Дэлхий дахинд
#MeToo хөдөлгөөний хохирогч болохоос айсан Киану Ривз бүсгүйчүүдийн биед хүрэхээс татгалздаг болжээ
Гол дүрд нь тоглосон “John Wick: Chapter 3-Parabellum” киногоо саяхан дэлгэцэнд гаргасан Холливүүдийн од Киану Ривз бүсгүйчүүдтэй зураг татуулахдаа биед нь хүрэхээс зайлсхийдэг болсныг фэнүүд нь илрүүлжээ.
Үнэхээр 54 настай жүжигчний фэн эмэгтэйчүүд болон дуучин Долли Партонтай авхуулсан гэрэл зургуудад тэрээр гарын алгаа биед нь хүргэлгүй, дэлгэж зогссон байна.
Фэнүүдийн зарим нь Ривзийн энэ үйлдлийг эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлэгчидтэй тэмцэх #MeToo хөдөлгөөний хохирогч болохоос сэргийлсэн арга хэмжээ гэж дүгнэжээ.
Харин нөгөө хэсэг нь Киану Ривзийг эмэгтэйчүүдтэй зөв, хүндлэлтэй харьцах үлгэр жишээг үзүүллээ хэмээн магтсан байна.
Нэрт жүжигчний дэлгэсэн алгатай өвөрмөц “поз” нь “Харж байна уу? Би биед нь хүрээгүй шүү” гэсэн санааг шууд илэрхийлж байгаа юм.
Сүүлийн үед олны танил алдартай эрчүүд бүсгүйчүүдтэй хамт зургаа авхуулахдаа биеийн эмзэг хэсэгт нь зориудаар хүрсэн, хэтрүүлсэн гэх маргаан байнга яригддаг болоод байгаа.
Жишээ нь Обамагийн үед дэд ерөнхийлөгч байсан, 2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшихээр өрсөлдөж байгаа Жо Байденыг эмэгтэйчүүдийн биед зөвшөөрөлгүй хүрдэг гэсэн шүүмж яригдаж, дараа нь тэр уучлал гуйж байв. Өнгөрсөн онд талийгаач болсон “том” Буш ч гэсэн нас барахынхаа өмнөхөн ийм дуулианд нэр холбогдож байжээ.
Эх сурвалж: People