Дэлхий дахинд
Цахим орчинд төр засаг, ерөнхийлөгчөө үл хүндэтгэвэл торгуулна
ОХУ-ын төрийн дум нэгэн сонирхолтой хууль баталсан талаар The Guardian сонинд нийтэлжээ. Уг нийтлэлд дурдсанаар сошиал сүлжээнүүд буюу цахим орчинд төр засаг, засгийн газрын томоохон албан тушаалтнууд, ерөнхийлөгчийг үл хүндэтгэсэн зүйл нийтэлсэн иргэнд ял оноох хуулийг баталсан байна.
Шинэхэн батлагдсан хуулинд жишээлбэл, “цахим орчинд өөрийн улс, нийгмийн байгуулал, Оросын төрийн бэлгэ тэмдгүүд, үндсэн хууль, төрийн түшээ нарыг илэрхийгээр үл хүндэлж, доромжилсон утга бүхий сэтгэгдэл бичиж, зохисгүй үйлдэл гаргасан иргэнийг 100 000 хүртэл рублиэр торгох” йжай хэмжээ авна гэсэн заалт бий гэнэ. Уг зүйл заалтыг давтан үйлдсэн этгээдийн торгуулийн хэмжээг хоёр дахин нэмэх буюу 15 хоног хүртэл хорих ялаар шийтгэх аж.
ЗХУ-ын үед төр засагтаа тэрслэгч, эсэргүүцэгчид хорих ял оноодог байсан цаг үе рүүгээ буцсан явдал болж байна гэж уг хуулийг шүүмжлэх хүмүүс ч цөөнгүй байгаа аж.
Хуулийн заалт нь тодорхой бус байгаа бөгөөд эрх баригчдыг цахим орчинд шүүмжилсэн, ёжилсон ямар ч тохиолдолд энэ нь “үл хүндлэл”-д тооцогдож магадгүй байгаа юм.
Хуулийн төслийг анх санаачилсан “Нэгдсэн Орос” намын сенатор Андрей Клишас “төрийн түшээ хүн бусдаас тодорхой хэмжээний хүндлэл хүлээх ёстой. Тэрнээс бусдаар энэ хуулиар ямар нэгэн хяналт, хаалт тавихыг оролдоогүй” гэж тайлбарласан байна