Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Улс төр

ХЗБХ: Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийг хэлэлцэв

Нийтэлсэн

-

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 04 дүгээр сарын 16-нд хуралдаан 12 цаг 01 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэллээ. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр хуралдаан эхэлж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах” гэсэн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу явуулж, төслийг зүйл бүрээр хэлэлцэв. Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, Ц.Сандаг-Очир нар бичгээр санал ирүүлсэн бөгөөд тус саналыг нь хэлэлцэж, шийдвэрлэв. Ингээд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулахаар холбогдох тогтоолын төслийг хэлэлцэж эхэлсэн. Энэ үеэр Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан завсарлага авах хүсэлтэй байгааг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат уламжилж, Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар тав хоногийн завсарлага өглөө. Түүнчлэн Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслийн талаар эрх зүйн дүн шинжилгээ гаргуулах саналыг Д.Цогтбаатар гишүүн гаргав. Энэ дагуу санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 60 хувийн саналаар дэмжив. Энэ дагуу дээрх төслүүдийн талаар эрх зүйн дүн шинжилгээ гаргуулахаар Тамгын газарт албан бичиг хүргүүлэхээр болсон.
Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар үргэлжлүүлэн “Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы 04 дүгээр сард Хууль зүйн байнгын хорооны хэлэлцэх асуудлыг цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, баталлаа.
Тус Байнгын хороо энэ сард Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд; Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл; Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл; “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай“ Улсын Их Хурлын тогтоолын төсөл; Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд; Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд; Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд; “Авлигататай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхээр тогтоолын төсөлд тусгажээ.

Хэлэлцэх хугацааг хуульд тусгайлан заасан болон бусад Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэхэд энэхүү цаглавар хамаарахгүй гэдгийг Д.Цогтбаатар гишүүн танилцуулав. Төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул төслийг батлах санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжснээр “Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы 04 дүгээр сард Хууль зүйн байнгын хорооны хэлэлцэх асуудлыг цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоол батлагдав.
Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн юм. Энэхүү илтгэлийг “Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилт, нөхцөл байдал”, “Боловсролын салбар дахь хүний эрхийн нөхцөл байдал”, “Хүүхдийн эрхийн зарим асуудал”, “Гэр бүлийн хүрээн дэх жендэр ба хүний эрхийн асуудал”, “Иргэний нийгэм болон байгаль орчны чиглэлээр ажилладаг хүний эрх хамгаалагчдын эрхийн хэрэгжилт”, “Хорих ял эдлээд суллагдсан хүмүүсийн нийгэм, эдийн засаг, соёлын эрх”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүний улс төрийн оролцоог нэмэгдүүлэхэд нөлөөлөх хүчин зүйлс, шийдэл” гэсэн үндсэн 7 бүлгийн хүрээнд боловсруулж, энэ хүрээнд нийт 54 саналыг Улсын Их Хуралд танилцуулсан байна.
“Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилт, нөхцөл байдал”, “Боловсролын салбар дахь хүний эрхийн асуудал” гэсэн эхний хоёр бүлгийн талаар Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид хуралдаанд танилцуулав. Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилт, нөхцөл байдлын хүрээнд нэн тэргүүнд хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийн нөхцөлд дүгнэлт хийхэд 30 орчим хууль, 200 орчим стандарт, захиргааны хэм хэмжээний акт, дүрэм, журам байгаль орчны салбарт үйлчилдэг гэдгийг тогтоожээ. Энэ бүлгийн хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг нарийвчлан зохицуулсан байгаль орчны салбарын хууль тогтоомж, эрх зүйн актын дүн шинжилгээний үр дүнд давхардал 16, зөрчил 29, хийдэл 71 байгааг тодорхойлсон. Түүнчлэн агаар, хөрс болон усны бохирдол, Улаанбаатар хотын стандартын асуудал, уул уурхайн нөлөөллийн бүсэд амьдарч байгаа орон нутгийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтийн нөхцөл байдалд хийсэн хяналт шалгалт, судалгааны үр дүнг тусгажээ. Хүрээлэн буй орчны асуудлаар 180 улсыг хамруулсан 2022 оны индексийн үзүүлэлтээр Монгол Улс 155 дугаар байранд байгаа бөгөөд, агаарын, хөрсний, усны бохирдол нь үндэсний болон олон улсын стандартын үзүүлэлтээр ноцтой түвшинд байгаа тул орчны чанарыг зохистой түвшинд хүргэх, аюулгүй орчны стандартын хэрэгжилтийг хангах асуудал нэн тулгамдсан болохыг илэрхийлж байгаа юм байна. Хөрсний бохирдлын хувьд хог хаягдал, нүхэн жорлон зэрэг нь 60 гаруй төрлийн халдварт өвчний шалтгаан болж байгаа талаар танилцуулсан. Улаанбаатар хот болон аймгийн төвүүдийн ундны ус чанарын шаардлага хангахгүй байгаа талаар, холбогдох төсвийг усны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд зарцууладаггүйн улмаас хэрэгжилт хангалтгүй байгаа талаар илтгэлийн дээрх сэдвийн хүрээнд дурджээ. Энэ бүлгийн дотор “Хотын стандарт ба аюулгүй орчинд амьдрах эрхийн зарим асуудал” дэд сэдвээр судалгаа хийсэн бөгөөд энэ хүрээнд Монгол Улсад 6589 стандарт үйлчилж байгаа ч Хотын стандарт, хяналтын газраас ирүүлсэн мэдээллээс үзэхэд 2023 оны байдлаар 305 сургуулиас 231, 241 хүүхдийн цэцэрлэгээс 131, нийт тоглоомын талбайн 80 хувь нь стандартын шаардлага хангаагүй байгаа гэлээ. Мөн 2023 оны байдлаар нийслэлийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт байрлах явган замыг норм, дүрмийн шалгуур үзүүлэлтийн дагуу хяналт шалгалт хийсэн дүнгээс үзэхэд хавтан хагарч эвдэрсэн, стандартын шаардлага хангаагүй эрсдэлтэй нийт 1054 газарт зөрчил дутагдал илэрсэн нь нийт явган замын 77,9 хувь стандартад нийцээгүй байгааг харуулж байгаа бөгөөд энэ бүхэн нь иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн зөрчил үүсгэх эрсдэл гэдгийг тэрбээр хэлж байв.
Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилт, нөхцөл байдлын хүрээнд нэн тэргүүнд хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийн нөхцөлд дүгнэлт хийгээд Байгаль орчны салбарт мөрдөгдөж буй 30 хууль, 200 эрх зүйн акт, норм ба дүрэм, стандартын давхардал, зөрчил, хийдлийг хүний эрхийн шалгуурт нийцүүлэн арилгах; Засгийн газраас 2017 оны 98 дугаар тогтоолоор баталсан “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт”-ийг цаг хугацааны мөчлөгтэй, оновчтой, хэмжигдэхүйц, биелэгдэхүйц, ач холбогдолтой шалгуураар үнэлэх гэх зэрэг Улсын Их Хурлаас шийдвэр гаргуулахаар 14 санал хүргүүлсэн байна.

Үргэлжлүүлэн Комиссын дарга Д.Сүнжид боловсролын салбар дахь хүний эрхийн нөхцөл байдлын талаар танилцуулав. Боловсролын багц хуулийн 2023 оны цогц шинэчлэлтээр хүүхэд бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдэж, иргэд насан туршдаа суралцах эрх баталгаажиж, багш тасралтгүй хөгжих боломж нээгдэж, чадахуйн зарчимд суурилсан удирдлага, засаглалын тогтолцоо бэхжиж, чанар, үр дүн, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийг нэвтрүүлж, орон зай, цаг хугацаанаас үл хамаарсан цахим боловсролын тогтолцоотой болсон. Ийнхүү Монгол Улсын боловсролын салбарын бодлого, эрх зүйн зохицуулалтад тасралтгүй шинэчлэл хийгдэж байгаа хэдий ч хүн амын амьжиргааны түвшин, хөдөлмөр эрхлэлт, шилжилт хөдөлгөөн, хот суурин газрын хүн амын хэт нягтрал, суурьшлын тархалтаас шалтгаалан боловсролын үйлчилгээг эрх тэгш, чанартай хүргэж чадахгүй байна гэв.
Боловсролын салбар технологийн үсрэнгүй хөгжил, дэлхий нийтийн цахим шилжилтэд нийцүүлэн цахим шилжилтүүдийг хийж байгаа боловч амьжиргааны түвшин, оршин суугаа газрын алслагдсан байршил зэргээс шалтгаалж компьютер, гар утас, дата интернэтийн төлбөргүй, интернэт холболтгүй нөхцөлд амьдарч байгаа хүүхдийн сурч боловсрох эрх зөрчигдөх, боловсролын тэгш бус байдлыг улам гүнзгийрүүлж болзошгүйг онцгой анхаарах шаардлагатайг илтгэлд тэмдэглэжээ.
Бүх хүнд чанар, хүртээмжтэй боловсрол олгох нь улс орны Засгийн газрын нэн тэргүүний үүрэг бөгөөд энэ үүргээ боловсролын яам, орон нутгийн боловсролын байгууллагаар дамжуулан хэрэгжүүлдэг. Бүх түвшний боловсролын сургалтын байгууллагын орчинд оюутан, суралцагчийн аюулгүй байдлыг хангах, эрүүл, аюулгүй, хамгаалагдсан орчинд сурч боловсрох, хөгжих боломжийг бүрдүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар эрх зүйн орчин бүрдэж, тодорхой стандартууд мөрдөгдөж байгаа хэдий ч стандартын шаардлага хангаагүй орчин нөхцөлтэй СӨББ, ЕБС, МБТБ, их, дээд сургууль олон байна гэлээ. Гадаад орчин, дотоод орчин, үйл ажиллагаанд тавигдах стандартын шаардлагын хэрэгжилт сургалтын байгууллагын байршил, өмчийн хэлбэрээс хамааран харилцан адилгүй байгаа аж. СӨББ, ЕБС-ийн бүлэг, анги дүүргэлт нийслэл, орон нутагт тогтоосон нормоос хэтэрсэн үзүүлэлттэй байна. Хүн амын төвлөрөлтөөс шалтгаалан сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхдийн тоо аймаг, нийслэл, сум дүүрэгт харилцан адилгүй байгааг харгалзан үзэж шаардлагатай байршилд СӨББ, ЕБС барих, барилгын өргөтгөл хийх хэрэгтэй байгаа аж. Боловсролын сургалтын байгууллагын онцлог, суралцагчдын ялгаатай хэрэгцээнээс шалтгаалан СӨББ-д ундны ус цэвэршүүлэх төхөөрөмжийг байршуулах, тоглоом, тоглоомын талбайн хүртээмж, аюулгүй байдлыг хангах, багш, ажилтнуудын тоог нэмэгдүүлж, багшийн хөгжлийг дэмжих шаардлагатай байна. Түүнчлэн, цэцэрлэгийн хоолны чанар, хүртээмж, нэр төрлийг олшруулж, тэжээллэг чанарыг нэмэгдүүлэхэд шаардагдах зардлыг эцэг, эх, асран хамгаалагчдын оролцоотой нэмэгдүүлэх асуудлыг судалж бүх талын оролцоог хангасан байдлаар хэлэлцүүлбэл үр дүнтэй талаар салбарынхан дурджээ. Өдөр өнжүүлэх үйлчилгээ эрхлэх нийтлэг шаардлага, стандарт, хуулийн зохицуулалт, хяналт тавих механизм байхгүй байгаа нь хүүхдийн сурч боловсрох, хөгжих, хамгаалуулах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байна. Өдөр өнжүүлэх төвд хамрагдаж байгаа хүүхдийн эрхийг хамгаалах, эцэг эх, асран хамгаалагчид ажил хөдөлмөр эрхлэх боломж нөхцөлөөр хангах зорилгоор төрөөс онцгой анхаарах шаардлагатай байгаа гэжээ. Боловсролын салбарт үйлдэгдэж байгаа хүүхдийн эсрэг хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, дээрэлхэлт нь нийгмийн эрүүл мэнд, сайн сайхан байдал, эрүүгийн хэргийн  гаралт, хүүхдийн ирээдүйн хөдөлмөр эрхлэлт, орлогын байдал, нийгмийн харилцаанд идэвхтэй оролцоход ноцтой үр дагавар учруулахын зэрэгцээ эдийн засгийн үргүй зардлыг нэмэгдүүлдэг. Холбогдох хууль тогтоомжоор бүх шатны боловсролын сургалтын байгууллагад ялгаварлан гадуурхалт, дарамт, хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтийг хориглож, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр журам, чиглэл баталж, нэгдсэн удирдамжаар хангаж байгаа хэдий ч СӨББ, ЕБС, МБТБ, их, дээд сургуульд суралцагчдын эрх зөрчигдөж байна гэж үзжээ.
Боловсролын тухай багц хуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тохирох орчин, сурах бичгээр хангах, сургалтын хэрэглэгдэхүүн, багш, багшийн туслах, ажилтанд нэмэгдэл хөлс олгох, сонсголын бэрхшээлтэй хүүхэд залуучуудын сургалтын хэл дохионы хэл байх зэрэг зохицуулалт орсон нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучууд бусад үе тэнгийнхэнтэй хамтдаа суралцах тэгш боломжийг олгосон зохицуулалт туссан. Гэвч бүх түвшний боловсролын сургалтын байгууллагад налуу зам, тусгайлсан бие засах өрөө, сургуулийн давхар хооронд зорчих шат зэрэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд шаардлагатай наад захын хэрэгцээ бүрэн хангагдаагүй, сургуулийн орчны хүртээмж хангалтгүй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тулгардаг саад бэрхшээлийн талаар багш, ажилтнууд хангалттай мэдлэг ойлголтгүй, багш нарын арга зүй, чадвар харилцан адилгүй, асран хамгаалагч нарын зүгээс хүүхдээ сургахын төлөө хамтын ажиллагаа, уялдаа холбоо муу байна.
ЕБС-ийн хүний эрхийн агуулга туссан сурах бичигт хүний эрхийн суурь ойлголт, жендэрийн тэгш байдал, олон талт ялгаатай байдлын талаар агуулга хангалтгүй, хамран сургах тойргийн биш хүүхдийг сургуулиас шилжихийг шаардах тохиолдол цөөнгүй, өрхийн амьжиргааны түвшингөөс хамаарч ялангуяа хөвгүүд ажил, хөдөлмөр эрхэлж, ар гэрээ тэжээх зэргээр сургууль завсардаж сурч боловсрох, хөгжих, нийгмийн хамгаалалд орох эрх нь зөрчигдөж байна.
Хувийн өмчийн боловсролын сургалтын байгууллагад хүүхдийн сурч боловсрох, хөгжих, ялгаварлан гадуурхалт, дарамт, хүчирхийллээс ангид байх эрх зөрчигдсөөр байгаа талаар тэрбээр Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан.
Мэргэжлийн болон техникийн боловсролын салбар нь суралцах хугацаандаа онолын болон сургууль дээрх дадлага, үйлдвэрлэлийн дадлага ажлаар дамжуулан суралцагчдад мэдлэг, ур чадвар олгодог онцлогтой. Тухайн салбар, мэргэжлийн онцлогоос хамаарч сургалтын хэрэглэгдэхүүн, түүхий эд материал, бусад шаардлагатай зүйлс хэрэглэх шаардлага гардаг ч судалгаанд хамрагдсан суралцагчид бүрэн хангагдахгүй байна гэж үзсэн. Түүнчлэн, элсэлтийн бодлогыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлттэй уялдуулах замаар төлөвлөх, суралцагчид тэтгэлэг олгох журмыг эргэн харж мэргэжлийн боловсролын салбарын онцлогтой уялдуулан дахин үнэлгээ хийх шаардлагатай болохыг Д.Сүнжид дарга танилцууллаа.
Багш, ажилтнууд илүү цагаар ажиллах, албан тушаалын тодорхойлолтод тусгагдаагүй ажил, үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд тэдний хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт хангалтгүй, багшийн хөгжлийн төвгүйгээс ажлын байран дээрээ тасралтгүй хөгжих боломж бага, нийгмийн баталгаагаар бүрэн хангагдаж чадахгүй байгааг мөн дурдаж байв.
Дээд боловсролын зээлийн сангийн талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй мэдээлэх, суралцагчдыг тэгш хамруулахад анхаарч, олгож байгаа тэтгэлэг, зээлийн эргэн төлөлтөд иргэдийн оролцоотой хөндлөнгийн хяналтын тогтолцоог бий болгох нь зүйтэй гэж үзсэн байна.

Боловсролын салбар дахь хүний эрхийн нөхцөл байдлын хүрээнд бүх шатны боловсролын сургалтын байгууллагын орчин, дотуур байрны гадаад болон дотоод орчны аюулгүй байдлын стандартыг хангуулах, боловсролын байгууллагын барилга, өргөтгөлийн ажилд хөндлөнгийн хяналт тавих боломжийг бүрдүүлэх; Хувийн өмчийн боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагаанд тавигдах шаардлага, шалгуурыг нарийвчлан журамлах, хэрэгжилтэд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хяналт тавих; Хүүхдийн өдөр өнжүүлэх үйлчилгээ эрхлэхэд тавигдах шаардлага, стандарт, хууль эрх зүйн орчныг бий болгох зэрэг 11 саналыг Улсын Их Хурлаас шийдвэр гаргуулахаар боловсруулжээ.

Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийн эхний хоёр бүлгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ж.Сүхбаатар, Д.Цогтбаатар нар асуулт асууж, Комиссын дарга болон ажлын хэсгээс хариулт, тайлбар, мэдээлэл авав.
Үргэлжлүүлэн 23 дахь илтгэлийн гурав дахь бүлэг буюу “Хүүхдийн эрхийн зарим асуудлаар”-х мэдээллийг Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунан танилцуулсан. Энэхүү илтгэлээр хагас болон бүтэн өнчин хүүхэд, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо, бүртгэл, нөхцөл байдал, төрөөс үзүүлж буй халамж, үйлчилгээ, тулгамдаж буй асуудлыг хөнджээ.
Монгол Улсад 2022 оны байдлаар 0-18 насны нийт 1,282,373 хүүхэд бүртгэлтэй байгаагаас хагас өнчин 36,363, бүтэн өнчин 2,911 хүүхэд байна. Засаг даргын захирамжаар Асрамж халамжийн төвд 2019 онд 908, 2020 онд 904, 2021 онд 960, 2022 онд 964, 2023 онд 906 хүүхэд хүргэгдсэн байна. Асрамж, халамжийн төвд амьдарч байгаа хүүхдүүдийг гэр бүлийн байдлаар нь авч үзвэл 2023 онд хагас өнчин 334, бүтэн өнчин 220, гэр бүлтэй хүүхэд 341, олдмол 29 хүүхэд байгаа аж.
Монгол Улсад нийгмийн эрсдэлт бүлэгт хамаардаг хагас, бүтэн өнчин хүүхдийн эрхийн асуудал тулгамдсан хэвээр байна хэмээн дүгнэжээ. Монгол Улсад асрамж халамжийн төвд амьдарч байгаа бүтэн өнчин хүүхэд төрийн хараа хяналтад байгаагаас бусад ах, дүү хамаатан садан, өвөө, эмээгийндээ амьдарч буй хүүхдүүд эсэн мэнд аж төрж байгаа эсэх, авах ёстой тэтгэвэр, тэтгэмж бүрэн гүйцэт авч байгаа эсэх, өөртөө зарцуулж байгаа эсэх, сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуульдаа хамрагдаж байгаа эсэхэд хяналт тавих механизм хангалтгүй байна гэв. Хагас болон бүтэн өнчин хүүхдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг томилсон Засаг даргын захирамж харилцан адилгүй байх бөгөөд захирамжийн үндэслэл, ямар үндэслэлээр асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг томилж байгаа шалтгаан, хэрэв хүүхэд бүтэн өнчин болсон тохиолдолд өмч хөрөнгийн асуудал, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавихтай холбоотой мэдээллийг захирамжид бүрэн тусгах шаардлагатай байна.

Харин эцэг, эх байх эрхийг шүүхийн шийдвэрээр хассаны улмаас хүүхэд хагас болон бүтэн өнчин болсон тохиолдолд хүүхдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох, хүүхдийн тэтгэвэр, хүүхдэд ногдох өмч хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхгүйгээр орхигдуулж байгаад цаашид анхаарч ажиллах хэрэгтэй.
Төрөлжсөн асрамж халамжийн төвд амьдардаг хүүхдүүдийн хувьд сургууль, цэцэрлэгт хамрагдалт болон МСҮТ, их, дээд сургуульд суралцдаг эсэхийг хянах боломжтой, эрүүл мэндийн үйлчилгээнд тогтмол хамрагддаг бол бусад ах, дүү, өвөө, эмээ, хамаатан садныдаа амьдардаг хагас болон бүтэн өнчин хүүхдийн хувьд нэгдсэн бүртгэл, мэдээлэл хангалтгүйгээс сурч байгаа эсхүл сургуульд завсардсан эсэхийг тодорхойлох, эрүүл мэндийн үзлэг, үйлчилгээнд тогтмол хамрагддаг эсэх нь тодорхойгүй байна. Түүнчлэн их, дээд сургуульд хамрагдсан эсхүл төгссөн оюутнуудын статистик мэдээлэлд хагас болон бүтэн өнчин хүүхдийн мэдээлэл байхгүйгээс хэдэн хувь нь дээд боловсрол эзэмшиж байгаад дүгнэлт хийх боломжгүй болгож байна. Цаашлаад бүтэн өнчин хүүхэд их, дээд сургуульд сурах хугацаандаа сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэх болон амьжиргааг дэмжих тэтгэлгийн олгох асуудлыг цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай гэж дүгнэжээ.
Хагас болон бүтэн өнчин хүүхэд бүр хуульд заасан нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжид бүрэн хамрагдаж байгаа эсэхэд нэгдсэн бүртгэлийг хийж, хэрэв хүүхдийн мөнгөн тэтгэмж болон тэжээгчээ алдсаны тэтгэврээ авч чадахгүй байгаа бол нөхөн олгох нь зүйтэй байна. Мөн Нийгмийн халамжийн тухай хууль дахь тэжээгч нь нас барсан хүүхдэд сар бүр олгох нийгмийн халамжийн тэтгэвэр зохицуулалтын талаар, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг бүтэн өнчин хүүхэд бүрд олгох, үтэн өнчин хүүхэд асрамж халамжийн газраас гарах үед онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг ялгаварлалгүй олгох, тодорхой хугацаанд “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-т хамруулах гэх мэтээр газар, орон байраар хангах зохицуулалтыг дахин хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзсэн байна. Ийнхүү энэ хүрээнд 9 саналыг боловсруулан, холбогдох шийдвэрийг Улсын Их Хурал гаргах нь зүйтэй хэмээн илтгэлд дурдав.

Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийн дөрөвдүгээр бүлэг буюу “Гэр бүлийн харилцаан дахь жендэрийн эрх тэгш байдал, хүний эрхийн зарим асуудал” сэдвийг Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Х.Мөнхзул Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан. Энэ удаагийн илтгэлд анх удаа хуульд заасан 7 багц асуудлын хүрээнд тайлагнаж байгааг тэрбээр тэмдэглэв.
2021-2023 онд нийт гэрлэлт 51,122 бүртгэгдсэн бол гэрлэлт цуцлалт 12,743 бүртгэгдсэнээс үзэхэд дунджаар 4 гэрлэлт тутмын нэг нь гэр бүл цуцлуулж үүний цаана бүтэн гэр бүлд, эцэг эхтэйгээ хамтдаа байх хүүхдийн эрх ашиг ноцтой зөрчигдсөөр байхад гэр бүл цуцлалтын шалтгаан нөхцөлийг нарийвчлан судалж, суурь шалтгааныг арилгахад чиглэсэн дорвитой ажил хийгдээгүй байна. Гэр бүл цуцлалтын 76 хувь нь таарамжгүй харилцаанаас үүдэлтэй гэх боловч хосуудад чиглэсэн зөвлөгөө мэдээлэл хангалтгүй, гэр бүлд чиглэсэн үйлчилгээ хангалтгүй, ялангуяа сэтгэл зүйчийн орон тоо хангалтгүй, үйлчилгээний хөлс хэт өндөр байна. Иймд гэр бүлийн бүтэц хэв маягийн талаарх статистик мэдээллийг дэлгэрэнгүй, нарийвчлалтай гаргаж зорилтот гэр бүлүүдэд чиглэсэн бодлого, үйлчилгээг тодорхойлох, бий болгож, хөгжүүлэх шаардлагатай гэж дүгнэсэн байна.
Гэр бүлийн хүчирхийлэл, энэ төрлийн зөрчил, гэмт хэргийн тоо буурахгүй байгаа бөгөөд энэ нь тухайн хэрэг, зөрчил гарсан хойно биш гарахаас өмнөх урьдчилан сэргийлсэн бодлого, үйл ажиллагаа бүх түвшинд хангалтгүй байгаагийн илэрхийлэл гэж үзжээ. Үүний зэрэгцээ сэтгэл санаа болон эдийн засгийн хүчирхийллийг тогтоох, таслах зогсоох арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй байгаа ч судалгаанд оролцсон 5 эмэгтэй тутмын 2 нь хянах хэлбэрийн хүчирхийлэлд өртөж байгаагаа илэрхийлсэн байна. Технологийн дэвшилтэй холбоотойгоор хөдөлгөөнт төхөөрөмж, аппликейшн ашиглах хянаж, ажил хөдөлмөр эрхлэх, нийгмийн амьдралд оролцох эрхийг нь хязгаарлах зөрчлүүд гарч байгаа ч үүнийг зөрчил, гэмт хэрэг хэмээн үзэж, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлж чадахгүй байгааг дурдав. Гэр бүлийн хүчирхийллийн нийгмийн эрүүл мэндэд үзүүлж буй сөрөг нөлөөллийн судалгааг Эрүүл мэндийн яас хийхгүй байгааг танилцуулсан.
Хүүхдээ хүмүүжүүлэхэд гэр бүлийн гишүүдийн оролцоо сул, хүүхдийн тэтгэлгийн төлбөр барагдуулалт хангалтгүй байгааг мөн холбогдох мэдээлэл, тоо баримтын хамт танилцуулсан. Анхаарал хандуулан өөр нэг чухал хэсэг нь 2021-2022 онд өсвөр насны охидын жирэмслэлтийн хяналтын тоо, үр хөндөлт, бэлгийн замын халдварт өвчин жил бүр өсөх хандлагатай байна гэв. 2022 онд 10-19 насны буюу өсвөр насны 2391 охин төрсөн байна. Энэ нь өсвөр насны охидын эрүүл мэнд, нөхөн үржихүйн асуудалд онцгой анхаарал хандуулж, тусгай арга хэмжээ авах шаардлагын талаар мөн Комиссын гишүүн Х.Мөнхзул танилцуулав.
Энэ бүлгийн хүрээнд гэр бүл дэх хөлсгүй хөдөлмөрийн талаар судалсан бөгөөд эмэгтэйчүүд гэр бүл дэх хөлсгүй хөдөлмөрийг эрэгтэйчүүдээс 3.5 дахин хэмжээгээр гүйцэтгэдэг гэсэн дүн гарчээ. Гэр бүлийн боловсрол олгох асуудлын талаар, онцгой анхаарал хандуулах ёстой гэр бүлийн хэв маягийн талаар мэдээлэл өгөөд зорилтот гэр бүлүүдийн онцлог, тэдний хэрэгцээнд тулгуурласан нийгмийн халамж, хамгааллын хосолсон хувилбарт үйлчилгээг бий болгох, үйлчилгээний стандартыг батлах, анхан шатанд үнэ төлбөргүй нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэх; өсвөр насныхны нөхөн үржихүй, эрүүл мэндийн асуудалд онцгой анхаарч, тэдний өвөрмөц хэрэгцээнд тулгуурласан урьдчилан сэргийлэх, тусламж, үйлчилгээний тусгай арга хэмжээ авах; 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч буй эх, эцэгт сар бүр олгодог тэтгэмжийн 50 мянган төгрөгийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан тогтоож, мөн уян хатан цагтай бага насны хүүхэд харах үйлчилгээ, өдөр өнжүүлэх төвүүд зэрэг олон хувилбарт сонголттой үйлчилгээг төрөөс дэмжин бий болгох зэрэг 6 саналыг боловсруулснаа нэгбүрчлэн танилцуулсан юм.
Дээрх хоёр бүлгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар үг хэлж, тодорхой асуудлаар тодруулга хийсэн юм.

Иргэний нийгэм болон байгаль орчны чиглэлээр ажилладаг хүний эрх хамгаалагчдын эрхийн хэрэгжилтийн талаарх тайланг Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийн тавдугаар бүлэг болгон боловсруулсан. Энэ бүлгийн талаар Хүний эрхийн Үндэсний Комиссын Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн дарга З.Өнөржаргал Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан.
Энэ бүлгийн хүрээнд “Иргэний нийгэм болон байгаль орчны чиглэлээр ажилладаг хүний эрх хамгаалагчийн өнөөгийн нөхцөл байдал”, “Хүний эрх хамгаалагчдад тулгамдаж буй бэрхшээл, эрсдэл тэдгээрийг даван туулж буй арга замууд”, “Байгаль орчны хүний эрх хамгаалагчдын гүйцэтгэх үүрэг, ач холбогдол” Хүний эрх хамгаалагчийн аюулгүй байдал, хамгаалалтын талаарх нөхцөл байдал” дэд сэдвээр судалгаа хийжээ.
Монгол Улсад 31000 иргэний нийгмийн байгууллага бүртгэлтэй байгаагаас 7000 орчим нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа хэмээгээд олон улсын индексээр сүүлийн жилүүдэд Монгол Улс дахь иргэний нийгмийн байгууллагын индекс буурсаар байгааг танилцуулсан. Уул уурхай болон байгаль орчны чиглэлээр ажилладаг хүний эрх хамгаалагчдын эрх илүүтэй зөрчигддөг болохыг судалгаагаар тогтоосон байна.
Сүүлийн жилүүдэд байгаль орчны хүний эрхийн асуудлаар үйл ажиллагаа явуулж байгаа хүний эрх хамгаалагчид нь байгаль орчны өөрчлөлтөөс үүдэн эрх нь зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй иргэд, бүлгийн эрх ашгийг хамгаалах, тэдний өмнөөс дуу хоолойгоо шийдвэр гаргагчид, бусад оролцогчдод хүргэх, тэмцэх явдал эрчимжиж байгааг дурдаад Монгол Улсад 1147 байгаль хамгаалагч байгаа юм байна. Тэдгээрийн статус тодорхойгүй байгаа нь байгаль орчны хүний эрхийн асуудлаар үйл ажиллагаа явуулж байгаа хүний эрх хамгаалагчдад эрсдэл болдог хэмээлээ.
Судалгаанд оролцсон хүний эрх хамгаалагчдын хувьд нийтлэг байдлаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэж чадаагүй байна. Ялангуяа байгаль орчны чиглэлээр ажилладаг хүний эрх хамгаалагчид болон эмэгтэй хүний эрх хамгаалагчдад аюул, эрсдэл их тохиолддог байна. Тиймээс хүний эрх хамгаалагчийн аюул эрсдэлийн механизмыг сайжруулах, ялангуяа байгаль орчны хүний эрх хамгаалагчдад тулгамдаж буй өс хонзонгийн сэдэлтэй хүний эрхийн зөрчлүүдийг илрүүлэх, арилгах чиглэлээр бодлого, зохицуулалт бий болгох, мөн нийтийн эрх ашгийн өмгөөлөл хийх хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай байна. Түүнчлэн байгаль хамгаалагч хариуцан хамгаалж байгаа нутаг дэвсгэртээ ажиллаж, амьдрахад тохиромжтой ажлын байр бий болгох, камержуулах, аюулгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, байгаль орчны бохирдлыг шинжлэх, тухайлбал байгаль дээрх хүнцэл, ионы хэмжээ болон уул уурхайгаас үүдэлтэй байгаль орчинд үзүүлж буй бусад сөрөг нөлөөллийг судлах олон улсын стандартын шаардлага хангасан лаборатори байгуулах асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн байна. Энэ сэдвийн хүрээнд гурван саналыг боловсруулан Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд тусгажээ.

Дараа нь хорих ял эдлээд суллагдсан хүмүүсийн нийгэм, эдийн засаг, соёлын эрхийн талаар Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд танилцуулав.
Монгол Улсад сүүлийн хоёр жилийн дунджаар 2614 хүн хорих ялаар шийтгүүлж, 1597 орчим хүн хуульд заасан үндэслэл, журмын дагуу суллагдаж байгаа бол нийт хорих ял эдэлж байгаа хүний 45 орчим хувь нь 5 хүртэлх жилийн хугацаагаар хорих ял эдэлж байна.
Хорих ял нь хүний эрхийн хязгаарлалтын хамгийн хүнд хэлбэр бөгөөд гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, шударга ёсыг тогтоох зорилгоор  энэ төрлийг ялыг хэрэглэж байгаа ч  санхүүгийн хувьд харьцангуй өндөр зардалтай, нийгэмд үзүүлэх үр нөлөө нь багатай албадлагын арга хэмжээ гэдгийг тэрбээр тодотгов. Иймээс олон улсын чиг хандлага нь энэ төрлийн ялыг эцсийн арга хэмжээ болгож, нийгмийн хор аюул ихтэй гэмт хэрэгт зохих хугацаагаар оногдуулах, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх ажилд цогц байдлаар анхаарал хандуулах гэдгийг танилцуулгадаа дурдсан.
Монгол Улсад хоригдлыг нийгэмшүүлэх, хорихоос суллагдахад бэлтгэх, суллагдсаны дараа хяналт тавих, нийгэм, эдийн засгийн хувьд тодорхой хэмжээнд дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчин бүрдсэн хэдий ч хорих ангийн санхүүгийн нөөц бололцоо дутмаг, нийгмийн ажил явуулах арга барил шинэчлэгдээгүй, суллагдсаны дараа дэмжлэг үзүүлэх, үүрэг хүлээсэн байгууллагуудын хамтын ажиллагаа сул байгаагаас хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй байна гэв. Нөгөө талаар хоригдлыг нийгэмшүүлэх, нийгэмд дасан зохицоход нь дэмжлэг үзүүлэх бодлого зөвхөн хорих ял эдлүүлэх явцад, эсхүл суллагдах дөхсөн хоригдолд хамааралтайгаар хэрэгжиж байгаа бөгөөд суллагдсаны дараа дэмжлэг үзүүлэх албан ёсны тогтолцоо бүрдээгүй нь хорих ялын үр нөлөөг сулруулж, нийгмийн болон хувь хүний хөгжилд сөргөөр нөлөөлж байна.
Хорих ял эдлээд суллагдсан хүмүүсийн 38.6 хувь нь суллагдсанаас хойш хоёр жилийн дотор дахин гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгүүлжээ. Дахин гэмт хэрэг үйлдэж ял эдэлж байгаа хоригдлуудын дийлэнх нь суллагдсаны дараа нийгэмд бие даан амьдрахад хүндрэлтэй байсан гэж үзжээ. Тиймээс хорих ял эдлээд суллагдсан хүнд тодорхой хугацаанд (2 жил) нийгэмд дасан зохицоход нь дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатайг харуулж байна.
Хорих ял эдлээд суллагдсан хүмүүст тулгарч байгаа нийтлэг асуудлыг багцлан үзвэл суллагдсаны дараа нийгмийн харилцаанд бие даан оролцоход хүндрэлтэй байдаг, хуулиар тодорхойлсон нийгмийн халамж авахад шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэх, ажил хөдөлмөр эрхлэх боломж хомс, нийгмийн ялгаварлан гадуурхалт, гэр бүлийн харилцаа хөндийрсөн, өөрийн гэсэн оройн байр байхгүй зэрэг асуудлыг нэн тэргүүнд дурджээ. Энэ хүрээнд хорих ял эдлээд суллагдсан хүмүүсийн нийгэм, эдийн засаг, соёлын эрхийг хангахад зайлшгүй шаардлагатай арга хэмжээний талаарх 6 санал, зөвлөмжийг боловсруулсныг Комиссын гишүүн Б.Энхболд дэлгэрэнгүй танилцуулсан.

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Г.Нарантуяа илтгэлийн долдугаар бүлэг болох “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэхэд нөлөөлөх хүчин зүйлс, шийдэл” сэдвээр тайлан танилцууллаа.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 105 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүртгэлтэй байдаг байна. Эдгээрийн 80 орчим хувь нь санал өгөх буюу сонгох эрхээ эдэлж байгаа бол сонгогдох эрхээ эдэлж чадахгүй байгааг дараах тоо баримт илэрхийлнэ гэв. Өнгөрсөн хугацаанд Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн сонгуульд хөгжлийн бэрхшээлтэй 7 иргэн нэр дэвшиж байсан ч нэг нь ч сонгогдож байгаагүй аж. Нийслэлийн Налайх дүүргийн ИТХ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэн төлөөлөгчөөр ажиллаж байгаа талаар мөн дурдав.
2010 оны Хүн ам, орон сууцны тооллогоор манай улсад 10 болон түүнээс дээш настай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 78.0 хувь нь ямар нэг төвшний боловсрол эзэмшсэн байсан бол 2020 оны тооллогын дүнгээр 86.1 болж, 8.1 хувиар өсжээ. 2010 онд улсын хэмжээнд хөдөлмөрийн насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 18.2 хувь нь хөдөлмөр эрхэлж байсан бол 2020 онд 29.2 хувь болсон байна. ХЭҮК-ын судалгаанд оролцсон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн 8.0 хувь нь сонгох, сонгогдох эрхээ хангалттай, 33.5 хувь нь дунд төвшинд эдэлж байна гэж, харин 58.5 хувь нь эдэлж чадахгүй байгаа гэж үнэлжээ.
Илтгэлийн энэ бүлгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэхэд тулгамдсан асуудал, авах арга хэмжээг санал болгох; олон талт хүчин зүйлсийн нөлөөгөөр үүссэн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зөвхөн эрх зүй, институтийн арга хэмжээ хангалтгүй, харин тухайн асуудалд нөлөөлж буй хүчин зүйлсийг цогцоор тодорхойлж, бодлогын эрэмбийг тогтоох нь үр дүнтэй болохыг хууль тогтоогч, бодлого боловсруулагчдад сануулах гэсэн хоёр үндсэн зорилгыг дэвшүүлжээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бол өнөөгийн нийгмээс хамгийн их тусгаарлагдсан нийгмийн бүлэг юм. Амьдралын наад захын шийдвэрийг өөрөө гаргах дадал бага, бие даан амьдрах, нийгмийн харилцаанд оролцох чадвар сул, хөдөлмөр эрхлэхгүй, эдийн засгийн чадавхгүй байдал нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс төрийн идэвх, оролцоонд саад учруулж буй тэргүүлэх хүчин зүйлс байна. Орчны хүртээмжгүй байдал, бие даан чөлөөтэй зорчих боломжгүй, бэрхшээлийн онцлогт тохирсон байдлаар мэдээлэл авч чадахгүй байгаа нь нийгмийн идэвхтэй харилцааг хязгаарлах удаах хүчин зүйл болж байна. Орчны хязгаарлалт ялангуяа Улаанбаатар хотын хувьд өвлийн улиралд нэмэгддэг. Харин хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс улс төр, нийгмийн амьдралд оролцох хүсэл, эрмэлзлэлтэй, өөрийгөө бусдаас ялгаатай гэж үзэх хандлага харьцангуй бага, хөгжлийн бэрхшээлтэй улс төрчийг дэмжих хандлага нийгмийн бусад гишүүдэд харьцангуй их байгаа тэдний улс төрийн оролцоог нэмэгдүүлэх арга хэмжээ үр дүнд хүрэх боломжтойг илтгэж байна. Богино хугацаанд улс төрийн намуудын санаачлага, хөгжлийн бэрхшээлтэй улс төрчдийг санхүүжилтээр дэмжлэх, урт хугацаанд боловсролын хүртээмж, чанарын өөрчлөлт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн сонгох, сонгогдох эрхийг хангахад бодитой түлхэц үзүүлнэ. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бие даан нийгмийн харилцаанд орох хүсэл, өөртөө хамааралтай асуудлаар шийдвэр гаргах, улс төрийн оролцоонд хүйсийн ялгаатай байдал ажиглагдаагүй. Энэ нь нэг талаас өөрийн чадвар, чадавхын талаарх төсөөлөлд хүйс төдийлөн чухал нөлөө үзүүлэх хүчин зүйл биш болохыг, нөгөө талаас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн улс төрийн оролцоо маш бага учраас хөгжлийн бэрхшээл ба нийгмийн бусад хүчин зүйлсийн харилцан хамаарлыг мэдрэх туршлага байхгүйг илтгэж байгааг хэлж байв.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 70 орчим хувь нь бие даан амьдрах хэвшилгүй, өөрийгөө хөгжүүлэх боломж хязгаарлагдмал, санхүүгийн гачигдалтай амьдардаг бөгөөд орчны хүртээмжгүй байдлаас нийгмийн харилцаанд чөлөөтэй оролцож чадахгүй байгаа тул хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, ядуурлаас гаргах, боловсролын чанар хүртээмжийг дээшлүүлж, хувь хүнийг хөгжүүлэхгүйгээр тэдний улс төрийн оролцоо өргөн хүрээнд, бодитой нэмэгдэхгүй. Харин тухайн асуудалд нөлөөлж буй хувь хүний, нийгэм-соёлын, эдийн засгийн, улс төр, эрх зүйн суурь хүчин зүйлсийг тодорхойлж, авах арга хэмжээний эрэмбийг тогтоох нь илүү үр дүнтэй хэмээн дүгнэжээ. Энэ хүрээнд эрхийн хэрэгжилтийг хангах, холбогдох шийдвэр гаргуулахаар Улсын Их Хуралд 3, Засгийн газар 2 санал дэвшүүлсэн болохыг Комиссын гишүүн Г.Нарантуяа танилцуулсан.
Ийнхүү Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийн сүүлийн гурван бүлгийг танилцуулсан бөгөөд Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүд эдгээр танилцуулгатай холбогдуулан асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн юм. Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр Улсын Их Хурлаас авч хэрэгжүүлэх шаардлагатай 3 саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Тухайлбал, бүх шатны сонгуульд нэр дэвшиж буй хөгжлийн бэрхшээлтэй нэр дэвшигчид сурталчилгааны материал хэвлүүлэх, түгээх, хүртээмжтэй тээврийн хэрэгсэл, сурталчилгааны байраар хангах, дохионы хэлмэрч, хувийн туслах ажиллуулах зэрэг дэмжих үйлчилгээ авахад төрөөс санхүүгийн дэмжлэг, төлбөр, татварын хөнгөлөлт үзүүлэх эрх зүйн зохицуулалт бий болгох нь шударга хэмээн байр сууриа илэрхийлсэн. Түүнчлэн ийм агуулга бүхий зөвлөмжийг улс төрийн намуудад хүргүүлэх саналыг тэрбээр хэлж байв.
Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийг бүлэг тус бүрээр нь хэлэлцсэнээр ийнхүү Байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.

Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.

Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.

Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.

“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон БНСУ-ын “Глобал Сивик Шэйринг” Олон улсын байгууллага Монгол Улсад мал аж ахуйн салбарын мэргэжилтэн, ажиллах хүчнийг чадавхжуулах замаар үйлдвэрлэлийн чанар, бүтээмжийг сайжруулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг бэхжүүлэх, хүртээмжтэй хөгжлийг дэмжихэд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

“Глобал Сивик Шэйринг” байгууллага нь 2002 оноос Монгол Улсад орон нутгийн хөгжлийн үйл ажиллагаа явуулж “Малын банк” зээлийн хөтөлбөр, “Өвс, тэжээлийн фонд” тусламжийн хөтөлбөр, “Орон нутгийн удирдагч иргэн бэлтгэх сургалт” төсөл, “Хоршооны засаглалыг бэхжүүлэх замаар өрхийн орлогыг нэмэгдүүлэх” төсөл зэрэг мал аж ахуйн хөгжлийн урт болон дунд хугацааны төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн юм. Тус байгууллага 2021 оноос БНСУ-ын КОЙКА байгууллагын таван сая ам.долларын буцалтгүй санхүүжилттэй “Хүртээмжтэй мал аж ахуй” төслийг хэрэгжүүлж байна.

“Хүртээмжтэй мал аж ахуй” төсөл нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн бодлогын орчинг сайжруулах, хоршооны үйл ажиллагааг засаглалын болон үйл ажиллагааны түвшинд дэмжих, мал аж ахуй эрхлэгчид болон тус салбарын мэргэжилтэн, төрийн албан хаагчдыг чадавхжуулах замаар үйлдвэрлэлийн чанар, бүтээмжийг дээшлүүлэх, өртгийн сүлжээг бэхжүүлэх зорилгоор 2021-2035 онд хэрэгжихээр урт хугацаанд төлөвлөгдсөн. 2021-2025 онд хэрэгжих эхний үе шатны төсөл нь дөрөв дэх жилдээ хэрэгжиж байна.

“Хүртээмжтэй мал аж ахуй” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд сүүний үхрийн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг боловсруулж эхний хувилбарыг бэлэн болгосон юм. “Глобал Сивик Шэйринг” Олон улсын байгууллагын Монгол дахь салбарын захирал Жу Хёнь Жү “Тус мастер төлөвлөгөө нь батлагдаж, хэрэгжсэнээр Нийслэл хот орчмын эрчимжсэн мал аж ахуйг шинжлэх ухааны үндэслэлтэй, системтэй хөгжүүлэх боломж бүрдэж малын эрүүл мэнд, үржлийн бүртгэл, мэдээлэлд суурилсан үйлдвэрлэлийн төлөвлөлт хийх, мал аж ахуйн гаралтай хүнсний чанар, гарц сайжрах болох, орон нутгийн онцлог үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн кластерийн сонгомол жишээ болох юм” хэмээн байр сууриа илэрхийллээ. ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн “Төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх, мал аж ахуйн салбарын нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулахад яамны зүгээс дэмжиж ажиллах болно” хэмээн онцоллоо гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Улс төр

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос 2024 оны 11 дүгээр сарын 20-нд хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” хяналтын сонсголыг зохион байгууллаа. Хяналтын сонсголыг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг даргалсан бөгөөд Байнгын хорооны гишүүдийн 54.5 хувийн ирцтэйгээр 10 цаг 48 минутад эхлэв.

Хяналтын сонсголыг П.Сайнзориг гишүүн нээж, үг хэлэхдээ холбогдох хуулийн дагуу ирцийг танилцуулж, энэ удаагийн хяналтын сонсголын зорилго, дараалал, дэгийг дэлгэрэнгүй танилцуулсан юм. Дараа нь эрүүдэн шүүлт, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийг хангахтай холбоотой асуудлаар холбогдох чиг үүргийн байгууллагын дүгнэлт, мэдээллийг сонслоо.

Эхлээд Хүний эрхийн Үндэсний Комиссоос эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх эрхтэй холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилт, төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтийг тус Комиссын дарга Д.Сүнжид танилцуулсан.

Тус Комисст эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх эрхийн зөрчлийн талаар 2020 онд 47, 2021 онд 27, 2022 онд 15, 2023 онд 60, 2024 онд 48 гомдол, мэдээлэл ирсэн байна. 2023, 2024 оны нийт 108 гомдол, мэдээллийн 55 нь цагдаагийн байгууллагын алба хаагчтай, 4 нь прокурортой, 3 нь Авлигатай тэмцэх газрын мөрдөгчтэй, 1 нь шүүгчтэй, 45 нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчтай холбоотой байсан бөгөөд хуульд заасан шалгах ажиллагаа явуулж, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй байж болзошгүй 34 гомдлыг Авлигатай тэмцэх газарт, 3 гомдлыг Цагдаагийн ерөнхий газарт шилжүүлжээ. 2016-2023 оны хооронд эрүү шүүлт тулгах 14 гэмт хэргийг шүүхээр шийдвэрлэсэн бөгөөд нийт гомдол, мэдээлэлтэй харьцуулахад шийдвэрлэлт хангалтгүй байгааг Д.Сүнжид дарга тэмдэглэсэн юм.

Бие махбодь болон сэтгэл санааг шаналган зовоох хэлбэрээр тодорхой төрлийн зэвсэг, хэрэгсэл ашиглан янз бүрийн үйлдлээр эрүү шүүлт явуулдаг талаар танилцуулгад дурдав. Хэрцгий, хүнлэг бус, хүний нэр төрийг доромжлон харьцах, шийтгэхтэй холбоотой нөхцөл байдлын талаарх мэдээлэлдээ хорих анги, цагдан хорих байр, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн нөхцөл байдлын талаар болон цэргийн анги, байгууллага дахь дүрмийн бус харьцааны талаарх Комиссын дүгнэлтийг танилцуулав. Үргэлжлүүлэн эрүү шүүлтийн хохирогч хамгаалал, нөхөн төлбөрийн талаарх олон улсын болон дотоодын эрх зүйн зохицуулалтуудыг танилцуулсан юм. Монгол Улсын хувьд хохирогчдыг хамгаалах, хохирол нөхөн төлүүлэх, эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх, нийгмийн амьдралд эргэн ороход дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчин дутмаг гэв. Хохирлоо нөхөн төлүүлэхэд цаг хугацаа зарцуулах, процессын олон үе шатыг дамжих, ач холбогдол бүхий нотлох баримтыг гаргуулан авах явцад олон саад бэрхшээл тулгардаг байна. Д.Сүнжид дарга танилцуулгынхаа төгсгөлд урьдчилан сэргийлэх сургалт, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, нөхцөл байдлын талаарх дүгнэлт, зөвлөмжийг дэлгэрэнгүй танилцуулсан.

Дараа нь Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт болон Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн талаар танилцууллаа. Монгол Улс олон улсын хүний эрхийн тогтолцооны өмнө Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцоор үүрэг хүлээдэг бол энэ харилцааг дотооддоо Үндсэн хууль, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулдаг. Тэрбээр эрх зүйн орчны талаар дэлгэрэнгүй танилцуулаад, үргэлжлүүлэн цагдаагийн байгууллагын мэдүүлэг авах өрөөний нөхцөл байдал, хоригдсон этгээдийн эрх чөлөөг нь хязгаарласантай холбоотойгоор суурь эрх зүйн баталгаагаар хангагдаж буй байдлын талаар болон Эрүүгийн хууль дахь нөхөн төлбөр олгох зохицуулалтын хэрэгжилтийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасны дагуу Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн эх үүсвэр нь эрүүгийн торгох ялыг биелүүлсний 60 хувь, төрөөс олгосон нөхөн төлбөрийг гэм буруутай төлбөр төлөгчөөс нөхөн төлүүлсэн мөнгөн хөрөнгөөс бүрддэг байна. Уг санд 2012 оноос хойш нийт 31.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Дээрх хууль болон журмын дагуу 2012-2024 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 30 удаагийн тушаалаар 516 хохирогч иргэнд 3.2 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангаас олгосон ч Эрүүгийн хуулийн эрүү шүүлт тулгах зүйл ангиар шүүхээр шийдвэрлэгдэж, Тусгай сангийн тухай хуульд заасан “Зарим төрлийн гэмт хэргийн хохирогчид төрөөс нөхөн төлбөр олгох журам”-ын дагуу хохирол авсан тохиолдол байхгүй гэв. Санд 2012-2017 онд 78.5 сая төгрөг, 2018 онд 102.7 сая төгрөг, 2019 онд 155.9 сая төгрөг, 2020 онд 128.3 сая төгрөг, 2021 онд 218.6 сая төгрөг, 2022 онд 205.8 сая төгрөг, 2023 оны 134.7 сая төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын байдлаар 100.1 сая төгрөг, нийт 1.2  тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байгаа аж.

Улсын ерөнхий прокурорын орлогч прокурор М.Чинбат эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шийдвэрлэлт, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүний эрхийг хангах чиглэлээр хийсэн ажлынхаа талаарх мэдээллийг танилцуулав. Тус байгууллагаас холбогдох сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулах, гарын авлага, зөвлөмж, зурагт хуудас тараах, видео, контент бэлтгэн олон нийтийн сүлжээгээр түгээх, эрүү шүүлт тулгах гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн байдал шалтгаан нөхцөлийг нь судалж дүгнэх хууль тогтоомжийн хэрэгжилтийг судлан шалгах ажлуудыг тогтмол хийж иржээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд 2020 онд хүнийг гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл илэрсэн тохиолдолд гэрчийн мэдүүлэг авахгүй байх, гэрчийн мэдүүлэг авсан бол яллах ажиллагаанд нотлох баримтаар үнэлэхгүй байх зөвлөмжийг гаргаж хэрэгжилтийг нь хангуулан ажилласан гэлээ. Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс 2023 онд эрүү шүүлт тулгах гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн байдал, шалтгаан нөхцөлийн талаар хавсарга судалгааг хийжээ. 2020-2022 онд улсын хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг судалж, хүний эрхийн зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээний талаар зөвлөмж гаргаж, харьяа нэгж, прокурорын газрууд үйл ажиллагаандаа ашиглаж байгаа аж. Холбогдох судалгааны дүн, илэрсэн зөрчил, анхаарах асуудлын талаар нийт прокуроруудад сургалт зохион байгуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Улсын дээд шүүхийн тайлбарыг зөв ойлгож хэрэглэх талаар хэлэлцүүлэг зохион явуулжээ.

Прокурорын байгууллага 2022 онд улсын хэмжээнд ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажлынхаа хүрээнд цагдан хорих байр хорих ангиудыг техникийн хяналт хамгаалалтыг шалгасан байна. Энэ хүрээнд хорих анги, цагдан хорих байранд ашиглагдаж байгаа дүрс бичлэгийн төхөөрөмж ашиглалтын шаардлага хангахгүй, зарим өрөө тасалгаа, зорчих бүсийг камерын хяналтад оруулаагүй зэрэг зөрчил илэрч, холбогдох арга хэмжээг авсан гэв.

Улсын хэмжээнд 2017 оны сүүлийн хагасаас 2024 оны эхний IX сарын байдлаар гэмт хэргийн шинжтэй нийт 603 мянган гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасны 478 нь эрүү шүүлт тулгах гэмт хэргийн талаар байжээ. Үүний 67 хувийг прокурор мөрдөгчийн саналыг үндэслэн, хэрэг нээхээс татгалзсан бол 150 гомдлын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн гэв. Дээрх хугацаанд 196 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 83.2 хувийг хааж, 2.5 хувийг нэгтгэж, 18 хэрэг буюу 9.2 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэж, шийдвэрлэсэн. 10 хэрэг хэрэг бүртгэлтийн шатад шалгагдаж байгаа гэх мэдээллийг өгөв.

Эрүүгийн хуулийн 21 дүгээр бүлэг буюу Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэгт тооцож, тус бүлэгт хуульчилсан, гэмт хэргийн шинжийг “бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон” гэж конвенцод зааснаас өөр байдлаар тодорхойлсноор гэмт хэргийн субъект болон хохирогчийг явцуу хүрээнд тодорхойлох нөхцөлийг бүрдүүлсэн хэмээн Улсын ерөнхий прокурорын орлогч прокурор М.Чинбат танилцуулгынхаа үеэр онцоллоо. Иймд Конвенцын орчуулгыг агуулгын хувьд дахин нягталж үзэх, Эрүүгийн хуульд заасан, эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжийг Конвенцын тодорхойлолтод бүрэн нийцүүлэх, тусгай ангийн зохих бүлэгт хуульчлах, мөрдөн шалгах эрх бүхий байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын мэдүүлэг авах өрөөний хүртээмжийг нэмэгдүүлэх, мэдүүлэг авах өрөөнд тавигдах шаардлагыг бүрэн хангуулахад чиглэсэн зорилтот арга хэмжээг авах шаардлагатай хэмээв.

Улсын дээд шүүхээс энэ төрлийн гэмт хэргийн шүүхийн шийдвэрлэлт ба гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох, нөхөн төлүүлэх талаарх хууль тогтоомжийн хэрэглээ, шүүхийн практикийн талаар танилцуулсан. Шүүхийн шийдвэрийн нэгдсэн санд эрүү шүүлт тулгах гэмт хэргийн талаарх Анхан шатны шүүхийн 14 тогтоол, Давж заалдах шатны шүүхийн 14 магадлал, Хяналтын шатны шүүхийн 4 тогтоол сүүлийн 5 жилийн хугацаанд бүртгэгджээ. Энэ төрлийн гэмт хэрэгт торгох ялыг 8 тохиолдолд, 1-2 жил хорих ялыг 4 тохиолдолд оногдуулсан бол хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар 1 тохиолдолд сольж, 2 тохиолдолд эрх хасах нэмэлт ял оногдуулжээ. Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим хариуцсан ахлах референт М.Хатанзориг үргэлжлүүлэн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох, нөхөн төлүүлэх талаарх хууль тогтоомжийн хэрэглээ, шүүхийн практикийн талаар дэлгэрэнгүй танилцуулав.

Зэвсэгт хүчний нэгтгэл, анги байгууллагуудад хүний эрх, эрх чөлөөг зөрчих, дүрмийн бус харилцааны талаар гаргасан гомдол, мэдээллийн шийдвэрлэлт болон авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал С.Ганбямба танилцуулав. Цэргийн алба хаагч болон иргэдээс 2020 онд 11967, 2021 онд 10168, 2022 онд 13308, 2023 онд 7655, 2024 оны III улирлын байдлаар 6152 буюу нийт 49250 өргөдөл, гомдол Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, төрлийн цэргийн командлал, Барилга-Инженерийн цэргийн удирдах газар, харьяа нэгтгэл, анги, салбар, байгууллагад гаргасан байна.

Зэвсэгт хүчний хэмжээнд 2020-2024 онд иргэдээс 49250 өргөдөл, гомдол ирүүлснээс 48544 өргөдлийг шийдвэрлэн өргөдөл, гомдол гаргагчид хуулийн хугацаанд нь хариуг хүргүүлж, 690 өргөдлийг харьяаллын дагуу бусад байгууллагад шилжүүлж, 16 өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэв. Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабт сүүлийн 5 жилийн байдлаар буюу 2020-2024 онд иргэдээс хүний эрх, эрх чөлөө, дүрмийн бус харилцааны талаар 25 өргөдөл, гомдол ирүүлснээс 19-ийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэн, 3 өргөдлийг бусад байгууллагад шилжүүлсэн бол 3 өргөдөл хуулийн хугацаанд хянагдаж байгаа гэлээ. Иргэдээс хүний эрх, эрх чөлөө, дүрмийн бус харилцааны талаар гаргасан өргөдөл, гомдол, мэдээлэл нь нийт өргөдөл, гомдол, мэдээллийн 0.05 хувийг эзэлж байгаа юм байна. Зэвсэгт хүчний нэгтгэл, анги байгууллагуудад хүний эрх, эрх чөлөөг зөрчих, дүрмийн бус харилцааг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар тэрбээр мэдээллээ үргэлжүүлж, цаашид анхаарах, авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналаа танилцуулсан.

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул төрөлжсөн асрамжийн газарт амьдарч буй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийн эрхийн хэрэгжилт, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулав. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлэгчид болон байнгын асруулагчдын эрхийн хэрэгжилтийн талаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат танилцуулсан.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.4-т заасны дагуу сонсголд оролцогч Х.Бат-Ялалт, М.Хувьцагаан, Л.Нямзундуй, Б.Оюундэлгэр, Н.Бадамзул, н.Даваасүрэн, О.Шинэбаяр, н.Баярмаа, Б.Бямбасүрэн, Ж.Занаа, С.Шаарийбуу, н.Сарантуяа, н.Ганболд, Г.Баяртогтох, Т.Хүрэлбат нарын 40 гаруй иргэн санал, мэдээллээ танилцуулж, хоёр оролцогчоос бичгээр ирүүлсэн мэдээллийг П.Сайнзориг гишүүн уншиж танилцуулсан юм. Дараа нь хяналтын сонсголд оролцож буй Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, Ц.Сандаг-Очир, Г.Ганбаатар, Х.Баасанжаргал, Ж.Баярмаа, О.Номинчимэг, М.Нарантуяа-Нара, С.Эрдэнэболд, П.Сайнзориг нар асуулт асууж, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон сонсголд оролцогч төрийн байгууллага, оролцогчдоос хариулт, тайлбар, мэдээлэл авсан юм.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүд хяналтын сонсголтой холбогдуулан үг хэлсэн. Д.Цогтбаатар гишүүн эрүүдэн шүүлтэд өртсөн гэдгээ илэрхийлж буй олон иргэн энэ танхимд байгаа нь харамсалтай хэмээгээд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо тасралтгүй ажиллах шалтгаан гэлээ. Мөн тэрбээр хэн нэгнийг хилсээр хэлмэгдүүлсэн албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцдог болох, нас барсан нэгнийг цагаатгадаг шиг энэ төрлийн гэмт хэргийг илэрсэн цагт нь гэм буруутныг тогтоодог байх эрх зүйн зохицуулалтыг бий болгох нь зүйтэй гэдэг санал хэлсэн. Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал сонсголын зохион байгуулалттай холбоотой санал хэлсэн. Мөн ээжийнхээ хамт хорих байранд байдаг 2 хүртэлх насны хүүхдүүдийн эрхийг хангахтай холбоотой, Эрүүгийн хууль дахь нөхөн төлбөр олгох зохицуулалтыг шуурхай болгох шаардлага, хууль сахиулах байгууллагуудын төсвийг зохих хэмжээнд хуваарилах шаардлагын талаар санал хэлсэн. Г.Ганбаатар гишүүн, ажил үүргээ гүйцэтгэх явцдаа хүний эрхийн зөрчил гаргасан албан тушаалтнуудын мэдээллийг бүртгэн сан үүсгэх, Хүний эрхийн Үндэсний Комиссын бие даасан байдлыг бэхжүүлэх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг олон нийтийн оролцоотойгоор шинэчлэх, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэн батлах, хэвлэлийн эрх чөлөөний асуудлыг бэхжүүлэх, мөрдөн байцаах өрөөний техникийн чанарыг анхаарах, гадаад улсад байгаа Монгол Улсын иргэний хууль ёсны эрх ашгийг хамгаалах асуудалд анхаарах зэрэг асуудлаар байр сууриа илэрхийллээ. Эрүү шүүлтэд өртсөн, хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдэд олгох нөхөн төлбөрийн талаар, мөн энэ төрлийн зөрчил үйлдсэн албан тушаалтанд хуулийн хатуу хариуцлага хүлээлгэх, өөр албан тушаалд шилжүүлэн томилдог явдлыг таслан зогсоох шаардлагын талаар М.Нарантуяа-Нара, Ц.Сандаг-Очир, Ж.Баярмаа нарын гишүүд хэлж, байр сууриа илэрхийлж байв.

Түүнчлэн холбогдох төрийн байгууллагуудын төлөөлөл бүхий ажлын хэсэг байгуулж, эрүү шүүлтэд өртсөн, төрийн буруутай үйл ажиллагаа, шийдвэрээс үүдэн гомдолтой байгаа иргэдийн асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг байгуулах саналыг Ц.Сандаг-Очир гишүүн хэлж байв. Дав.Цогтбаатар гишүүн иргэдийн гомдол, мэдээллийг шуурхай шийдвэрлэдэг байх санал хэлсэн бол С.Эрдэнэболд гишүүн хүний эрхийг хангах, хамгаалахад шаардлагатай санхүүжилтийг төсөвт тусгуулах чиглэлээр онцгой анхаарал хандуулж ажиллахаа илэрхийлсэн.

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” хяналтын сонсголын дараа Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулж, Хууль зүйн байнгын хороо, улмаар Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх боломжтой хэмээн үзэж буйгаа сонсгол даргалагч П.Сайнзориг гишүүн хэлээд, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нөхөн төлбөрийн талаарх зохицуулалтыг боловсронгуй болгох, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцын орчуулгыг нягталж, дотоодын хууль тогтоолуудыг нийцүүлэх шаардлагын талаар байр сууриа илэрхийлсэн юм. Түүнчлэн улс төрд нөлөө бүхий этгээдүүд энэ төрлийн гэмт хэрэгт нөлөөлөх байдлаар оролцсон нь тогтоогдвол өндөр хариуцлага хүлээлгэдэг эрх зүйн зохицуулалттай болгоход холбогдох талууд санаачилгатай ажиллахыг уриалсан.

Төгсгөлд нь тэрбээр “Уулын мод урттай, богинотой гэдэгчлэн хууль сахиулах байгууллагын зарим албан тушаалтан, алба хаагч бусдад эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий ханддаг ч нөгөө талд нь шударга албан хаагч олон байдгийг санах нь зүйтэй. Монгол Улс хүний эрхийг дээдэлсэн, ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхээр зорьж байгаа. Хүний эрх, эрх чөлөө нь өнөөгийн Монгол Улсын хамгийн үнэ цэнтэй зүйл, тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа юм. Бид бие биедээ хүндэтгэлтэй байж, хуулийн хүрээнд харилцдаг, хэн нэгэнд хүчээр гэмт хэрэг тулгадаггүй байх, эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байвал олон бэрхшээл шийдэгдэнэ. Энэ төрлийн гэмт хэргийн үеэр нэр төр гэдэг ойлголтыг орхигдуулдаг, ярьдаггүй. Үүнд бас анхаарал хандуулах шаардлагатайг өнөөдөр олон хүн хэллээ. Хяналтын сонсголд оролцсон 70 гаруй иргэний 40 гаруй нь хүсэлт, мэдээллээ хэлж, идэвхтэй оролцлоо. Холбогдох төрийн байгууллагууд тодорхой мэдээллүүд танилцуулсан нь олон нийтийн мэдэх эрхийг хангасан гэж үзэж байна” гээд нийт оролцогчдод талархал илэрхийлээд хяналтын сонсгол өндөрлөж байгааг мэдэгдэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм2 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр2 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад2 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм3 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд3 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм3 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм3 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм3 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм3 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр3 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм3 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр3 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр4 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр4 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр4 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Улс төр4 өдөр өмнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа

Нийгэм4 өдөр өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ээлжит хуралдаан болов

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

“Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг үнэлэх хэлэлцүүлэг боллоо

Нийгэм4 өдөр өмнө

Иргэдийн гомдлыг хиймэл оюунд суурилсан технологиор шийдвэрлэнэ

Улс төр4 өдөр өмнө

Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсгол өнөөдөр болно

Улс төр4 өдөр өмнө

ТББХ: “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлахыг дэмжлээ

Нийгэм4 өдөр өмнө

Улаанбаатарын анхны дагуул хот Шинэ Зуунмодыг бүтээн байгуулна

Нийгэм4 өдөр өмнө

Автомашины гаалийн мэдүүлгийг хүлээн авагчид зориулж цаасаар хэвлэх ажлыг зогсоож, цахимд шилжүүлнэ

Нийгэм5 өдөр өмнө

“Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө” 100 ортой гэр цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо

Нийгэм5 өдөр өмнө

Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх

Энтертайнмент5 өдөр өмнө

С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо

Нийгэм5 өдөр өмнө

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 43 өргөдөл, гомдлыг хүлээн авав

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм2 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг6 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим