Дэлхий дахинд
Лондон хотод дэлхийн анхны 360 градусын харах өнцөгтэй усан санг байгуулна
Лондон хотын төвд зочид буудлын дээвэрт байрлах Infinity London усан сангийн зураг төслийг Compass Pools компани өчигдөр танилцуулжээ.
55 давхарт байрлах 600,000 литр багтаамжтай усан сан нь 360 градусын өнцгөөр Лондон хотыг бүхэлд нь харах боломжтойгоороо онцлог.
Усан сангийн хана, шалыг тусгай тунгалаг материалаар бүтээсэн тул сэлэгч нь Лондон хотыг төдийгүй, зочид буудлын дотоод амьдралыг нэвт харж чадах юм.
Усан санд орох, гарах ямар нэг ил шат байхгүй. Оронд нь шумбагч онгоцны хаалганы зарчим дээр тулгуурлан бүтээсэн шалнаасаа өргөгдөж гарч ирдэг мушгирсан хэлбэртэй шатыг суурилуулжээ.
Зохион бүтээгчдийн хамгийн их толгойгоо гашилгасан асуудал нь усан санд хэрхэн орох, гарах энэхүү шийдэл байсан гэнэ. Усны түвшин, дулаан зэргийг компьютержсэн системээр хянаж, тохируулах бөгөөд усыг нь халаахдаа зочид буудлын агааржуулагчаас гарсан хийг ашиглах ажээ.
Усан сангийн бүтээн байгуулалт 2020 онд эхлэх төлөвлөгөөтэй байна.
Эх сурвалж: CNN