Дэлхий дахинд
Ши Жиньпинийг өөртэй нь уулзахгүй бол дахин татвар нэмнэ гэж Трамп сүрдүүлэв
Энэ сарын сүүлээр төлөвлөгдсөн уулзалтад Ши Жиньпинийг ирэхгүй бол Хятадын импортын бараанд шинэ татвар оногдуулна хэмээн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр сүрдүүлжээ.
Зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Японы Осакад Их 20-ын уулзалт болох гэж байгаа бөгөөд энэ үеэр хоёр их гүрний удирдагчид уулзаж, худалдааны маргаанаа хэлэлцэх төлөвтэй байгаа юм.
Өчигдөр CNBC сувагт ярихдаа Трамп Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпинийг Их 20-ын уулзалтад оролцохгүй бол дахин $300 тэрбумын дүнтэй бараанд нь импортын татвар оногдуулна гэж ярьжээ.
Ши Жиньпинтэй уулзана гэж найдаж байгаагаа илэрхийлсэн Трамп “Хэрвээ тэр ирэхгүй бол намайг гайхшруулсан хэрэг болно. Ирэхгүй гэж би лав дуулаагүй юм байна” хэмээн ярьсан байна.
Өнгөрсөн сард Хятадын засгийн газрын төлөөлөгч хэвлэлд ярихдаа Трамп-Шигийн уулзалтын талаар ямар нэг мэдээлэлгүй байгаагаа хэлж байв.
Талуудын хооронд худалдааны хэмжээг тэнцвэржүүлэх яриа хэлэлцээр олон сар үргэлжилсэн ч өнгөрсөн сард мухардалд орж, зогсоод байгаа.
Тохиролцоонд хүрэхийн өмнөхөн Хятадын тал амлалтаасаа буцаж эхэлсэн гэж Вашингтон мухардалд хүрсэн шалтгааныг тайлбарлаж байна. Харин Бээжингийн төлөөлөгчид АНУ-ын талыг үндэслэлгүй нөхцөл тулгаж байгаа хэмээн буруутгажээ.
Одоогийн байдлаар Дональд Трамп $200 тэрбумын дүнтэй Хятадын бараанд импортын 25 хувийн татвар оногдуулаад байна. Хариуд нь Хятадын засгийн газар Америкийн $60 тэрбумын бараанд оноох татвараа нэмэгдүүлсэн.
Хэрвээ Трамп сая дурдсан $300 тэрбумын бараанд татвар оногдуулбал Хятадаас АНУ-д нийлүүлдэг бүх бараа бүтээгдэхүүн өндөр татвартай болно гэсэн үг юм.
Дональд Трамп ерөнхийлөгчөөр сонгогдсон цагаасаа эхлэн гадаад худалдааны алдагдлаа бууруулж, харилцан ашигтай худалдаа хийх нөхцлийг Хятадад төдийгүй өөрийн холбоотон Европын Холбоо, Канад, Мексикт тавьж байгаа.
Өчигдөр CNBC сувагт Трамп өөрийгөө АНУ-ын өмнөх ерөнхийлөгч нарын хийгээгүйг хийж байгааг бахархан ярихдаа тэднийг “нэг бол энэ асуудлыг ойлгодоггүй, нэг бол толгой нь хүрдэггүй байсан байх” гэж тайлбарлажээ.
Эх сурвалж: AFP