Дэлхий дахинд
Зукербэргийн хуурамч видеогоор Фэйсбүүк компанийн тэвчээрийг шалгажээ
Фэйсбүүкийн гүйцэтгэх захирал Марк Зукербэргээр хэлээгүй үгийг нь хэлүүлсэн видео бичлэгийг бүтээснээ хэсэг уран бүтээлчид өчигдөр Инстаграм сүлжээнд нийтэлжээ.
Ингэхдээ “deepfake” гэж нэрлэгддэг хиймэл оюуны технологийг ашигласан байна. Уг технологийн тусламжтайгаар дурын хүнээр хүссэнээ яриулж, хийлгэж буй хуурамч видеог бүтээж болдог.
Хуурамч дүрс бичлэг дээр Зукербэрг “Хэдэн тэрбум хүний хувийн нууц, амьдрал, ирээдүйн тухай хулгайлагдсан мэдээллийг ганцхан хүн хянаад сууж байна гэж төсөөлөөд үз. Энэ бүх боломжийг надад Spectre олгосон. Мэдээллийг хянаж байгаа хүн ирээдүйг хянаж чадна гэдгийг Spectre надад ойлгуулсан юм” хэмээн ярьжээ.
Хуурамч видеог Билл Постерс, Даниэл Хауи гэсэн хоёр уран бүтээлч хийсэн байна.
Spectre бол дижитал технологийн хүч нөлөөг харуулсан инсталляц төрлийн уран бүтээлийн нэр бөгөөд саяхан нэгэн үзэсгэлэнгийн үеэр нийтэд танилцуулж байсан юм.
Хуурамч видео нь ямар нэг хууль бус агуулгагүй тул Инстаграм сүлжээнээс устгахгүй гэдгээ Фэйсбүүк компанийн төлөөлөгч мэдээлжээ.
Өнгөрсөн сард АНУ-ын төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пелосиг согтуу үг хэлж байгаагаар харуулсан хуурамч видео Фэйсбүүк сүлжээнд тарж, Дональд Трампын өмгөөлөгч Руди Жюлиани түүнийг нь дагагчдадаа дамжуулсан хэрэг гарч байв.
Олон сая хүний үзсэн энэхүү видеог Фэйсбүүк компани үйлчилгээний журмыг нь зөрчөөгүй тул устгахаас татгалзаж байжээ. Гэхдээ сүүлд уг видеоны тархалтыг зориудаар бууруулах арга хэмжээг тус компанийн зүгээс авсан юм.
Тэгвэл энэ удаа мэргэжилтнүүд Зукербэргийн хуурамч видеог адилхан аргаар бүтээснээ сүлжээнд нь тарааж Фэйсбүүк компани асуудалд ялгавартай ханддаг эсэхийг нь шалгасан байна.
Эх сурвалж: The Guardian