Нийгэм
БНБУ-ын Тэргүүн Цыденов Алексей Самбуевичийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн Цыденов Алексей Самбуевич тэргүүтэй албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад БНБУ-ын Засгийн газрын даргын орлогч дарга, Эдийн засгийн сайд Кочетова Екатерина Николаевна, БНБУ-ын Засгийн газрын даргын орлогч, Эрүүл мэндийн сайд Лудупова Евгения Юрьевна, БНБУ-ын Монгол Улстай харилцах асуудал хариуцсан сайд Чирипов Даба-Жалсан Шагжиевич, ОХУ-ын Гадаад хэргийн яамны Улаан-Үд хот дахь төлөөлөгч Пономарева Александра Ивановна, Улаан-Үд хотын дарга Шутенков Игорь Юрьевич, Улаан-Үд хотын хурлын дарга Бальжинимаев Чимит Валерьевич, БНБУ-ын Тэргүүлэгчдийн зөвлөлийн дарга Раднаев Владимир Владимирович нар оролцлоо. Талууд цаашдын хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, шинэ төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр болон барилга, авто замын бүтээн байгуулалт, боловсрол, шинжлэх ухаан, эдийн засаг, соёл, аялал жуулчлал зэрэг салбарт хамтран ажиллах хэлэлцээр өрнүүллээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Монгол Улс, ОХУ хоорондын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрч, бүхий л салбарт өргөжин хөгжиж байна. Ялангуяа Улаанбаатар хот, Улаан-Үд хотуудын хооронд олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэхэд таатай байгаагаа илэрхийллээ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот хөгжлийн шинэ түвшинд хүрэх 24 мега төслийг хэрэгжүүлж эхэлсэн талаар нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай танилцуулав.
Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн Цыденов Алексей Самбуевич хоёр улс хоорондын хөгжлийн туршлагаа харилцан солилцож, Улаанбаатар хоттой үр дүнтэй хамтран ажиллахад таатай байх болно гэдгээ хэллээ. Ташрамд, 2022 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газар хооронд Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, нийгэм, хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрт гарын үсэг зурж байсан билээ.

Нийгэм
Менингоккокт халдвар авсан хүүхэд нас баржээ

Архангай аймгийн Цэнхэр суманд менингоккокт халдварын тохиолдол бүртгэгдсэн байна.
Тодруулбал, Энэ сарын 25-ны өдөр 5 настай эрэгтэй хүүхдийн биеэр тууралт гарсан, өндөр халуурч байна гэх дуудлага Цэнхэр сумын Эрүүл мэндийн төвд иржээ. Дуудлагын дагуу тус сумын эмч нарыг очиход хүүхдийн биеийн байдал хүнд, менингоккот халдварын шинж тэмдэгтэй байсан учир аймгийн НЭ-ийн халдвартын тасагт шилжүүлж, шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй хийсэн боловч тухайн хүүхэд нас барсан байна.
Тууралтат халдварын улирал эхэлж буй энэ цаг үед хүүхдийн тань бие дээр тууралт гарах, халуурах шинж тэмдэг илэрсэн даруйд цаг алдалгүй харъяа эрүүл мэндийн байгууллагад хандахыг аймгийн ЭМГ-аас анхааруулж байна.
Нийгэм
Улаанбаатар метро төслийн зөвлөх багууд тендерийн баримт бичгийн сургалт зохион байгуулав

Их багтаамжийн нийтийн тээвэр Улаанбаатар метро төслийн стратегийн зөвлөхөөр ИБУИНВУ-ын Зам тээврийн яамны харьяа “Crossrail international” компани ажиллаж байна.
Тус компани Улаанбаатар метро төсөлд гадаадын хөрөнгө оруулалт, санхүүжилт татахад дэмжлэг болох зорилгоор тендерийн баримт бичиг, мэргэжлийн үйл ажиллагаанд зөвлөж, хяналт тавьж ажиллаж байна.
Өчигдөр тус компанийн захирал Patrick TenHave, Alistair Thomson, Улаанбаатар метро төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч “Dohwa Engineering” компанийн захирал Пак Юн Чул, “Нэгдсэн төслийн удирдлагын газар”-ын захирал У.Баатар нар төслийн тендерийн баримт бичгийг стандартад нийцүүлэх, нягтлах, олон улсын хэмжээний томоохон компаниудыг оролцуулах, төслийг санхүүжүүлэх сургалт зохион байгууллаа.
Ташрамд, “Crossrail international” компани нь 2022 оны тавдугаар сард Лондон хотын метроны Элизабет шугамыг амжилттай барьж ашиглалтад оруулсан бөгөөд Австрали, АНУ, Канад, Хонг Конг зэрэг улсад стратегийн зөвлөхөөр ажилладаг билээ.
Нийгэм
“Атрын IV аян”-ы хүрээнд тариаланчдын зөвлөгөөн эхэллээ

“Атрын IV аян”-ы хүрээнд тариаланчдын уулзалт, зөвлөгөөн Дархан-Уул аймагт эхэллээ.
Өчигдөр үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, мөөг, хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн салбар сургалт, зөвлөгөөнүүд болж өндөрлөв.
Салбар хуралдаануудыг нээж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ “Атрын IV Тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы зорилт, үр дүн, хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулсан.
Хөдөө аж ахуйн их сургууль болон Ургамал хамгаалал, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид Монгол орны нөхцөлд тохирсон үр соорт нутагшуулах, хөрс ургамал хамгаалал, техник технологийн дэвшил зэргийг танилцуулж, сургалт хийлээ.
Мөн газар тариалангийн хоршоологчид болон салбартаа тэргүүлэгч аж ахуйн нэгжүүд туршлагаасаа хуваалцсан юм.
Зөвлөгөөнд 21 аймаг, нийслэлийн Хөдөө аж ахуйн газар, их сургуулиуд, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд болон хоршоод, үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жинсгэнэ, мөөг, хүлэмжийн аж ахуй, эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг хамрууллаа.
Өнөөдөр буюу 2025.03.28-ны өдөр “Атрын IV аян”-ы хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн нэгдсэн зөвлөгөөн Дархан-Уул аймгийн Залуучууд театрын Их танхимд болно гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.