Нийгэм
“UB Chat” апплейкшны талаар хэлэлцлээ

НИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг НИТХ-ын төлөөлөгч, Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны дарга Ж.Сандагсүрэн танилцууллаа. Өнөөдрийн хуралдаанаар нийт 8 асуудал хэлэлцэв. Ингэхдээ Нийслэлийн өмчөөс 2025 онд хувьчлах хөрөнгийн жагсаалт батлах тухай, БЗД-ийн 11-р хороонд байрлах зөөврийн ус түгээх барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэн авах тухай, Чингэлтэй дүүргийн 327 дугаар цэцэрлэгийн барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэн авах тухай, Орон сууцны барилгын инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг нийслэлийн өмчид бүртгэн авах тухай, ХУД-ийн 16-р хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэх тухай болон бусад асуудлыг Хороодын гишүүдийн олонхын саналаар дараагийн шатны хурлаар хэлэлцэхийг дэмжлээ.
Өнөөдрийн хурлын онцлох асуудал Хуулийн этгээдийн хувьцаа шилжүүлэн авах тухай байв. Энэхүү асуудлын хүрээнд UB CHAT апплейкшны талаар Нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Эрдэнэбадрах танилцуулсан юм. UB CHAT апплейкшн нь нийслэлийн бүхий л мэдээлэл, үйлчилгээг иргэд нэг дороос, онлайнаар авах боломжийг хангахад зориулагджээ. Ингэснээр иргэд цаг хугацаа, эдийн засгийн хувьд хэмнэлттэй бөгөөд цаашдаа үйлчилгээтэй холбоотой бүхий л төлбөр тооцоог хийх боломжийг бүрдүүлэхээр хөгжүүлж байгаа аж. Харин НИТХ-ын төлөөлөгч, Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны гишүүн Ж.Энхжаргалан, Д.Жавхлан нар тухайн апплейкшны хөгжүүлэлт анхаарч, иргэдэд ямар нэг хүндрэл учруулахгүй, төрийн мөнгийг үр ашиггүй зарцуулахгүй байх талаас хяналттай ажиллах талаар санал хэллээ. Уг асуудлыг дараагийн шатны хэлэлцүүлэгт илүү тодорхой мэдээлэлтэй болгож оруулах санал хэлж, гишүүд дэмжлээ.
Түүнчлэн Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төсөлд хамрагдах айл өрхийн эргэн төлөлтийн хувь хэмжээг тогтоох тухай асуудлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл танилцууллаа. Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч, Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны гишүүн Ч.Батзориг эрчим хүчний үр ашгийг яг хэдэн хувиар яаж дээшлүүлэх, ямар үр дүнд хүрэх талаар нарийн тодорхой судалгаа, мэдээлэл зэрэг нь тодорхойгүй байгаа талаар санал хэлж, шүүмжиллээ. Энэ асуудлыг дараагийн хуралдаанаар маш нарийн тусгахыг онцлов.
Тус хуралдаанаар хэлэлцсэн асуудал:
- Нийслэлийн өмчөөс 2025 онд хувьчлах хөрөнгийн жагсаалт батлах тухай
- Зөөврийн ус түгээх барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэн авах тухай /БЗД-ийн 11-р хороо/
- Чингэлтэй дүүргийн 327 дугаар цэцэрлэгийн барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэн авах тухай
- Орон сууцны барилгын инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг нийслэлийн өмчид бүртгэн авах тухай
- ХУД-ийн 16-р хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэх тухай
- Хуулийн этгээдийн хувьцаа шилжүүлэн авах тухай
- Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төсөлд хамрагдах айл өрхийн эргэн төлөлтийн хувь хэмжээг тогтоох тухай
- Нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой компанийн гүйцэтгэх захирлын үндсэн цалингийн дээд хязгаарыг тогтоох тухай

Нийгэм
Менингоккокт халдвар авсан хүүхэд нас баржээ

Архангай аймгийн Цэнхэр суманд менингоккокт халдварын тохиолдол бүртгэгдсэн байна.
Тодруулбал, Энэ сарын 25-ны өдөр 5 настай эрэгтэй хүүхдийн биеэр тууралт гарсан, өндөр халуурч байна гэх дуудлага Цэнхэр сумын Эрүүл мэндийн төвд иржээ. Дуудлагын дагуу тус сумын эмч нарыг очиход хүүхдийн биеийн байдал хүнд, менингоккот халдварын шинж тэмдэгтэй байсан учир аймгийн НЭ-ийн халдвартын тасагт шилжүүлж, шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй хийсэн боловч тухайн хүүхэд нас барсан байна.
Тууралтат халдварын улирал эхэлж буй энэ цаг үед хүүхдийн тань бие дээр тууралт гарах, халуурах шинж тэмдэг илэрсэн даруйд цаг алдалгүй харъяа эрүүл мэндийн байгууллагад хандахыг аймгийн ЭМГ-аас анхааруулж байна.
Нийгэм
Улаанбаатар метро төслийн зөвлөх багууд тендерийн баримт бичгийн сургалт зохион байгуулав

Их багтаамжийн нийтийн тээвэр Улаанбаатар метро төслийн стратегийн зөвлөхөөр ИБУИНВУ-ын Зам тээврийн яамны харьяа “Crossrail international” компани ажиллаж байна.
Тус компани Улаанбаатар метро төсөлд гадаадын хөрөнгө оруулалт, санхүүжилт татахад дэмжлэг болох зорилгоор тендерийн баримт бичиг, мэргэжлийн үйл ажиллагаанд зөвлөж, хяналт тавьж ажиллаж байна.
Өчигдөр тус компанийн захирал Patrick TenHave, Alistair Thomson, Улаанбаатар метро төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч “Dohwa Engineering” компанийн захирал Пак Юн Чул, “Нэгдсэн төслийн удирдлагын газар”-ын захирал У.Баатар нар төслийн тендерийн баримт бичгийг стандартад нийцүүлэх, нягтлах, олон улсын хэмжээний томоохон компаниудыг оролцуулах, төслийг санхүүжүүлэх сургалт зохион байгууллаа.
Ташрамд, “Crossrail international” компани нь 2022 оны тавдугаар сард Лондон хотын метроны Элизабет шугамыг амжилттай барьж ашиглалтад оруулсан бөгөөд Австрали, АНУ, Канад, Хонг Конг зэрэг улсад стратегийн зөвлөхөөр ажилладаг билээ.
Нийгэм
“Атрын IV аян”-ы хүрээнд тариаланчдын зөвлөгөөн эхэллээ

“Атрын IV аян”-ы хүрээнд тариаланчдын уулзалт, зөвлөгөөн Дархан-Уул аймагт эхэллээ.
Өчигдөр үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, мөөг, хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн салбар сургалт, зөвлөгөөнүүд болж өндөрлөв.
Салбар хуралдаануудыг нээж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ “Атрын IV Тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы зорилт, үр дүн, хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулсан.
Хөдөө аж ахуйн их сургууль болон Ургамал хамгаалал, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид Монгол орны нөхцөлд тохирсон үр соорт нутагшуулах, хөрс ургамал хамгаалал, техник технологийн дэвшил зэргийг танилцуулж, сургалт хийлээ.
Мөн газар тариалангийн хоршоологчид болон салбартаа тэргүүлэгч аж ахуйн нэгжүүд туршлагаасаа хуваалцсан юм.
Зөвлөгөөнд 21 аймаг, нийслэлийн Хөдөө аж ахуйн газар, их сургуулиуд, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд болон хоршоод, үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жинсгэнэ, мөөг, хүлэмжийн аж ахуй, эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг хамрууллаа.
Өнөөдөр буюу 2025.03.28-ны өдөр “Атрын IV аян”-ы хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн нэгдсэн зөвлөгөөн Дархан-Уул аймгийн Залуучууд театрын Их танхимд болно гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.