Дэлхий дахинд
Японы тэргүүн баян биткоинд хөрөнгө оруулаад $130 саяыг алдсан тухай мэдээлжээ
Японы хамгийн баян хүнд тооцогддог Софтбанк группын үүсгэн байгуулагч, тэрбумтан Масаёши Сон биткоины ид халуурлын үед их хэмжээний хөрөнгө оруулаад том алдагдал хүлээжээ.
Тэрээр нийтдээ $130 сая орчмын алдагдал хүлээсэн болохыг ойрын эх сурвалж нь Wall Street Journal сэтгүүлд мэдээлсэн байна.
Масаёши Сон 2017 оны сүүлээр биткоины ханш оргил хэмжээндээ хүрч байх үед нэгэн алдартай криптовалютын шүтэн бишрэгчийн зөвлөсний дагуу хөрөнгө оруулсан гэнэ. Уг зөвлөгөөг өгсөн хүний хөрөнгө оруулалтын компанийг 2017 онд Софтбанк худалдан аваад байжээ.
2017 оны арванхоёрдугаар сарын дундуур биткоины ханш бараг $20,000 хүрээд байв. Масаёши Сон энэ үед худалдаж авсан криптовалютаа 2018 оны эхээр буюу ханш огцом унасан үед буцаан зарсан байна.
Яг хэр хэмжээний хөрөнгө оруулсан нь тодорхойгүй байгаа ч алдагдлын хэмжээ нь $130 саяд хүрснийг эх сурвалж баталжээ.
Өнөөдрийн байдлаар биткоины ханш $5,500 орчимд хэлбэлзэж байна.
Уг мэдээллийн талаар Софтбанк группын төлөөлөгчөөс тодруулахад Масаёши Соны өмнөөс тайлбар хийхээс татгалзжээ.
Эх сурвалж: Kyodo News