Дэлхий дахинд
Германд 85 хүний амийг бүрэлгэсэн сувилагч бүх насаар хоригдох ял сонслоо
2000-аад оны эхээр Германы хойд хэсгийн Олденбург, Делменхорст хотуудын эмнэлэгт сувилагчаар ажиллаж байхдаа 85 өвчтөний амийг хөнөөсөн этгээдэд өчигдөр шүүх бүх насаар хорих ял оноожээ.
Нильс Хёгел өвчтөнд зориудаар зүрх судасны асуудал үүсгэх тариа хийж хүндрүүлээд дараа нь сэхээж нэр хүнд олдог байсан гэнэ. Гэхдээ уг эрсдэлтэй үзүүлбэр нь тэр бүр амжилттай болдоггүй байснаас зарим өвчтөн амиа алддаг байжээ.
2005 онд хамт ажилладаг сувилагч нь түүний гэмт үйлдлийг анх мэдэж, хуулийн байгууллагад мэдээлж байжээ.
Тухайн үед Германы шүүх Хёгелд хүний амь хөнөөхийг завдсан хэрэг тулгаж, долоон жил шоронд хорих ялаар шийтгэж байсан юм. Гэвч өнгөрсөн хугацаанд түүний амийг нь бүрэлгэсэн хүмүүсийн тоо нэмэгдсээр 85 хүрсэн байна.
Өчигдөр Олденбург хотын шүүх 42 настай Нильс Хёгелд бүх насаар хорих ял оноожээ.
Түүний хохирогчдын нас 34-өөс 96-ын хооронд байсан байна. Хёгел нь дайнаас хойших Германы түүхэнд хамгийн олон хүний амь бүрэлгэсэн цуврал алуурчин болж байгаа юм.
Үүнээс гадна тус улсад өвчтэй, бусдын гарт байгаа хүмүүсийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах асуудал ямар эрсдэлтэй түвшинд байгааг харуулсан явдал болжээ. Цагдаа нар Хёгелийн амийг нь хөнөөсөн хүмүүсийн тоо 200-д хүрнэ гэж үзэж байна. Одоогоор батлагдсан нь 85 байгаа юм. Гэхдээ Хёгел тэдгээрийн 43-ыг нь л хүлээн зөвшөөрөөд байгаа бөгөөд үлдсэн 52 тохиолдлыг нь зүгээр л санахгүй байгаагаа прокурорт мэдүүлжээ.
Эх сурвалж: The Guardian