Дэлхий дахинд
Польш дахь Трампын нэрэмжит цэргийн баазад АНУ 1,000 цэрэг нэмж илгээнэ
Өчигдөр Польшийн ерөнхийлөгч Андрей Дудаг хүлээн авч уулзсан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тус улсад 1,000 цэрэг нэмж байрлуулахаа амлажээ.
Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр Дуда “Орос улс дахин түрэмгий, дайсагнагч, эзэнт гүрний нүүр царайгаа харуулж эхэллээ. Энэ улс манай газар нутагт үргэлж санаархсаар ирсэн” гэж хэлээд Москвагийн түрэмгийллийн эсрэг зогсохын тулд Өрнөдтэй хамтран ажиллах нь Варшавын хувьд чухал болохыг онцолжээ.
Өчигдөр тэд хоёр орны батлан хамгаалах салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, АНУ-д үйлдвэрлэсэн F-35 сөнөөгч онгоцыг Цагаан ордны дээгүүр нисэн өнгөрөхийг хамтдаа үзэж сонирхжээ.
Польшийн ерөнхийлөгч өөрийнх нь газар нутагт байрлах АНУ-ын цэргийн баазад “Fort Trump” хэмээх нэрийг өгөх төлөвлөгөөтэй байгаагаа энэ үеэр дуулгасан байна.
2014 онд Орос улс Крымийн хойгийг өөртөө нэгтгэсний дараа 2016 оноос эхлэн NATO-гийн хамтын ажиллагааны хүрээнд АНУ цэргээ Польш улсад байрлуулах болсон юм.
Тэгвэл энэ удаа хүчийг нь зузаатгаж, дахин 1,000 цэрэг илгээхээр болж байна.
Дональд Трамп уулзалтын үеэр хэлэхдээ “Би Польш улсыг ОХУ-тай сайн харилцаатай байгаасай гэж хүсдэг. Манай улс ч Оростой харилцаагаа сайжруулах хүсэлтэй” гэжээ.
Энэ сарын сүүлээр Японы Осакад болох Их 20-ын уулзалтын үеэр Трамп ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай уулзах төлөвтэй байгаа юм.
Тиймээс чухал уулзалтын өмнө Москватай харилцаагаа сайжруулах хүслээ Трамп ингэж илэрхийлсэн бололтой.
Эх сурвалж: Reuters