр хот, суурин газрыг хөгжүүлэх чиглэлд төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээгээ улам эрчимжүүлэх, хөдөлмөр, эрхлэлт болон орон сууцны салбарт шинээр татаас, урамшууллын тогтолцоог нэвтрүүлж, орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжид шууд нөлөө үзүүлэх бодит дэмжлэг нэн чухал шаардлагатай байгааг харуулсаар байна.
Иймд төрийн болон хувийн аж ахуйн нэгж, байгууллагуудаас бий болж буй орон сууцны нийлүүлэлтийг зах зээлийн зарчимд нийцүүлэн хадгалах, үр өгөөжтэй ашиглах, зорилтот бүлгийн иргэдийг хүртээмжтэй хамруулах тогтолцоог бий болгох болон 2013 оноос Монголбанкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт үе шаттайгаар шилжүүлэх, тус хөтөлбөрийг Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт, арга хэмжээнд нийцүүлэн цаашид урт хугацаанд тогтвортойгоор үргэлжлүүлэн хэрэгжүүлэх зорилгоор Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг Засгийн газраас боловсруулжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Улс төр
УИХ-ын дарга Г.Занданшатар төрийн албан хаагчдыг парламентын “D-petition” цахим системийг сурталчилж ажиллахыг хүслээ
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Төрийн албаны зөвлөлөөс 7 хоног бүрийн пүрэв гарагт зохион байгуулдаг “7:4:10” цахим сургалтад оролцлоо. Тэрбээр, “Төрийн албаны шинэтгэл буюу цэгцрэх хөдөлгөөн” хэмээх сэдвийн хүрээнд төрийн албан хаагчдад мэдээлэл хийв.
УИХ-ын дарга Г.Занданшатар цэгцрэх хөдөлгөөнийг “100 шинэчлэл-10 шинэтгэл” хэмээн томьёолон Үндсэн хуулийн, эрх зүй, эдийн засгийн, төрийн албаны, авлигатай тэмцэх эрх зүйн, парламентын, боловсролын, улс төрийн намын, мал аж ахуй салбарын шинэтгэлийг танилцуулсан юм.
Тухайлбал, парламентын шинэтгэлийн хүрээнд “Гурван D” буюу “Digital”, “Deliberative”, “Democratic” парламент болох зорилтын дагуу хууль, бусад шийдвэрийн төслийг боловсруулах, өргөн мэдүүлэх, хэлэлцэх, батлах, мэдээлж сурталчлах гээд бүхий л үйл явцыг бүрэн цахимжуулж, цаасгүй технологи нэвтрүүлэх, хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, ард түмний засаглах эрхийг цахимаар хэрэгжүүлэх нь энэ шинэтгэлийн үндсэн зорилго оршиж байна. Хөрөнгө оруулалтын тухай хуулиас гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэх, ашиглуулах заалтыг хасах цахим өргөдлийг “D-Parliament“ сайтын өргөдлийн системд иргэн Н.Номун-Эрдэнэ гаргасан. Өргөдөл гаргаснаас хойш энэхүү саналыг 10 хоногийн хугацаанд 120 мянган иргэн дэмжиж, түүний дагуу УИХ-ын нэгдсэн хуралдаанаар гадаадын иргэнд газрыг 100 хүртэл жилээр эзэмшүүлэх, ашиглуулах заалтыг хэлэлцэн хүчингүй болгосон.
Тэгэхээр зөвхөн Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар хууль санаалчлах бус иргэд ч мөн хууль санаачлах, засаглах эрхээ эдлэх боломжийг цахим систем “D-petition” буй болголоо. Энэхүү цахим системийг зөв ашиглах талаар төрийн хаагчид ард иргэддээ үлгэрлэл үзүүлж, зааж, сургаж, дэмжиж ажиллахыг хүсэж байна. Нэн ялангуяа хөдөө орон нутгийн төрийн албан хаагчид хуулийн төсөлд санал өгөх иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч хамтран ажиллахыг уриалж байна гэв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
-
Нийгэм11 цаг өмнө
НҮБ-ын эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх дэд хорооны гишүүдтэй уулзлаа
-
Улс төр7 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
-
Улс төр12 цаг өмнө
ЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив
-
Улс төр12 цаг өмнө
НББХ: Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
-
Нийгэм12 цаг өмнө
Г.Батмөнх: Тавдугаар сарын 1-нээс хойш 200 гаруй сая төгрөгийн гурилын импортын татварыг чөлөөлсөн байна
-
Нийгэм10 цаг өмнө
М.Анхцэцэг “Парис 2024” олимпын эрхийн болзол хангаад байна
-
Улс төр9 цаг өмнө
УИХ-ын дарга Г.Занданшатар төрийн албан хаагчдыг парламентын “D-petition” цахим системийг сурталчилж ажиллахыг хүслээ
-
Нийгэм8 цаг өмнө
“Улаанбаатар марафон 2024” өдөрлөгийн сайн дурын ажилчдыг сургалтад хамрууллаа