Дэлхий дахинд
Фүжи телевизийн захирлууд дуулианы улмаас ажлаасаа чөлөөлөгдлөө
Японы Фүжи телевизийн өндөр албан тушаалтнууд алдарт хөтлөгч Накаи Масахиротой холбоотой томоохон дуулианд нэр холбогдоод буй. Энэ хэрэгтэй холбоотойгоор тус телевизийн ерөнхийлөгч Минато Коичи болон дарга Канох Шүжи нарыг огцруулах болжээ. Фүжи компанийн ТУЗ-ийн гишүүд Даваа гаригт шуурхай хуралдаж, Коичи болон Шүжи нарын удирдах чадварын талаар хэлэлцсэн аж.
Болсон явдлыг эргэн санавал, өнгөрсөн сард долоо хоног тутмын сэтгүүл дээр Накаи болон нэгэн эмэгтэй хоёрын хооронд болсон асуудалд Фүжи телевизийн ажилтан холбогдсон талаар мэдээлэл цацагдаж, дуулиан тарьсан юм. Накаигийн хувьд тарсан “SMAP” хамтлагийн гишүүн байсан.
Компанийн ТУЗ-ын гишүүдийн үзэж буйгаар, Накаи эмэгтэй хүнтэй холбоотой асуудалд оролцсоныг нь ерөнхийлөгч Коичи мэдэж байсан ч ямар ч арга хэмжээ аваагүй.
Мөн шуугианыг санаатайгаар дарж, Накаигийн хөтөлдөг нэвтрүүлгийг 18 сарын турш цацсан нь компанийн нэр хүндийг үл тоосон гэж буруутгаж байна. Өнгөрсөн сард Накаигийн талаар мэдээлэл цацагдсаны дараа олон компани Фүжи телевизээр явуулдаг сурталчилгаагаа зогсоож, үйл ажиллагаанд нь сөргөөр нөлөөлсөн. Үүнээс гадна, өнгөрсөн Пүрэв гаригт Коичи дотоод уулзалт зарлаж, ажилчдадаа хандан “Үүрэг даалгавраа нухацтай авч үздэг надаас өөр ерөнхийлөгч гарч ирэхгүй” зэргээр өөрийгөө өмгөөлсөн үгсийг хэлжээ.
Дэлхий дахинд
Хүчтэй салхи шуурга болон уруйн үер, аадар бороо зэрэг үзэгдлүүд нь хамгийн олон удаа болсон байна
Цаг уурын гаргасан уур амьсгалын жилийн тойм мэдээллээр өнгөрсөн 2024 онд улсын хэмжээнд 104 удаагийн цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл болсноос аюултай үзэгдэл 95 удаа, гамшигт үзэгдэл 13 удаа болж үүний улмаас 3 хүн амь насаа алдаж, 3.058.998 толгой мал хорогдсон байна.
Мөн улсын чанартай авто зам, гүүр 13, эрчим хүчний дөрвөн шон, 108 гэр нурсан бол барилгын дээвэр хуурч унасны улмаас 10.374 хашаа эвдэрч, шороон шуурганд таван автомашины шил, 3.0 га тариалангийн талбай өртөж, нийт 3.2 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Харин нийт 15 төрлийн аюулт болон гамшигт үзэгдэл болсноос хүчтэй салхи шуурга болон уруйн үер, аадар бороо, мөндөр, аянга цахилгаан зэрэг үзэгдлүүд нь хамгийн олон удаа болсон нь нийт аюулт, гамшигт үзэгдлийн 11-27 хувийг эзэлж байна.
Аюултай үзэгдлийг цаг агаарын нөхцөл, хамрах газар нутаг, үргэлжлэх хугацаагаар нь фронтын болон конвекцийн гаралтай гэж ангилдаг бөгөөд фронтын гаралтай аюултай болон гамшигт үзэгдэл нь конвекцийн гаралтай аюулт, гамшигт үзэгдлээс илүү олон удаа ажиглагджээ.
Эх сурвалж: Уур амьсгалын өөрчлөлт, нөөцийн судалгааний хэлтэс, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн
Дэлхий дахинд
Азийн зарим оронд Цагаан сарын баяраа тэмдэглэж байна
Өнөөдөр буюу 2025 оны 1-р сарын 29-нд Азийн зарим оронд Цагаан сарын баяр тохиож байна. Тухайлбал, БНХАУ, Өмнөд Солонгос зэрэг орнуудын хувьд Цагаан сар энэ өдөр тохиож байна.
Энэ баяраар мөнгөөр дүүрэн улаан дугтуй солилцох, гэр бүл, найз нөхөдтэйгөө уулзах, манжинтай бялуу идэх зэргээр тэмдэглэдэг. Мөн энэ нь Хятадын аялал жуулчлалын хамгийн ачаалалтай үе юм.
Хятад хүмүүс цагаан сараа тэмдэглэхээр гэртээ харьдаг хоногууд нь дэлхийн хамгийн том хүн амын шилжилт хөдөлгөөний нэг гэж нэрлэгддэг. Энэ жил нэгдүгээр сарын 14-өөс хоёрдугаар сарын 22-ны хооронд есөн тэрбум аялал хийгдэх төлөвтэй байна гэж мэдээлэв.
Дэлхий дахинд
Европ даяар Кока-Кола ундааг эргүүлэн татав
Кока-Кола ундааг савлаж, Европ даяар түгээдэг нэгж компани их хэмжээний бүтээгдэхүүнээ худалдаанаас эргүүлэн татаж буйгаа Даваа гаригт мэдэгдлээ. Хүний эрүүл мэндэд аюултай хлорат гэх бодис Кола, Спрайт зэрэг ундаанд их хэмжээгээр илэрсэн тул дээрх арга хэмжээг авсан байна. Компанийн мэдэгдэлд дурдсанаар Бельги, Нидерланд, Британи, Герман, Франц, Люксембург улсуудад арваннэгдүгээр сараас хойш түгээсэн лаазтай болон шилтэй ундаануудад бодисын түвшин хэвийн хэмжээнээс их байжээ. Яг хэдий хэмжээний гэдгийг тодорхой хэлээгүй ч нэлээд их байсан гэж үзэж байна.
Хлорат нь ус цэвэршүүлэх болон хүнсний боловсруулалтад өргөн хэрэглэгддэг хлорын ариутгагч бодисоос гаралтай тул хүнсний бүтээгдэхүүний найрлагаас илрэх нь бий. Гэхдээ хлоратыг удаан хугацаагаар хэрэглэх нь хүүхдийн эрүүл мэндэд аюул учруулж болзошгүйг Европын хүнсний аюулгүй байдлын газар 2015 онд мэдээлжээ. Энэ нь иодын хөнгөн болон дунд зэргийн дутагдалтай хүүхдэд нэн ялангуяа хамааралтай.
“Coca-Cola Europacific Partners Belgium” фирм зарагдаж амжаагүй бүтээгдэхүүнүүдийн дийлэнхийг нь дэлгүүрүүдийн лангуунаас эргүүлэн татсан бөгөөд үлдсэн бүх бүтээгдэхүүнийг зах зээлээс гаргах арга хэмжээг үргэлжлүүлэн авч байна.
Гэхдээ тус компанийн Франц дахь салбарт хараат бус шинжээчид дүн шинжилгээ хийгээд ямар нэгэн эрсдэл гарах магадлал бага гэсэн дүгнэлтэд хүрчээ. Мөн хэрэглэгчээс одоогоор гомдол хүлээж аваагүй байгаа гэв.
Хлоратын хэмжээ хэтэрсэн гэх бүтээгдэхүүнүүд нь “328 GE”-ээс “338 GE” хүртэлх үйлдвэрлэлийн кодтой “Minute Maid”, “Nalu”, “Royal Bliss” болон “Tropico” брэндийн ундаанууд байжээ.