Эдийн засаг
1.7 их наяд ам.долларын зах зээлтэй хийх чөлөөт худалдааны хэлэлцээр Монгол Улсад ямар өгөөжтэй вэ?
Монгол Улс ээлжит чөлөөт худалдааны хэлэлцээрийг БНСУ-тай байгуулахаар судалгааны ажлаа дуусгаад, хоёр орны Засгийн газарт танилцуулахаар зэхэж байна.
Энэ хэлэлцээрийг Монгол Улсад ямар өгөөжтэй вэ гэдгийг бичихийн өмнө зарим чухал тоо баримтыг хүргэе.
Хүснэгт 1. Хятадын зах зээл дэх хямд үнэтэй экспорт (нэг тонн тутамд, ам.доллараар, 2018 оны дундаж үнэ)
БНХАУ-ын импортын дундаж үнэ | БНХАУ-ын Монгол Улсаас импортолж буй үнэ | |
Нүүрс | 65 | 37 |
Төмрийн хүдэр | 70 | 47 |
Зэсийн баяжмал | 1,658 | 1,465 |
Түүхий нефть | 400 | 306 |
(Тайлбар: Энэ нь Монгол Улсын нэгдэн орсон Дэлхийн худалдааны байгууллага, НҮБ-ын Худалдаа хөгжлийн байгууллагын дата серверт байгаа Хятад улсын дата мэдээлэлд тулгуурлан шинжилгээ хийсэн тоонууд болно. Эх сурвалж: Монголбанк, ГХЯ)
Энэ бол БНХАУ бусад улсаас түүхий эд импортолдог үнэ болон Монголоос импортолж байгаа үнийн ялгаа.
Бусад орны жишгээс доогуур үнээр бид тус улсад түүхий эдээ зарахгүй байя гээд өөр улсад борлуулах боломжгүй. Шалтгаан нь мэдээж газар зүйн байршил, тээвэрлэлт ба түүний зардал.
Гадаад худалдааны энэ зөрүүгээс Монгол Улс жилд 1.2 тэрбум орчим ам.доллар алддаг гэсэн тооцоог МУИС-ийн профессор, судлаач Н.Батнасан гаргажээ. Энэ нь манай улсын жилдээ авдаг гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламжийн хэмжээнд дөхөж очих дүн гэдгийг тэрбээр тодотгосон юм. Гэвч бидэнд одоогоор өөр сонголт үгүй байгаа юм.
Хоёр орноос хэт хараат байгаа гадаад худалдаагаа өргөжүүлэх нэг гарц нь чөлөөт худалдааны хэлэлцээр бөгөөд Монгол анх удаа энэ хэлэлцээрийг Япон улстай 2016 онд хийсэн.
Түүнээс хойш хоёр жилийн хугацаанд хоёр орны худалдаа 30% өссөн бөгөөд Япон улсыг чиглэсэн Монголын экспорт 46% өссөн гэдгийг Монгол Улс дахь Японы Элчин сайд Масато Такаока танилцуулсан юм.
Хэдийгээр манай экспорт ийнхүү өссөн ч Япон улстай хийсэн чөлөөт худалдааны хэлэлцээрээс Монгол Улсын худалдааны алдагдал улам өссөнийг график 3-аас харж болно.
Масато Такаока “Эдийн засгийн түншлэлийн давуу талыг компаниуд ашиглах хэрэгтэй. Энэ хэлэлцээр зөвхөн мөнгөнөөс гадна олон давуу тал олгоно. Нэгэнт Монголын компани Японы зах зээлд нэвтэрч чадсан бол тэр бүтээгдэхүүн дэлхийн бусад бүх улсад гарах боломжтой болно” гэдгийг цохон хэлсэн.
Хэдийгээр нийт худалдааны эргэлтийн дүн өссөн ч монголчуудын гаргаж буй бүтээгдэхүүний үнээс импортолж байгаа нь давж байгаа гэсэн үг.
Тухайлбал, 2015 онд Япон улсад бид өлөн гэдэс, зэсийн хүдэр, хувцасны сүлжмэл бэлэн эд анги, тусгай зориулалтын машин механизм, төхөөрөмж зэргийг экспортолж байсан бол 2018 онд свитер, пуловер, джемпер, жилет болон бусад сүлжмэл гадуур цамц, толгойн алчуур, ороолт (оёмол), хөнгөн цагаан тусгай зориулалтын машин механизм, төхөөрөмж зэргийг гаргажээ.
Нөгөө талд, импорт хэрхэн өссөнийг ганцхан бүтээгдэхүүний жишээгээр харж болохоор байна. 2015 онд манай улс Японоос 33,825 суудлын авто машин импортолж байсан бол энэ тоо 2018 онд 59,918 болж нэмэгджээ.
Өөрөөр хэлбэл, бидний импорт нэмэгдээд байгаа ч эскпортолж байгаа бүтээгдэхүүний тоо төрөл санасан хэмжээнд хангалттай өсөөгүйг эдгээр тооноос харж болох нь.
БНСУ-тай байгуулах хэлэлцээрээ ашигтай байдлаар хийж чадах уу?
БНСУ бол Монгол Улсын худалдааны тав дахь том түнш. Тус улсын эдийн засаг 1.7 их наяд ам.доллар буюу манай улсаас 1,000 илүү дахин том, ДНБ-ээрээ дэлхийд 11 дүгээрт бичигддэг том орон. Нэг хүнд ногдох ДНБ 32,000 ам.доллар ба нийт худалдааны эргэлт нь 1.0 их наяд гаруй ам.доллар.
Дэлхийн ес дэх том импортлогч энэ улс бусад орноос юу худалдан авдаг вэ?
-
ХАА-н бүтээгдэхүүн
- Хүн ам ихтэй, ХАА-н салбар нь дотоодын хэрэглээгээ хангаж чаддаггүй
- ХАА-н салбараа өргөжүүлэх, хөгжүүлэх боломж хязгаарлагдмал
- Хүн амын хэрэглээний шаардлага/стандарт өндөр
2. Төмөр болон ган
- Автомашины үйлдвэрлэл
- Барилга зам гүүр
- Хөлөг онгоцны үйлдвэрлэл
3. Кокс
- Металлург: төмөр, зэс
4. Зэс
- Электроникс
- Машины үйлдвэрлэл
- Барилга
- Мэдээлэл, харилцаа холбоо
Эндээс харахад хэрэв Монгол Улс тээвэрлэлтээ шийдчихвэл экспортын тэргүүлэх бүтээгдэхүүнүүдээ тус улсад борлуулах бүрэн боломжтой ажээ.
Гэвч тээврийн зардал маш өндөр буюу тухайн түүхийн эдийнхээ дэлхийн зах зээлээс давсан өртөгтэйгөөр очихоор байгаа аж. Тухайлбал, 60 ам.долларын ханштай нүүрсийг Япон руу тээвэрлэхэд 180 ам.доллар болж очих бол төмрийн хүдрийн ханш мөн л 2-2.5 дахин өсөж очих судалгаа байна.
Ийм үнээр мэдээж ашиггүй наймаа хийх улс байхгүй тул бид хоёр улсаас хараат байдлаа бууруулж, хэд хэдэн түнштэй болохын тулд түүхий эдээ эндээ боловсруулж, овор хэмжээг нь багасгаж, тээврийн ая дааж, өртөг нөхөх хэмжээний болгох нь хамгийн зөв гарц хэмээн судалгааны баг үзжээ.
Одоогоор БНСУ-тай хийдэг манай худалдаа мөн л алдагдалтай. Энэ алдагдал чөлөөт худалдааны хэлэлцээр хийж эхэлснээр нэмэгдэх хандлагатай ч худалдааны гэхээсээ илүү хөрөнгө оруулалт, технологийн дэвшил татах нь худалдааны ашгаас илүүтэй боломж хэмээн албаныхан харж байгаа аж. Тэр дундаа аж үйлдвэрийг хөгжүүлэх, технологийг олон жил ашиглах, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, экспортоо дэмжих боломжийг энэ хэлэлцээр олгоно хэмээн тооцоолжээ. Японтой хэлэлцээр хийх үеэр ч мөн ингэж л өөдрөг харж байсан.
График 4. БНСУ-тай хийж буй Монгол Улсын худалдаа (2015-2016 ба 2017-2018)
Тус улсад 2018 оны байдлаар Монгол Улс голчлон зэсийн хүдэр болон молибдены хүдрийн баяжмал, сүлжмэл эдлэл, хүрэм, бэлэн эд анги зэргийг гаргадаг бол импортоор сигар, янжуур, нефтийн бүтээгдэхүүн болон авто техник, ачааны машин авдаг байна.
Уг нь манай улсын экспортын гол түүхий эд болох нүүрс, зэс, төмрийн хүдрийн том хэрэглэгчид бол тус улсын эдийн засгийг бүрдүүлэгч үндсэн салбарууд болох электроникс, авто машин, хөлөг онгоц үйлдвэрлэгч болон зам барилгынхан. Тодруулбал, БНСУ
- Гангийн үйлдвэрлэлээр дэлхийд зургаадугаарт
- Автомашин үйлдвэрлэлээр тавдугаарт бичигдэж байгаа бол
- Электроникийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч 10 компанийн хоёр нь БНСУ-ынх байна.
Эдгээр гурван төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч найман компани нь БНСУ-ын Топ-10 импртлогчид багтдаг бөгөөд тус улс импортоороо дэлхийд есдүгээрт буюу жилд 535.2 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн авдаг. Импортын гол нэрийн бүтээгдэхүүнийг дэлгэрүүлж жагсаавал:
- Эрдэс түлш
- Үйлдвэрлэлийн цахилгаан машин, тоног төхөөрөмж
- Тоног төхөөрөмж
- Оптик
- Ган ба төмөр
- Хүдрийн баяжмал
- Хөнгөн цагаан
- Нэхмэл сүлжмэл
- Зэс, түүгээр хийсэн эдлэл
- Мах, махан бүтээгдэхүүн
- Үр тариа
- Үнэт металл, гоёлын зүйлс буюу Монгол Улсаас авах боломжтой, тэр тусмаа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломж байхын хувьд байна.
Гагцхүү энэ нь Монгол Улс хэлэлцээрээ өөрт ашигтай байдлаар хийж чадах эсэхээс хамаарах юм.
Япон улстай хийсэн худалдааны хэлэлцээрээс авах сургамж
Гаднын хөрөнгө оруулагчдын хамгийн их сонирхож буй гурван салбарын нэг нь хөдөө аж ахуй гэдгийг ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дарга В.Энхболд хэлсэн. Энэ төрлийн бүтээгдэхүүнд БНСУ 50 гаруй хувийн татвар ногдуулж байгаа бол Япон 20 орчим, Хятад гэхэд 17, Орос 10 орчим хувьтай байгаа аж. Эл татварыг бууруулж, тэглэх ганц арга нь Чөлөөт худалдааны хэлэлцээр.
Гэвч хэлэлцээрийн ард бас нэг хүндрэл байдаг нь стандарт. Хэдийгээр БНСУ манай бүтээгдэхүүнүүдийг зах зээлдээ нэвтрүүлэх боломж олдсон ч тухайн улсын стандартад бид нийцүүлж чадахгүй бол хэлэлцээрийн үр дүн үл гарна. Улам илүү алдагдалд хөтөлнө гэсэн үг.
Япон улстай хийсэн чөлөөт худалдааны хэлэлцээрээс ахиу ашиг хүртэж чадахгүй байгаагийн нэг гол шалтгаан нь энэ. Тухайн улс Монголоос авах бараа бүтээгдэхүүнийг татваргүй оруулахдаа аливаа бүтээгдэхүүний бүх түүхий эдийн дийлэнх хувь нь Монголынх байх ёстой гэсэн шаардлага тавьсан. Харамсалтай нь манай улс үйлдвэрлэгч орон биш учир үүнд нь бүдэрч буйг судлаачид хэлдэг. Хэлэлцээ хийхээс өмнөх үеийг бодоход чацаргана, гоо сайхны гэх мэт шинэ төрлийн бүтээгдэхүүн гаргах болсон ч тэр нь маш бага хувь эзэлж байгаа тул ГЕГ-ын тайланд “бусад” гэсэн ангилалд л бичигдэж байна.
Иймд Япон улстай хийсэн хэлэлцээрээс сургамж авч, хөрөнгө оруулалт, технологи, техник нэвтрүүлэх байдлаар гэрээгээ хийж чадахгүй бол хэчнээн ч улстай хамтран ажиллаж, татвараа тэглээд Монгол Улсын гадаад худалдаа ашигтай байж чадахгүй гэдгийг бодолцох хэрэгтэй болов уу.
БНСУ-тай Монгол Улс дэлхийн зах зээл дээр мэдээж өрсөлдөхгүй.
Харин аль аль талаа нөхөн хамтрах боломжтойг гэдгийг судалгааны багийнхан хэлсэн бөгөөд эдийн засгийн дээр дурдсан үзүүлэлтүүд ч харуулж байна. Эхний ээлжинд судалгааны ажлын хэсэг хоёр улсын хамтарсан судалгааны үр дүнгүүдийг Засгийн газрууддаа танилцуулна. Цаашлаад УИХ-аар хэлэлцүүлнэ. Үүний дараа хэлэлцээрийн ажлын хэсэг байгуулагдаж, мэргэжлийн байгууллагуудаа сонсож, санал авч, эцсийн тохироонуудыг хийж, зөрүүтэй байр сууриа нэгтгэснээр Чөлөөт худалдааны хэлэлцээр батлагдах дараалалтай.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.