Нийгэм
Гамшгийн эрсдэлийн талаарх тооцоо судалгааг аймаг, сум, баг бүрээр гаргаж, бэлэн байдлыг хангаж ажиллах шаардлагатай байна

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Дорноговь аймагт ажиллах үеэрээ Онцгой комиссын хуралдаанд оролцож, холбогдох үүрэг чиглэлийг өглөө.
Дорноговь аймгийн хэмжээнд сүүлийн таван жилийн байдлаар 12 удаагийн үер, усны дуудлага бүртгэгдснээс 2021 онд Даланжаргалан сум, 2024 онд Хатанбулаг сумдад нийт 2 иргэн амь насаа алдсан байна.
Түүнчлэн өнгөрсөн онд Хатанбулаг, Хөвсгөл сумдад малын гоц халдварт ямааны годрон өвчин гарсан. Тиймээс 2025 онд мал, амьтны халдварт таван төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зориулж, орон нутгийн төсвөөс хөрөнгийг шийдвэрлэн, дархлаажуулалтын арга хэмжээнд нийт 609.6 мянган толгой малыг технологит хугацаанд нь вакцинжуулалтад хамруулахаар бэлтгэл хангаад байна.
Орон нутгаас мал эмнэлгийн үйл ажиллагааны чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор шаардлагатай тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлсэн гэдгийг хуралдааны үеэр танилцууллаа.
Хошууч генерал Г.Ариунбуян “Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн бий болж байгаа байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэл, сөрөг нөлөөллийг бууруулах, даван туулах, үр дагавар, хор хохирлыг арилгах талаарх бодлого, арга замыг оновчтой тодорхойлох, төрийн бодлогоор дэмжих шаардлага бий болсон. Тиймээс цаашид үндэсний сөрөн тэсвэрлэх стратегийн нэг бүрэлдэхүүн хэсэг болох гамшгийг тэсвэрлэх чадавхыг олон нийтийн оролцоонд тулгуурлан дээшлүүлэх, иргэд, олон нийтийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр иргэдэд тогтмол заавар, зөвлөгөө өгч, гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэгийг дээшлүүлэхэд анхаарах, аймаг, нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын үйл ажиллагааг эрчимжүүлэх, гамшгийн эрсдэлийн талаарх тооцоо судалгааг аймаг, сум, баг тус бүрээр гаргаж, бэлэн байдлыг хангаж ажиллах шаардлагатай байна” хэмээн хэлсэн үгэндээ онцолсон юм.

Нийгэм
Менингоккокт халдвар авсан хүүхэд нас баржээ

Архангай аймгийн Цэнхэр суманд менингоккокт халдварын тохиолдол бүртгэгдсэн байна.
Тодруулбал, Энэ сарын 25-ны өдөр 5 настай эрэгтэй хүүхдийн биеэр тууралт гарсан, өндөр халуурч байна гэх дуудлага Цэнхэр сумын Эрүүл мэндийн төвд иржээ. Дуудлагын дагуу тус сумын эмч нарыг очиход хүүхдийн биеийн байдал хүнд, менингоккот халдварын шинж тэмдэгтэй байсан учир аймгийн НЭ-ийн халдвартын тасагт шилжүүлж, шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй хийсэн боловч тухайн хүүхэд нас барсан байна.
Тууралтат халдварын улирал эхэлж буй энэ цаг үед хүүхдийн тань бие дээр тууралт гарах, халуурах шинж тэмдэг илэрсэн даруйд цаг алдалгүй харъяа эрүүл мэндийн байгууллагад хандахыг аймгийн ЭМГ-аас анхааруулж байна.
Нийгэм
Улаанбаатар метро төслийн зөвлөх багууд тендерийн баримт бичгийн сургалт зохион байгуулав

Их багтаамжийн нийтийн тээвэр Улаанбаатар метро төслийн стратегийн зөвлөхөөр ИБУИНВУ-ын Зам тээврийн яамны харьяа “Crossrail international” компани ажиллаж байна.
Тус компани Улаанбаатар метро төсөлд гадаадын хөрөнгө оруулалт, санхүүжилт татахад дэмжлэг болох зорилгоор тендерийн баримт бичиг, мэргэжлийн үйл ажиллагаанд зөвлөж, хяналт тавьж ажиллаж байна.
Өчигдөр тус компанийн захирал Patrick TenHave, Alistair Thomson, Улаанбаатар метро төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч “Dohwa Engineering” компанийн захирал Пак Юн Чул, “Нэгдсэн төслийн удирдлагын газар”-ын захирал У.Баатар нар төслийн тендерийн баримт бичгийг стандартад нийцүүлэх, нягтлах, олон улсын хэмжээний томоохон компаниудыг оролцуулах, төслийг санхүүжүүлэх сургалт зохион байгууллаа.
Ташрамд, “Crossrail international” компани нь 2022 оны тавдугаар сард Лондон хотын метроны Элизабет шугамыг амжилттай барьж ашиглалтад оруулсан бөгөөд Австрали, АНУ, Канад, Хонг Конг зэрэг улсад стратегийн зөвлөхөөр ажилладаг билээ.
Нийгэм
“Атрын IV аян”-ы хүрээнд тариаланчдын зөвлөгөөн эхэллээ

“Атрын IV аян”-ы хүрээнд тариаланчдын уулзалт, зөвлөгөөн Дархан-Уул аймагт эхэллээ.
Өчигдөр үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, мөөг, хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн салбар сургалт, зөвлөгөөнүүд болж өндөрлөв.
Салбар хуралдаануудыг нээж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ “Атрын IV Тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы зорилт, үр дүн, хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулсан.
Хөдөө аж ахуйн их сургууль болон Ургамал хамгаалал, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид Монгол орны нөхцөлд тохирсон үр соорт нутагшуулах, хөрс ургамал хамгаалал, техник технологийн дэвшил зэргийг танилцуулж, сургалт хийлээ.
Мөн газар тариалангийн хоршоологчид болон салбартаа тэргүүлэгч аж ахуйн нэгжүүд туршлагаасаа хуваалцсан юм.
Зөвлөгөөнд 21 аймаг, нийслэлийн Хөдөө аж ахуйн газар, их сургуулиуд, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд болон хоршоод, үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жинсгэнэ, мөөг, хүлэмжийн аж ахуй, эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг хамрууллаа.
Өнөөдөр буюу 2025.03.28-ны өдөр “Атрын IV аян”-ы хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн нэгдсэн зөвлөгөөн Дархан-Уул аймгийн Залуучууд театрын Их танхимд болно гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.