Нийгэм
Таван чиглэлд нийтийн тээврийн автобусны нэгдүгээр эгнээг үе шаттай өргөтгөнө

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр богино, дунд, урт хугацаанд 10 бүлэг, 79 цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд богино хугацаанд хэрэгжих 27 байршлын долоон төсөл арга хэмжээг танилцууллаа. Тодруулбал, замын хөдөлгөөний ачаалал ихтэй байршлуудад нийтийн тээврийн автобусны нэгдүгээр эгнээг хоёр үе шаттай өргөтгөж, гэр хороололд нийтийн тээвэр хүртээмжгүй хэсэгт авто зам барьснаар Улаанбаатар хотын түгжрэл 31.7 хувиар буурах тооцоолол бүхий төслийг нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн Эрдэмтдийн зөвлөл танилцуулав.
ШУТИС-ийн механик инженер, тээврийн сургуулийн доктор, дэд профессор М.Дэлгэрнасан:
-Улаанбаатар хотын иргэдийн зорчилт хөдөлгөөнийг эрдэмтэд судалж үзэхэд, Таван шараас 3, 4 дүгээр хороолол, Долоон буудал, Офицер, Шархад, Яармаг гэсэн үндсэн 5 цэгээс зорчилт эхэлж, төгсдөг. Энэхүү зорчилтын урсгалыг сайжруулахын тулд тээврийн холбоос замуудыг нэмэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, авто замуудыг нийтийн тээвэр чөлөөтэй зорчих боломжтой байдлаар өргөтгөх юм бол түгжрэлд нөлөө үзүүлнэ гэж судлагдсан. Харин өнөөдөр авто зам, авто зогсоолыг зөвхөн автомашинд тохиромжтой байдлаар бариад байна. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Тодруулбал, Таван шар-3, 4 дүгээр хороолол, Долоон буудал, Офицер, Шархад, Яармагийн авто замуудын тодорхой эгнээг өргөтгөж, нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр зорчууулахаар төлөвлөлөө. Яармагаас Үйлдвэр комбинат хүртэлх 0.8 километр орчим авто замыг өргөтгөнө. Хойд талаас зорчих хөдөлгөөн болох Долоон буудлаас төв талбай хүртэлх 8.1 км, Офицероос Шархад хүртэл 3.3 км замыг өргөтгөнө. Ингэснээр иргэдийн зорчих урсгал чөлөөтэй болж, түгжрэлд эерэг нөлөө үзүүлэх юм.
Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, доктор М.Буяндэлгэр:
-Яармагаас хотын төв рүү нийтийн тээврээр чөлөөтөй зорчихын тулд бүхэлдээ гурван эгнээ замтай байх шаардлагатай. Жишээлбэл, Яармагийн зам Нисэхийн аюулгүйн тойргоос Яармагийн гүүр өнгөрөх хүртэл гурван эгнээтэй үргэлжилж, цааш “Мишээл экспо”-ийн гэрлэн дохио хүртэл хоёр эгнээтэй болдог. Харин “Мишээл экспо”-ийн гэрлэн дохио өнгөрөөд гурван эгнээ замаар зорчиж байснаа “Номин”-ийн гэрлэн дохионоос АПУ хүртэлх 300 орчим метр зайд хоёр эгнээгээр зорчдог. Энхтайваны гүүрний доогуурх эргэлт хэсэг хоёр эгнээ замтай. Эдгээр хоёр эгнээ замыг үе шаттай өргөтгөж гурван эгнээ болгох, улмаар өргөтгөсөн хэсгээр нийтийн тээврийг чөлөөтэй зорчуулахыг зорино.

Нийгэм
Менингоккокт халдвар авсан хүүхэд нас баржээ

Архангай аймгийн Цэнхэр суманд менингоккокт халдварын тохиолдол бүртгэгдсэн байна.
Тодруулбал, Энэ сарын 25-ны өдөр 5 настай эрэгтэй хүүхдийн биеэр тууралт гарсан, өндөр халуурч байна гэх дуудлага Цэнхэр сумын Эрүүл мэндийн төвд иржээ. Дуудлагын дагуу тус сумын эмч нарыг очиход хүүхдийн биеийн байдал хүнд, менингоккот халдварын шинж тэмдэгтэй байсан учир аймгийн НЭ-ийн халдвартын тасагт шилжүүлж, шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй хийсэн боловч тухайн хүүхэд нас барсан байна.
Тууралтат халдварын улирал эхэлж буй энэ цаг үед хүүхдийн тань бие дээр тууралт гарах, халуурах шинж тэмдэг илэрсэн даруйд цаг алдалгүй харъяа эрүүл мэндийн байгууллагад хандахыг аймгийн ЭМГ-аас анхааруулж байна.
Нийгэм
Улаанбаатар метро төслийн зөвлөх багууд тендерийн баримт бичгийн сургалт зохион байгуулав

Их багтаамжийн нийтийн тээвэр Улаанбаатар метро төслийн стратегийн зөвлөхөөр ИБУИНВУ-ын Зам тээврийн яамны харьяа “Crossrail international” компани ажиллаж байна.
Тус компани Улаанбаатар метро төсөлд гадаадын хөрөнгө оруулалт, санхүүжилт татахад дэмжлэг болох зорилгоор тендерийн баримт бичиг, мэргэжлийн үйл ажиллагаанд зөвлөж, хяналт тавьж ажиллаж байна.
Өчигдөр тус компанийн захирал Patrick TenHave, Alistair Thomson, Улаанбаатар метро төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч “Dohwa Engineering” компанийн захирал Пак Юн Чул, “Нэгдсэн төслийн удирдлагын газар”-ын захирал У.Баатар нар төслийн тендерийн баримт бичгийг стандартад нийцүүлэх, нягтлах, олон улсын хэмжээний томоохон компаниудыг оролцуулах, төслийг санхүүжүүлэх сургалт зохион байгууллаа.
Ташрамд, “Crossrail international” компани нь 2022 оны тавдугаар сард Лондон хотын метроны Элизабет шугамыг амжилттай барьж ашиглалтад оруулсан бөгөөд Австрали, АНУ, Канад, Хонг Конг зэрэг улсад стратегийн зөвлөхөөр ажилладаг билээ.
Нийгэм
“Атрын IV аян”-ы хүрээнд тариаланчдын зөвлөгөөн эхэллээ

“Атрын IV аян”-ы хүрээнд тариаланчдын уулзалт, зөвлөгөөн Дархан-Уул аймагт эхэллээ.
Өчигдөр үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, мөөг, хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн салбар сургалт, зөвлөгөөнүүд болж өндөрлөв.
Салбар хуралдаануудыг нээж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ “Атрын IV Тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы зорилт, үр дүн, хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулсан.
Хөдөө аж ахуйн их сургууль болон Ургамал хамгаалал, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид Монгол орны нөхцөлд тохирсон үр соорт нутагшуулах, хөрс ургамал хамгаалал, техник технологийн дэвшил зэргийг танилцуулж, сургалт хийлээ.
Мөн газар тариалангийн хоршоологчид болон салбартаа тэргүүлэгч аж ахуйн нэгжүүд туршлагаасаа хуваалцсан юм.
Зөвлөгөөнд 21 аймаг, нийслэлийн Хөдөө аж ахуйн газар, их сургуулиуд, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд болон хоршоод, үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жинсгэнэ, мөөг, хүлэмжийн аж ахуй, эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг хамрууллаа.
Өнөөдөр буюу 2025.03.28-ны өдөр “Атрын IV аян”-ы хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн нэгдсэн зөвлөгөөн Дархан-Уул аймгийн Залуучууд театрын Их танхимд болно гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.